Өнөөдөр түүний төрсөн өдөр

Өнөөдөр Дээрхийн гэгээн, 14-р Далай лам Данзанжамцын 81 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1935 оны долдугаар сарын 6-нд Түвдийн зүүн хойд хэсгийн Амдо мужийн Тагцэр гэх жижиг тосгоны тариачин гэр бүлд Энх тайвны төлөөх Нобелийн шагналт Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц мэндэлжээ.

Далай ламын төрсөн өдрийг Түвдийн бурхны сүсэгтэн олон тэмдэглэдэг. Энэ өдөр буддын сүм хийдэд хурал ном хуран Далай багшдаа эрүүл энхийг хүсэн ерөөдөг байна.  “Далай лам гэдэг энэ нэрийг монгол хүн өгсөн монгол нэр шүү дээ. Би энэ нэрээрээ л дэлхийд нэршлээ” хэмээн Дээрхийн гэгээнтэн сэтгэл хангалуун өгүүлж суусан тухай ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав хэлсэн байдаг.

Сонирхуулахад, Буддын номлолоор Далай ламын хорвоогийн зам төгсөхөд түүний сүнс нь шинэ төрсөн хүүхдэд очдог ба Далай ламын бүх төрөл нь зөвхөн биеэ сольсон гэхдээ нэгдмэл нэгэн ой ухаанаа хадгалсан өндөр хөгжилтэй амь юм. Далай ламын хойд төрлийг Түвд, Монгол, Хятадаас тусгай лам нар тодруулдаг ажээ.

2 настай Лхамдондов хүүг тухайн үеийн Төвдийн засгийн газраас томилсон тусгай элч нар XIII Далай лам Түвдэнжамцын дараах дүр XIV Далай ламаар тодруулжээ.

Түүний 2 настай байх үеийн зураг


Дээрхийн гэгээнтэнг Бурхан багшийн лагшин, зарлиг, таалалын хувилгаан дүрүүдын, хамаг амьтныг мэлмийгээр болгоон орчлонгийн зовлонгоос гэтлэгэхийн зарлигт Жанрайсэг бурхны хувилгаан дүр хэмээн эрт цагаас эдүгээ хүртэл бурхны шашинтан сүсэгтэн олон сүслэн дээдэлж, бишрэн шүтэж ирсэн билээ. Бага балчир наснаасаа эхлэн бурхны шашны эрдэм ухаанд шамдан, ихэс багш нараа шүтэн бурхан багшийн үеэс багшаас шавьд улбаалан дамжиж ирсэн дээдийн номын ариун авшиг, эрдэм оюуныг төгс эзэмжсэн байна. 

1959 онд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ нутгаа орхин Энэтхэг улс руу дүрвэн гарч, улмаар Энэтхэгт эдүгээ хүртэл сууршин амьдардаг билээ. 

Монголын сүсэгтэн олон Дээрхийн гэгээнтэн Далай лам нарын дүрүүдтэй эртнээс гүн бат харилцаатай явж ирсэн бөгөөд III Далай лам Содномжамц, XIII Далай лам Түвдэнжамц нар Монгол оронд морилон саатаж байсан бол IV Далай лам Ёндонжамц Монголын алтан ургийн удамт Монгол хүн байсан түүхэн баримт байдаг. 
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц 1979 оны зургадугаар сарын 15-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлын хүндэт төлөөлөгчөөр уригдан анх удаа заларч байсан бол тэр цагаас хойш 1982, 1991, 1994, 1995, 2002, 2006, 2011 онуудад морилон саатаж Монголын сүсэгтэн олонд дээдийн номын айлдвар сургаалаа айлдан соёрхож, Монгол лам хуврагуудыг Энэтхэг улс дахь Төвдийн бурхны шашны дацан сургуулиудад суралцах нөхцөл боломжуудыг өөрийн биеэр удирдан зохион байгуулж, дахин сэргэж буй бурхны шашны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ариун номын хувраг, авралт шашны эзэн, ачлалт өглөгийн эзэн тэргүүтэн цаглашгүй гэгээн үйлстэн юм. 
Гэгээнтэн Монголын залуу хувилгаадын төлөөлөл Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн хувилгааны айлтгал хүсэлтээр 2013, 2014 онуудад Энэтхэгийн Дарамсала, Дели хотуудад Монголын сүсэгтэн олонд тусгайлан зориулан айлдвар сургаалаа айлдсан нь Монголын сүсэгтэн олон эх хэлээрээ гэгээнтний айлдвар сургаалыг хүртэх чухаг завшаан болсон удаатай ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)