Өрийн дарамтыг хоёр дахин нэмэх тодотгол

...Өр тавьж, дарамтыг нь нэмэх нь бодлогын муу сонголт. Гэвч эдийн засгаа их хэмжээгээр агшаах нь түүнээс муу сонголт билээ. Хэзээ ч тохиолдож мэдэх хямрал, эрсдэлийг давах хуримтлалгүй, авдартаа алт хадгалаагүй Монгол Улс хоёр муугийн арай дээрийг нь сонгож байна...

УИХ энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Хуулийн дагуу 2020 оны төсвийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө баталсан. Тухайн үед дэлхий дахинд коронавируст халдварын цар тахал тархаагүй байв. Цар тахал гарснаар дэлхийн эдийн засгийн орчин огцом өөрчлөгдсөн. Монгол Улсын эдийн засгийн орчин ч өөрчлөгдсөнийг бид бүхэн мэдэрсэн. Төсвийн орлого, зарлагад гэнэтийн өөрчлөлт гарч, өмнөх онд төсөөлж байсан эдийн засгийн тооцооллуудын дийлэнх нь зөрсөн юм. Тиймээс “Ковид-19” өвчнөөс шалтгаалсан эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан төсвөө тодотгох гэж байна. Мөн УИХ-ын сонгуулийн үр дүнгийн дагуу шинээр эмхлэн байгуулсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Мэдээжийн хэрэг энэ нь төсвийг тодотгох нэг үндэслэл болно.

Засгийн газраас нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд, нийт зарлага 14.6 их наяд төгрөг байхаар төсөөлжээ. Ингэснээр төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэв. Энэ оны төсвийг анх батлахдаа 11.7 их наядын орлого, 13.8 их наяд төгрөгийн зарлагатай байхаар тусгасан. Ийм тооцооллын дагуу төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцээд байсан юм. Гэвч дээр дурдсанчлан “Ковид-19” бүх тооцооллыг “эвдлээ”.

Цар тахлаас шалтгаалан төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр буурах нь тодорхой болжээ. Тэгвэл зарлага нь 800 тэрбум төгрөгөөр өсөв. Төсвийн тодотголын төслийг хийхдээ өмнө нь гаргана гэж тооцоолсон зарлагаа нэлээд танажээ. Тодруулбал, төсвийн хөрөнгө оруулалтын зарлагыг 500 тэрбумаар бууруулж, 1.3 их наяд төгрөгт хүргэсэн байна. Мөн улсын нэгдсэн төсвийн урсгал зардлаас 118 тэрбум төгрөг танажээ. Өөрөөр хэлбэл, төсөвт байгууллагын эд хогшлоо шинэчлэх, дарга нар нь шинэ машин худалдан авч унах зардлыг танасан гэсэн үг. Өмнө нь зарцуулна гэж тооцоолж байсан дүнгээс 700 орчим тэрбум төгрөг танаад буй нь энэ.

Гэтэл яагаад төсвийн тодотголд зарлагыг 800 тэрбум төгрөгөөр өсгөчихсөн юм бэ гэсэн асуулт ургана. “Ковид-19”-өөс шалтгаалан нийгмийн халамжийн зардлыг нэмсэн. Хүүхэд бүрт сар тутамд олгодог 20 мянган төгрөгийг энэ оны дөрөвдүгээр сараас хойш 100 мянган болгон нэмэгдүүлсэн. Нийгмийн халамжийн мөнгийг 100 мянган төгрөгөөр өсгөсөн. Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан үйл ажиллагаагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалж байгаа зарим аж ахуйн нэгжид төсвийн дэмжлэг үзүүлж буй. “Ковид-19” өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө зарцуулж байгаа. Эрүүл мэндийн сайдын зарцуулах хөрөнгийг 100 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, “Ковид-19” туссан иргэдээ анагаах, энэ өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хямралын үед иргэдийнхээ орлогыг хамгаалахын тулд 1.5 орчим их наяд төгрөгийн зардал гаргахаар төлөвлөөд байна гэсэн үг.

Төсвийн орлого буурсан гол шалтгаан нь уул уурхайн түүхий эдийн экспортын хэмжээ багассан явдал гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон. “Өмнө нь баталсан төсөвт олон улсын зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг тонн тутамд 5991, нүүрснийхийг 75-125 ам.доллар байхаар тооцож, уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоолсон. Үүний 46.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгийн орлогыг нүүрс, 36.3 хувь буюу 1.16 их наяд төгрөгийн орлогыг зэсээс, 16.9 хувь буюу 540.7 тэрбум төгрөгийн орлогыг бусад ашигт малтмалаас бүрдүүлэхээр тооцсон. Гэвч олон улсад тархаад байгаа коронавируст халдварын цар тахлын нөлөөгөөр эхний хагас жилд дэлхийн эдийн засгийн идэвхжил удааширч, улмаар зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом савлалаа. Энэ оны эхний хагаст зэсийн үнэ тонн тутамд дунджаар 5489.6 ам.долларт хэлбэлзсэн. Мөн коронавируст халдварын цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспортын гол боомтуудаар нэвтрэх машины тоо буурч, эхний хагас жилийн байдлаар 8.7 сая тонн нүүрс экспортолсон. Ингэснээр нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээ болох 42 сая тоннд хүрч чадахгүйд хүрэв. Иймд уул уурхайн салбарын орлого төлөвлөсөн хэмжээнээс 498 тэрбум төгрөгөөр буурч, 2.69 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн нийт орлогын 26 хувийг бүрдүүлэхээр тооцлоо” гэж Сангийн яамныхан тайлбарлажээ. Төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарсны тэн хагас нь уул уурхайн салбараас шалтгаалжээ. Үүнээс гадна хувийн хэвшилд ажиллагсдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, жижиг аж ахуйн нэгжүүдийн татварыг тэглэсэн шийдвэр төсвийн орлого буурахад нөлөөлсөн нь дамжиггүй.

Энэ удаагийн төсвийн тодотголын анхаарал татах гол асуудал нь өндөр хэмжээний алдагдал юм. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай төсөв батлахаар зэхэж буйг зарим улстөрч шүүмжилж байна. Нэгэнт төсвийн орлого багассан учраас түүнд тохируулан төсвийн зардлаа танаж болно. Ингэвэл төсвийн алдагдал буурч, аль хэдийн өндөр хэмжээнд хүрсэн өрийн дарамт нэмэгдэхгүй. Гэвч бодлогын ийм сонголт хийх нь зохимжгүй. Төсвийн зардлыг танах тусам эдийн засгийн хямрал гүнзгийрнэ. Тиймээс зардлаа танахаас илүү нөхцөл байдалтайгаа уялдуулан яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэдгийг бодох ёстой. Нүүрсний экспортыг өсгөх арга хэмжээ авах нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэг гарц. Засгийн газраас “Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөснийг Сангийн сайд дуулгалаа.

Манай улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар буурав. Дотоодын нийт бүтээгдэхүүн зургаагаас дээш хувиар өсвөл эдийн засаг эрүүл байна гэж үздэг. Тэгэхээр манай эдийн засаг аль хэдийн “өвчин” тусжээ. Өвчнийг анагаах “эм” нь төсвийн зардлаа тэлэх явдал. Төсвийн зардлыг 800 тэрбум төгрөгөөр тэлээд байхад ч эдийн засаг оны эцэст нэг хувиар агших тооцоог Сангийн яамныхан хийсэн. Төсвийн зардлыг бууруулбал үүнээс ч илүү хохирол амсана. Тэгэхээр эдийн засгийн хямралтай энэ үед өрийн дарамтаа нэмж, эдийн засгаа тэлэхээс өөр гарцгүй.

Сангийн яамныхан төсвийн алдагдлаа нөхөхийн тулд дотоодын зах зээлд 1.2 их наяд төгрөгийн бонд гаргахаар төлөвлөжээ. Ингэхээр төсвийн 2.6 их наяд төгрөгийн алдагдлыг гадаадын зээл, тусламжаар нөхнө гэсэн үг. Их хэмжээний алдагдалтай төсөв батлах эдийн засгаа “их уналт”-аас хамгаална, харин өрийн дарамтыг нэмэх сөрөг талтай.

Засгийн газрын өр өнгөрсөн онд 24.1 их наяд төгрөгт хүрсэн. Тэгвэл энэ оны төгсгөлд найман хувиар өсөх тооцоо гарчээ. Манай улс 2021-2024 онд 2.9 тэрбум ам.долларын бондын өр төлөх хуваарьтай байгаа. Эл өрийг хэрхэн төлөх нь шинэ Засгийн газарт сорилт болох юм. Үүнээс гадна өрийн үйлчилгээний төлбөр буюу жил бүр төлөх зээлийн хүүгийн зардал байнга өсөх аж. Тодруулбал, зээлийн хүүгийн төлбөр энэ онд төсвийн орлогын 19, дараа жил 29.2, 2022 онд 38.4 хувьд хүрэх гэнэ. Ингэснээр төлбөрийн төсөвт үзүүлэх зээлийн хүүгийн дарамт хоёр жилийн дараа хоёр дахин нэмэгдэх нь. Өр тавьж, дарамтыг нь нэмэх нь бодлогын муу сонголт. Гэвч эдийн засгаа их хэмжээгээр агшаах нь түүнээс муу сонголт билээ. Хэзээ ч тохиолдож мэдэх хямрал, эрсдэлийг давах хуримтлалгүй, авдартаа алт хадгалаагүй Монгол Улс хоёр муугийн арай дээрийг нь сонгож байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)