Өрийн сүлжээнд нэгдсэн "Гэрэгэ"

Монгол Улс олон улсын зах зээлд 800 сая ам.долларын бонд арилжсан нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа. Уг бондыг 5.625 хувийн хүүтэй гаргасан нь сүүлийн жилүүдийн хамгийн доод түвшин байсан гэж тодотгож болно. Манай улс ирэх он гарангуут “Чингис” бондын 500, зургадугаар са­рын эцэст “Дим сам” бондын нэг тэрбум юань (161.2 сая ам.доллар)-ийн төлбөр хийх хуваарьтай. Эдгээр бондыг дахин санхүүжүүлэхийн тулд өмнөх долоо хоногт “Гэрэгэ” бондыг арилжсан хэрэг. Манай ул­сын зээлжих зэрэглэлийг олон улсын үнэлгээний агентлагууд тогтвортой гэж үнэлсэн, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үргэлжлэх нь тодорхой болсон, эхний үнэлгээ эерэг гарч, өмнө нь хөрөнгө оруулагчидтай уулзаж, мэдээлэл өгч байсантай холбоотойгоор бондын захиалга их ирж, хүүг нь бууруулж чадсаныг эх сурвалж хэлж буй. Үүнээс гадна Японы Төвбанк бодлогын хүүгээ хасах болгосон, Европын Төвбанк бонд худалдан авах хөтөлбөрөө үргэлжлүүлсэн зэргээс шалтгаалж хөгжиж буй манайх шиг орнуудад зах зээл энэ жил ээлтэй байгаа юм. 2012 онд “Чингис” бондыг худалдан авах саналыг 627 захиалагч ирүүлсэн нь 15.5 тэрбум ам.долларт хүрч “рекорд” тогтоож байлаа. Энэ удаа “Гэрэгэ” бондыг худалдан авах 5.5 тэрбум “ногоон”-ы захиалга ирүүлж, дийлэнх буюу 77 хувийг нь хөрөнгийн удирдла­гын компаниуд худалдан авчээ. Тэгэхээр “Гэрэгэ” бондын илүү захиалга “Чингис”-ийнхтэй дө­хөж очсон гэж хэлж болох нь. Энэ нь итгэл нь сэргэсэн хөрөнгө оруулагчид манай улсын бондыг худалдан авахад “гар татахгүй” гэдгийг илтгэж буй юм. Монгол Улс ийнхүү хагас жилийн өмнө найм, өнгөрсөн онд хоёр оронтой тоогоор хэмжигдэхүйц хувийн хүүтэйгээр бонд арилжиж бай­сан бол энэ удаа 5.625 болгон бууруулж чадлаа.

Зарим хүн бондын эргэн тө­лөлтийг дотоодын нөөц бололцоо­гоо дайчлаад төлж болох байсан гэж буй. Монгол Улсын гадаад валютын нөөц наймдугаар са­рын эцсийн байдлаар 1.59 тэрбум ам.долларт хүрснийг Монголбанк саяхан мэдээлсэн. “Чингис” бон­дын эхний төлбөр 500 сая “но­гоон”-ыг валютын нөөцөөсөө төлбөл гуравны нэгийг нь өгчих тул долларын ханшийг дарж чадахгүйд хүрэх байв. Бондын төлбөрийг төсвөөсөө нэг дор хийх нь эдийн засагт шок үүсгэх талтай. Нөгөөтэй­гүүр, Америк, Япон гээд улс орнууд бондын дахин санхүүжилт хийдэг байна. Азиас гэхэд Филиппин, Индонезийг дурдаж болно. Филиппин улс 30 гаруй бонд гаргасан, түүнийгээ эргэн төлж, жил ирэх бүр хүүг нь бууруулдаг байна. Өнгөрсөн онд тус улс гу­рав орчим хувийн хүүтэй бонд арилжжээ. Тэгэхээр бондоо дахин санхүүжүүлж, эргэн төлөх хуваариа “жигдэлж”, өрийн менежмент хийдэг байх нь.

Монгол Улсын хувьд шинэ бонд арилжин, өрөө “хойш нь шидсэнээр” дефольтоос сэргийлж чадлаа гэж буй. Бас төлбөрийн тэнцэлд эерэг нөлөөтэй хэмээн эдийн засагчид тооцож байгаа. Гэвч сай­ныг дурдахын хажуугаар санах, тодруулах зүйлс бий. Тухайлбал, “отгон” бондыг боломжийн хүүтэй арилжиж чадсан ч өрийн дарамт нэмэгдэж буйг мартаж болохгүй. Түүнчлэн бондуудын зарцуулалт хэр оновчтой, үр өгөөжтэй байгаа вэ гэсэн асуултын хариултыг хэн өгөх вэ. Наанадаж “Чингис”, “Дим сам” бондыг дахин санхүүжүүлээд, “Гэрэгэ” бон­доос үлдэх мөнгийг юунд зарцуулах вэ? Ирэх лхагва гаригт Монголын дансанд орж ирэх “Гэрэгэ” бон­доос өмнөхөө дахин санхүүжүүлж, хүүгийн төлбөр хийгээд үлдэх мөнгийг хэрхэн зарцуулахыг ший­дээгүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, банкуудад байршуулах уу, төсөвт шилжүүлэх үү гээд хэрхэх нь тодорхой бус байгаа юм. 

Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон ул­сын зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бонд арилж­саны дараа тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж байв. Тэрбээр “Бонд гаргах болсон шалтгаан нь УИХ-ын тогтоолын дагуу их бүтээн байгуулал­тын хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдүүлэх, Монгол Улсын жишиг хүү хэд юм бэ гэдгийг тог­тоох байсан. Үүний дагуу нэн даруй барьж байгуу­лах шаардлагатай буй уул уурхай, авто зам, эрчим хүч, орон сууцны дэд бүтэц, төмөр замын томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ” хэмээж байжээ. Мөн нэг ам.доллар зарцуулаад, хоёр “ногоон” олох төсөлд оруулах нь зүйтэй гэж Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн зөвлөмжид тусгасны дагуу зар­цуулна хэмээн тодотгож байжээ. Тэр үед бондын хөрөнгийг юунд зарцуулах, төслийг хэрхэн сонгох, тэдгээрийн хэрэгжилтэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, үндсэн төлбөр болон хүүг бараг­дуулах, түүнийг төсвийн эх үүсвэртэй уялдуулахад Төсвийн байнгын хороо хяналт тавина гэж байв. Гэвч Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс анхлан босгосон мега зээлийн зарцуулалт, төслүүдийн явц, үр нөлөөг тоо баримттайгаар хан­галттай тайлагнасан уу гэвэл үгүй. “Чингис” бон­дын хүүнд төсвөөс жилд 70 гаруй сая ам.доллар төлж байгаа гэж шуугисан нь ч намжиж орхиж. 

Хүнтэй зүйрлэвэл бадар барьж бусдаас зээл ав­чихаад, өлсөж байсан хүүхдүүддээ хоол авч өгсөн юм уу, дэлгүүр хэсээд дуусгачихсан уу, эсвэл ор­логоо нэмэгдүүлж чадсан уу? Арилжааны банкны олгож чаддаггүй урт хугацаатай зээлийг авсан аж ахуйн нэгжүүдийн төсөл, хөтөлбөр хэр өгөөжтэй буйг мэдээлж баймаар байна. Хөгжлийн банкны мэдээлж буйгаар “Чингис” бондын санхүүжил­тээр орон нутгийн болон нийслэлийн авто зам, инженерийн дэд бүтэц, “Гудамж”, “Буянт-Ухаа” I, II орон сууцны хороолол, “Монголын төмөр зам” ТӨХК, МИАТ “Боинг 767” онгоц худалдаж авах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Эгийн голын усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, хөн­гөн үйлдвэрийн таван салбарын төсөл, Хөх цавын цемент-шохойн, “Монцемент”, Байшин үйлдвэрлэх комбинат, барилгын арматурын үйлдвэрийн төс­лүүдийг санхүүжүүлжээ. Хөрөнгийн дийлэнхийг үр ашгаа багагүй хугацааны дараа өгөх, дэд бүтцийн төслүүдэд хуваарилсан гэж хэлэх хүн байж магад­гүй. Гэвч эргэн төлөх болон үр өгөөжийнх нь талаар хангалттай мэдээлэл өгөх хүн алга. Аймгуудын тө­вийг нийслэлтэй холбосон, Улаанбаатарын авто замын уулзваруудыг шинэчилсэн зэрэг нийгмийн шинж чанартай төслүүд хэрэгжүүлсэн гэж хэлж болох ч “Энэ төсөл ийм үр өгөөжтэй байсан” гээд санхүүгийн тооцоог нь ам бардам өгүүлэх жишээ дурдсангүй. Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төрийн өмчийн ямар компаниуд авсныг нэр устай нь, эргэн төлөлт, үр нөлөөтэй нь тайлагнасан нь ч үгүй. Тус банкны бондыг Засгийн газрынхаар со­ лих саналыг хөрөнгө оруулагчдад тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хөгжлийн банкны 476 сая ам.долларын (580 сая ам.долларын 82 хувь) бонд эзэмшигчид Засгийн газрын шинээр гаргасан “Ху­ралдай” бондоор солихыг зөвшөөрсөн юм. 600 сая ам.долларын “Хуралдай” бондын хүү 8.75 хувь бай­сан бол Хөгжлийн банкных үүнээс доогуур буюу 5.75 байсан. “Хуралдай”-гийн хүү санал болгосон хамгийн бага дүн гэдгийг тухайн үед мэдээлж бай­ сан ч таван жилийн өмнөхөөс гурван хувиар илүү бонд “өлгийдөн” авч байж өрөө дарсан хэрэг. 

Ийнхүү Монгол Улс Хөгжлийн банкны, “Дим сам” болон “Чингис” бондын 500 сая ам.долларыг да­хин санхүүжүүллээ. Улмаар 2021 он хүртэл бондын төлбөрөөс үүдэлтэй дефольтын эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн гэж буй. Он гарангуут төлөх өрийн “том уул”-ыг ийн давж, дарамтыг нь алсруулж, амьс­гаа авахтайгаа болсон ч дээрх хугацаа хүртэл ор­лого бүрдүүлж, төсвийн алдагдлаа багасгахгүй бол сорилтууд хүлээсэн хэвээр. 2021 он хаалга тогши­ход бас л дахин санхүүжилт гэсээр, бондуудын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй хэвээр байхгүйн тулд тэр шүү дээ. Хэдий хөрөнгө оруулагчид Монголыг эргэн сонирхож буй, зээлжих зэрэглэл тогтвортой байгаа ч ДНБ-ий өндөр өсөлтийн буухиа тасарсан энэ үед бонд арилжихын өмнө “Юунд зарцуулах вэ?” гэдэг асуултын хариулт нь бэлэн байдаг, төлбөрөө хийх гэж нэгнээс нь нэгийг “төрүүлэх” бус, өр дарах хувилбаруудтай болмоор байна. Бондуудын мөнгөө үр өгөөжтэй зарцуулж чадахгүй аваас олон бонд гаргасан ч зөв ашигладаг улсуудтай барьцаад хэрэггүй. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)