“Өнөөдөр” сонин “Улаанбаатар хотын даатгал”-ын нэр хүндэд халдаагүйг МХМЗ тогтоов

Манай сонины 2019 оны нэгдүгээр сарын 25-ны дугаарт нийтлэгдсэн “1500-гийн луйвар буюу хоморголон даатгах ажиллагаа” хэмээх нийтлэлд хаяглан “Улаанбаатар хотын даатгал” ХХК-иас ирүүлсэн гомдлыг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл (МХМЗ) хэлэлцээд, биднийг мэргэжлийн болон ёс зүйн ямар нэг зөрчил гаргаагүйг баталлаа. Тус компани нь манай редакцыг “Орон сууцны иж бүрэн даатгал”-ын үйл ажиллагааны талаар сурвалжлахдаа өөрсдөөс нь албан ёсны тодруулга авахгүй, буруу ташаа мэдээлэл түгээсэн хэмээн гомдол гаргасан юм. Энэхүү гомдлыг Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар сарын 21-ний хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд “Өнөөдөр” сонин, unuudur.mn сайт нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчөөгүй болохыг олон нийтэд ийнхүү зарлав.

Тус хорооноос гаргасан дүгнэлтэд “Өнөөдөр” сонин нь даатгалын талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл тааруу, хайнга анзааргагүй байгааг далимдуулан даатгалын гэх 1500 төгрөгийг орон сууцны төлбөрт шингээн авч байна гэсэн иргэний гомдлын дагуу уг сурвалжилгыг бэлтгэсэн бөгөөд ингэхдээ Төрийн банк, ОСНААУГ, “Таун комфорт” орон сууцны контор, “Хаан даатгал”, “Улаанбаатар хотын даатгал” компани зэрэг тал талын эх сурвалжаас мэдээлэл авч, баримтаа нягтлах, бататгах үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй хэмээн үзлээ” гэжээ.

Бэлтгэсэн: Л.Чимэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)