Өргөтгөлийн хүчинд өвлийг давна

Эрчим хүчний салбар цахилгаан станц

Малчид өвсөө хадаж, аргал, түлшээ нөөцлөн өвлийн бэлтгэлээ хангадаг. Тэгвэл хот суурин газрынхан цахилгаан станцаа засаж сэлбэн, түлшийг нь нөөцөлж, дулааны шугам, сүлжээний тоноглолоо сэлбэж өвөлд бэлтгэдэг. Манай орны эрчим хүчний салбарын цахилгаан станцууд, дамжуулах, түгээх болон дулааны шугам, сүлжээнүүд өвлийг өнтэй давахад бэлэн үү. Эрчим хүчний салбарынхан төлөвлөсөн ажлаа гүйцэтгээд, өвлийг өнтэй давна гэж дуугарч байна. Цахилгаан станцууд, дамжуулах, түгээх сүлжээнүүд төлөвлөсөн засвараа цаг тухайд нь хийж байгаа аж. Өвлийн их оргил ачааллаас өмнө засвараа бүрэн хийж дуусгах гэнэ.

Төрөөс цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоодог жишигтэй. Эрчим хүчний салбарын үнэ өртгийг зах зээлийн үнээс доогуур хэмжээнд олон жил барьж ирснийг салбарын мэргэжилтнүүд дуулгадаг. Тиймээс эрчим хүчний компаниудын хооронд өр, авлага үүссэн. Тухайлбал, уурхайнууд цахилгаан станцуудад нүүрс нийлүүлээд 10 орчим тэрбум төгрөгийн төлбөрөө авч чадаагүй байна. Цахилгааны үнэ тарифыг өнгөрсөн зун нэмсэн. Ингэснээр цахилгаан станцуудын орлого нэмэгдэж, өр төлбөрөө дарна гэж салбарынхан тооцож байгаа юм. Эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь зөвхөн цахилгаан станцууд ч биш, салбарын бүх аж ахуйн нэгжийн орлогыг өсгөх учиртай. Тэгэхээр эрчим хүчний системийн компаниудын өр, авлага цэгцрэх нь. Стратегийн салбар учраас эрчим хүчний компаниудыг төр хяналтаасаа гаргадаггүй билээ.

Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг хоёр хөршөөсөө импортолж байна. Эрчим хүчний салбарын бодлого, зохицуулалтын алдаанаас, идэвхгүй үйл ажиллагааны улмаас ийм байдал үүссэн гэж зарим шинжээч дүгнэдэг. Манай улсад терраваттаар хэмжигдэх нар, салхины эрчим хүчний нөөц бий. Мөн 32 тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй. Эдгээр нь маш их эрчим хүч үйлдвэрлэх түүхий эд юм. Гэвч бид түүхий эдээ ашиглан эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй л байна. Үйлдвэрлэлийн түүхий эд нь бэлэн, хэрэглэгч нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа. Гэтэл бүтээгдэхүүн байхгүй, гадаадаас худалдан авч байна. Үүнийг бодлогын алдаа гэхээс өөр яах вэ. Эрчим хүчний хамгийн том эх үүсвэр “ДЦС-4”-ийн хоёр турбиний хүчин чадлыг нэмж, мөн Дарханы дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар өсгөсөн. Ингэснээр төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 80 МВт-аар дээшилжээ. Өөрөөр хэлбэл, станцуудад өргөтгөл хийж байна гэсэн үг.

“ДЦС-4”-ийг өргөтгөснөөр дулааны нөөц ч бий болно. Цахилгааны өсөн нэмэгдэх хэрэглээг өргөтгөлөөр хааж, өвлийг өнтэй давах нь. Улаанбаатар хотод тавдугаар цахилгаан станц барихаар олон жил ярьсан. Гэвч ажил хэрэг болохгүй удаж байна. Засгийн газар шинэ эх үүсвэр барихаас илүүтэй хуучин станцуудаа өргөтгөх бодлого баримталж буй. Эрчим хүчний тэлж буй хэрэглээг хангахын тулд Улаанбаатарт шинэ эх үүсвэр барих нь зайлшгүй болов уу.

Т.ЭНХБАТ

ИНФОГРАФИК


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Н.МЯГМАРСҮРЭН: Төвийн бүсийн системийн чадал 80 МВт-аар нэмэгдэнэ

Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Эрчим хүчний салбарынхан өвлийн бэлтгэл хэрхэн хангаж байна вэ?

-Өнөөдөр Төв, Дорнод, Баруун, Алтай-Улиастай гэсэн бие даасан эрчим хүчний систем ажиллаж хэрэглэгчдээ найдвартай хангах нэгэн зорилгоор ажиллаж байна. Өвлийн бэлтгэл хангах чиглэлээр Эрчим хүчний сайдын 61 тоот тушаалаар ажлын хэсэг хавар томилогдсон. Энэ ажлын хэсгийн зорилго нь 2019-2020 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах бэлтгэлийг хангуулах, хяналт тавих, хүндрэл гарвал цаг тухайд нь шийдвэрлэх, мэдээллээр хангах үндсэн зорилготой ажиллаж байна.

Монгол Улсад эрчим хүчний 106 үндсэн тоноглол бий. Үүний 63 нь уурын генератор, үлдсэн нь турбин генератор. Дээр нь дамжуулах, түгээх сүлжээний мянга мянган километр шугам, хоолой, олон тооны дэд станц бий. Салбарынхан маань энэ бүхний засвар, үйлчилгээг өвлөөс өрсөн хийж бэлэн болгосон байх үүрэгтэй. Одоогоор өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд орсон их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын нийт 1974 ажлын гүйцэтгэл 83 хувийн биелэлттэй байна. Аравдугаар сарын дунд гэхэд төлөвлөгөөт гол ажлуудаа хийж дуусгана. Уурхайнуудын хувьд дунджаар 63-73 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна гэсэн мэдээ гаргасан. 

Цахилгаан станцуудад нүүрс нийлүүлэгч Багануур, Шивээ-Овоогийн уурхайн хөрс хуулалтын төлөвлөгөө энэ оны эхнээс биелж байгаа. Уурхайнуудад хөрөнгө мөнгөтэй холбоотой хүндрэлтэй асуудлууд бий. Станцуудаас уурхайд төлөх өрийн хэмжээ 10 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Сүүлийн гурван жилд цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулаагүйгээс үүдэж хаана хаанаа алдагдалд орж ийм байдал үүссэн. Тарифын зохицуулалт энэ оны дундуур хийгдсэн. Үр дүн нь бүрэн гараагүй байна. Оны эцэс гэхэд уурхай, станц хоорондын өр, авлага барагдах байх. ЗГХЭГ-ын дарга уурхайнуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан. Ингээд өрийг шуурхай шийдвэрлэхээр төсвийн зээл олгох чиглэл барьж буй юм билээ. Станцууд оны төгсгөл гэхэд зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх бололцоотой. 

Монгол Улсын хэмжээнд жилд 8.3 тэрбум КВт/ц эрчим хүчний хэрэглээ байна. Энэ бол өмнөх жилийнхээс 8.8 хувиар өссөн үзүүлэлт. Энэ хэрэглээнийхээ 80 хувийг дотоодоос хангаж, 20 хувийг нь гадаадаас импортолж байна. Импортолж буй цахилгааныхаа 23 хувийг ОХУ, үлдсэн буюу дийлэнхийг нь БНХАУ-аас авдаг. “Оюутолгой” компани БНХАУ-аас эрчим хүч авч байгаа. Манай улс дулааны 9.4 сая килокалори хэрэглээтэй. Дулааны хэрэглээ таван хувиар өссөн.

-Станцуудын нүүрсний нөөц хэр байгаа бол?

-Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн станцад есдүгээр сарын 1-ний байдлаар 360 мянган тонн нүүрсний нөөц байна. Мазутын нөөц 2000 гаруй тонн. Ойролцоогоор 14 хоногийн нүүрсний нөөцтэй гэсэн үг. Графикийн дагуу ажиллахаар нөөц нэмэгдэх нь ойлгомжтой. Жилийн өмнөхтэй харьцуулбал мазутын нөөц их байгаа.

-Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Шинэ, томоохон эх үүсвэр барих асуудал олон жил яригдсан ч хөрөнгө мөнгө бусад шалтгаанаар хойшилсоор байгаа. Шинэ эх үүсвэр барьж чадахгүй байна гээд өсөж буй хэрэглээг хаахгүй орхих эрх бидэнд байхгүй. “ДЦС-4”-ийн дөрвөн турбин генераторыг шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Ингэснээр 89 МВт-ын чадал шинээр бий болно. Эхний дөрөвдүгээр турбинийг шинэчилж дуусаад ажиллагаанд залгасан. 

Хэвийн ажиллаж байгаа. Хүчин чадал нь 100 МВт байсан бол 123 МВт болсон. Нэгдүгээр турбиний шинэчлэлийг энэ оны их ачааллын өмнө дуусгах ёстой. Ингэснээр 45 орчим МВт-ын шинэ хүчин чадал бий болно. Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар өргөтгөсөн. Нийт 80 МВт-ын шинэ хүчин чадал бий боллоо. Үүгээр өсөн нэмэгдэж буй хэрэглээг хаана.

-Сэргээгдэх эрчим хүчний олон эх үүсвэр ашиглалтад оруулсан. Эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэхэд бодитой нөлөө үзүүлж чадаж байна уу?

-Төвийн бүсийн эрчим хүчний системд зөвхөн нар, салхины эх үүсвэрийн 215 МВт-ын суурилагдсан хүчин чадал бий болсон. Гурван салхин парк, таван нарны цахилгаан станц ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлбэр суурилагдсан хүчин чадал “ДЦС-4”-ийн дараа орохоор хэмжээнд хүрсэн. Гэхдээ системд нийлүүлж буй энерги нь харьцангуй бага байна.

-Дулааны хангамжийн хувьд хүрэлцээтэй юү?

-“ДЦС-4”-ийг өргөтгөснөөр дулааны нөөц бий болж байгаа. Гэхдээ “ДЦС-4” маань Улаанбаатарын баруун тал руу гэхээс биш, зүүн тийш дулаан нийлүүлж чадахгүй. “Амгалан” дулааны станцыг барьснаар дулааны хэрэглээний өсөлтийг нэлээд хаасан. Цаашдаа дулааны хэрэглээний өсөлтийг хаах шинэ үүсвэр хэрэгтэй гэж ойлгож болно.

-Тэгэхээр өвлийг эрчим хүчний хүндрэлгүй, гэрэл гэгээтэй, дулаан давна гэж ойлгож болох нь.

-Эрчим хүчний системийн 24 компани бий. Тэд тус бүртээ тоноглолынхоо засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Гэнэтийн ямар нэг хүндрэлтэй зүйл гарахгүй бол өвлийг ажрахгүй давна гэсэн төсөөлөлтэй байна.

-Цахилгаан станцуудын өргөтгөлөөс гадна эрчим хүчний салбарт томоохон ямар хөрөнгө оруулалт хийж байна вэ?

-Хөрөнгө оруулалтын томоохон ажил гэвэл Улаанбаатар-Мандалговийн, Монголдоо анхных болох 330 кВ-ын габарит бүхий цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулах гэж байна. Энэ бол 250 км-ийн урт, томоохон хөрөнгө оруулалттай ажил.

-Тулгамдаж буй асуудал байна уу?

-“ДЦС-4”-т АТ-1, АТ-2 автотрансформаторыг зэрэгцээ ажиллагаанд залгах ажил их чухал байгаа. Үүний хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгах шаардлагатай. Энэ ажлыг зээлийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Энэ нь нийслэлийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаанд чухал ач холбогдолтой.

-Аймгийн төвүүдийн дулааны цахилгаан станцын бэлэн байдал ямар байгаа вэ?

-Аймгуудын дулааны станцуудад хүндрэл бий. Төсөвт байгууллагууд төлбөрөө хугацаандаа өгөхгүй байгаагаас шалтгаалж нүүрс нийлүүлэгчтэйгээ өр, авлага үүссэн, засварын ажил нь хойшилсон тохиолдол бий.

Т.ЭНХБАТ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Шаардлага гарвал нэг зуух нэмж ажиллуулах нь

Өдийд танай, манай халаагуурыг халааж буй усны хэм 80-82, нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгжүүдэд дулаан дамжуулахад хэрэглэж буй усны нийт хэмжээ 13 000 тонн орчим буй юм байна. Өвлийн ид ачааллын үед дулааны станцууд усны хэмийг 125 хүргэж, хэмжээг нь 30 гаруй хувиар өсгөдөг аж. Халаагуураар дамжуулж буй халуун ус, мөн цахилгаан нь өвлийг өнтэй давахад чухал шаардлагатай зүйлсийн нэг. Тэгвэл нийслэлийн дулааны 65, төвийн бүсийн цахилгаан хангамжийн 70 орчим хувийг нийлүүлдэг “ДЦС-4” компанийнхан өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж буйг сонирхлоо.

ДЦС-ын өвлийн бэлтгэл гэдгийг үндсэн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний ажлын чанар, гүйцэтгэл, нүүрс болон мазутын нөөцийн хэмжээгээр тодорхойлж болно. Нэг жилийн өмнөх энэ үед тус станц 160 000 тонн нүүрс нөөцөлсөн ч мазутаа авч чадаагүй байж. Харин энэ намар 225 000 тонн нүүрс, 1200 тонн мазут нөөцөлж, зуухныхаа “хүнс”-ийг зохих хэмжээгээр бэлтгэжээ. Түүнчлэн үндсэн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний ажлын төлөвлөгөөг 75 орчим хувьтай биелүүлээд байгаа гэсэн. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд засварын ажлаа бүрэн дуусгаж, өвлийн ачааллыг “хаахад” бэлэн болох аж. Эрчим хүчний хэрэглээ сүүлийн таван жил жилд дунджаар 5-6 хувиар өссөн гэнэ. 

Тиймээс ДЦС-ууд жил бүр үйлдвэрлэлийн хүчин чадлаа аль болох нэмэгдүүлэхийг зорьдог бөгөөд тоног төхөөрөмжөө сайжруулах засвар, шинэчлэлийн ажлуудыг тогтмол хийдэг. Тус станцад ОХУ-ын 93 сая ам.долларын санхүүжилтээр дөрвөн турбинд шинэчлэл хийж буй. Энэ онд хоёр турбиний шинэчлэлийн ажлыг дуусгахаар төлөвлөснөөс нэгийг нь бүрэн засжээ. Хоёр дахийг нь арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд бэлэн болгох юм байна. Ингэснээр “ДЦС-4” долоон генератор ажиллуулж, 660 гаруй МВт цахилгаан үйлдвэрлэхэд саадгүй болох юм. Мөн одоогоор хоёр зуухны их, нэг зуухны дунд засварын ажлыг гүйцэтгэж буй бөгөөд арваннэгдүгээр сард хэвийн ажиллагаанд оруулахаар төлөвлөснөө ерөнхий инженер Б.Ганхуяг дурдав. Товчхондоо, “ДЦС-4” компанийнхан ирэх өвлийг өнтэй давахад шаардлагатай ажлуудаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.

“ДЦС-4” компанийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг “Манайх ирэх өвлийн бэлтгэлээ төлөвлөгөөний дагуу хангасаар байна. Ид ачааллын үед долоон зуух, мөн тооны турбин ажиллуулна. Шаардлагатай тохиолдолд нэг зуух нэмж ажиллуулахаар засвар, үйлчилгээг нь хийж байна. Харин хөрөнгө санхүүгийн хувьд бэрхшээл бий. Бид нүүрсний уурхай болон төмөр замын байгууллагад есөн тэрбум төгрөгийн өртэй болсон. Эрчим хүчний үнийг нэмэх шаардлага үүсчихээд байхад алгуурласаар саяхан нэмсэн тул өрийн хэмжээ өссөн. Цахилгааны тарифыг нэмснээр манай үйлдвэрийн зардал, борлуулалтын орлогын харьцаа ойртсон гэж ойлгож болно. Гэхдээ үнийн өсөлтийн орлогыг одоохондоо бид бүрэн төвлөрүүлж чадаагүй байгаа нь ойрын хугацаанд өрөө дарах боломжийг бууруулсан гэсэн үг. Тиймээс холбогдох байгууллагуудад есөн тэрбум төгрөгийн зээл олгуулах хүсэлт хүргүүлсэн. Хэрэв зээл авбал өрөө дарж, түлшний нөөцөө хэвийн хэмжээнд байлгах боломж бүрдэнэ” хэмээн ярилаа.

БАЙР СУУРЬ

Өвлийн бэлтгэлээ хэрхэн хангаж байна. Ямар бэрхшээл тулгарч байна вэ?

Ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна”

Б.АЗЗАЯА (“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Техникийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга)

-Манай компани нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 390 000 орчим өрх, аж ахуйн нэгжид цахилгаан түгээж, бодлого, зохицуулалтаар хангадаг. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тоног төхөөрөмжүүдийн их болон урсгал засвар, техник зохион байгуулалтын ажлыг хийдэг. Уг ажлуудыг гуравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сар хүртэл гүйцэтгэдэг юм. Одоогоор бид нийт 2430 орчим шугам, тоноглол засварласан тул ажлын гүйцэтгэл 93 орчим хувьд хүрээд байна. Аравдугаар сарын дунд гэхэд засвараа бүрэн дуусгана. 

Үүнээс гадна НЗДТГ-ын шийдвэрээр шинээр газар эзэмшсэн айл өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар хангах, тоног төхөөрөмжүүдийг өргөтгөх ажлыг хийсээр байна. Энэ жил 900 орчим айлыг нэмж цахилгаанаар хангахаар төлөвлөсөн. Уг ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа. Ер нь нийслэлд цахилгаан хэрэглэгчийн тоо сүүлийн таван жил жилд 22 000-23 000 өссөн гэсэн тооцоо бий. Тиймээс цахилгаан дамжуулах, түгээх станцуудын хүчин чадлыг өсгөх, техник, тоног төхөөрөмжийн чадлыг нэмэгдүүлэх талаарх ажил тогтмол өрнүүлдэг хэмээн ойлгож болно.

“Шонхор” дэд станцыг ашиглалтад оруулахад бэлэн болсон”

Б.ДАШДАВАА (“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дэд захирал)

-2019-2020 оны өвлийн ачааллыг давах, тоноглолын найдвартай ажиллагааг хангах зорилгоор бид 46 заалттай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Одоогоор төлөвлөгөөний биелэлт 82, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, хөрөнгө оруулалт татах ажлын явц 84 хувьд хүрчээ. Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор 110/10 КВ-ын “Шонхор” дэд станц барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр зэхэж буй нь бидний хийсэн томоохон ажлуудын нэг боллоо. 

Түүнчлэн тоног төхөөрөмжүүдийн цахилгаан дамжуулах чадлыг дээшлүүлэхээр эрчим хүч дамжуулах агаарын шугамын утсуудыг дамжуулах чадвар өндөртэй утсаар солих ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Ил хуваарилах байгууламжийн хоёр автотрансформаторыг зэрэгцээ ажиллагаанд оруулах ажлын гүйцэтгэл 70 орчим хувьд хүрсэн. Дээрх ажлуудыг энэ онд багтаан дуусгах ба ингэснээр цахилгаан дамжуулах агаарын шугам, тоног төхөөрөмжийн доголдлыг бууруулах, ашиглалтын түвшнийг дээшлүүлэх, гэмтэл согогийг цаг алдалгүй илрүүлэн, засах нөхцөл бүрдэх ач холбогдолтой.

“Үйлдвэрлэлээ өсгөх зайлшгүй шаардлага бий”

Ө.ЖАРГАЛСАЙХАН (“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ерөнхий инженер)

-Манайх Дорнод, Сүхбаатар аймгийн төв болон 22 сум, уул уурхайн 13 компанийг цахилгаан, дулаанаар хангадаг. Одоогоор компанийн өвөлжилтийн бэлтгэл 93 орчим хувьтай буюу тоног төхөөрөмжийн засварын ажлуудаа хийж байна. 40 тонн нүүрс нөөцөлсөн. Хөрөнгө санхүү болон шаардлагатай бараа, үйлчилгээ худалдан авахтай холбоотой ямар нэг бэрхшээл байхгүй. Гэхдээ бид цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн хүчин чадлаа өсгөхгүй бол өвлийн ачааллын үед зарим аж ахуйн нэгжийн цахилгааныг хязгаарлахаас аргагүй болдог.

Манай суурилагдсан хүчин чадал 36 МВт. Гэтэл бид сүүлийн 3-4 жилд 38 МВт хүртэл цахилгаан үйлдвэрлэхгүй бол хэрэглээгээ хангаж дийлэхгүй болсон. Манай станц ямар ч нөөц техник, тоног төхөөрөмжгүйгээр бүрэн хүчин чадлаа давуулан ажиллаж байгаа. Энэ нь үйл ажиллагааг доголдуулах, улмаар техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах, хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар найдвартай, тасралтгүй хангах боломжийг бууруулна. Энэ талаар мэдэгдэн, шинэчлэл хийлгэх саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсээр байна. Ирэх жилээс 50 МВт-ын хүчин чадалтай цахилгааны шинэ станц барих талаар нааштай мэдээ сонсогдсон нь биелэх болов уу хэмээн найдаж байна.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад анхаардаг

Дэлхийн дулаарал, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил зэрэгт ихээхэн нөлөөтэй учраас эрчим хүч стратегийн ач холбогдолтой. Иймээс ч Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Гурбуз Гүнул “Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалж дэлхийд эрчим хүчний шилжилт болж байна. 

Эрх мэдэл нүүрс, хий, нефтийн баялагтай улс орнуудаас сэргээгдэх эрчим хүчний нөөцтэйд нь шилжиж байгаа. Иймд улс орнуудын геополитикийн харилцаанд сэргээгдэх эрчим хүч томоохон нөлөө үзүүлнэ. Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин, технологийн шинэчлэлд хөрөнгө оруулж, өртгийг нь бууруулж байгаа. Эрчим хүчний үр ашигтай байдал, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, хангамж гэсэн гурван зүйл өөрчлөлт, шилжилтийг тодорхойлж байна” хэмээн ярьсан биз ээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн цахим хуудсанд мэдээлснээр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд 2015 онд 10 945, гишүүн бус орнууд 13 455 тераватт/цаг эрчим хүч үйлдвэрлэжээ. Тэгвэл дараа жил нь дээрх тоо 11 023, 14 072 болж нэмэгдсэн байна. Мөн 2017 онд дээрх байгууллагын гишүүн орнууд 11 051, 14 670 тераватт/цаг эрчим хүч үйлдвэрлэсэн дүн бий. Дэлхий даяар 2017 онд 21 372 тераватт/цаг эрчим хүч хэрэглэсэн нь өмнөх жилийнхээсээ 2.6 хувиар өссөн дүн болжээ. Энэ хугацаанд Хятад, Энэтхэг, Орос, Бразил гэсэн дөрвөн улсад нийт хэрэглээний 37.2 хувь ногдсон гэнэ. 

Бөмбөрцгийн хүн ам нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ ч ийн өсөж буй. Иймээс улс орнууд эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахыг зорьж байна. Нийт хүлэмжийн хийн ялгарлын 72 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл бий болгож байгаа учраас тэр. Бөмбөрцгийн хотуудын оршин суугчид, бизнес эрхлэгчид дэлхийн эрчим хүчний гуравны хоёрыг хэрэглэдэг агаад нийт нүүрсхүчлийн давхар ислийн 75 хувийг “үйлдвэрлэдэг” талаар “REN21” байгууллагын цахим хуудсанд бичжээ. Иймээс хотууд эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэхээр шамдаж буй. 

Дэлхийн эдийн засгийн форумаас уламжилснаар 2050 он гэхэд хэрэглээгээ 100 хувь сэргээгдэх эх үүсвэрээр хангах зорилготой Британийн хотуудын тоо 80 давж, “Amazon” ашиглах эрчим хүчээ 100 хувь нарны эх үүсвэрээс гарган авахаар ажиллаж, “General electric” компани нүүрсний станцын турбин үйлдвэрлэхээ больж байгаа зэрэг санаачилгыг энд дурдаж болно. Өөр жишээ дурдахад, Арабын Нэгдсэн Эмират Улс сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор хөгжүүлдэг аж. Эх үүсвэр барих газрыг нь үнэгүй олгож, бүх татвараас чөлөөлж, маш хөнгөлөлттэй буюу 1-2 хувийн хүүтэй зээл олгож, холбогдох бусад зээлд нь ч баталгаа гаргаж өгдөг гэнэ. Үр дүнд нь Дубайд нарнаас эрчим хүч үйлдвэрлэн, нэг кВт/ цагийг нь 1-2 центээр нийлүүлж байна.

Улс орнуудад хэрэглэгчид эрчим хүчийг бүтээгдэхүүн гэж хардаг. Өөрөөр хэлбэл, аль болох хэмнэж, зардлаа багасгахыг зорьдог. Германд нэг кВт/цаг эрчим хүчний үнэ 850, Бельгид 820, Британид 550, Грект 560, Монтенегрод 310 орчим төгрөг аж. Тэгвэл манайд нэг кВт/цаг цахилгаанд айл өрхүүд 140 төгрөг төлж байгаа юм. Салхин цахилгаан станцаас эрчим хүч нийлүүлэх үнийн тухайд нэг кВт/цаг нь Японд 19, Филиппинд 16.9, Украинд 12, Грект 10, Германд 7.7, Нигери улсад 12.5 цент байгаа аж. Одоо Монголд салхин цахилгаан станцаас нэг кВт/цаг эрчим хүчийг нийлүүлэх тариф 0.094-0.095 ам.доллар байгаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дээрх дүнг 0.085 ам.доллар (8.5 цент) байхаар тусгасан билээ.

Ц.БОЛОР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)