Өнөөдөр Намаасаа, маргааш Монголоос урвах уу

Энгийн харилцаанд урвалт гэж байдаггүй. Мэндийн зөрүүтэй өнгөрөх нэгнээс урвалт мэдрэхгүй. Итгэл, илүү дотно байдал, эрх ашгийн солбилцлоос л урвалт урган гарах боломжтой. Харамсалтай нь монгол төрийн ойрын дөрвөн жилийн түүхэнд Д.Арвин, Д.Батцогт, Ц.Цолмон нарын үүсгэн байгуулсан урвагчдын “арми” ингэж эгнээгээ тэлнэ чинээ санасангүй. Намаа төлөөлөн УИХ-ын дэд дарга, парламент дахь бүлгийн даргаар ажиллаж байсан, улс төрийн намын дарга, дэд дарга зэрэг өндөр албан тушаалтай нөхдийн өмнөхөөсөө өөрчлөгдсөн үг, үйлдэл өөрсдийг нь урвагч болохыг гэрчилж байна. Урвагчид УИХ-аас авахуулаад бүх шатанд үүрлэчихэж. Итгэл үнэмшил, хэлсэн үг, хийсэн үйлдэл, хариуцлагатай сонголтоо хормын дотор ч худалдаж мэдэх нөхөд дэндүү олширчихож. Угтаа урвалтын “шинж чанар” агуулсан олон үйлдлийг хэвийн зүйл мэт хүлээн авч, хөхиүлэн дэмждэг болчихож.

Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхдээ гурван бүлэг, мөн тооны бие даагч гишүүнтэй байсан УИХ өдгөө хоёр бүлэгтэй хоцорч, огт бие даагчгүй болсон нь энэ цагийн их урвалтын тод, томруун дүр. Тоолбол, 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр байгуулсан УИХ-ын 13 гишүүн намаа сольж, төрийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэхүүнээр “тогложээ”. Улмаар дангаараа Засгийн газар байгуулах чадваргүй ч хамгийн олон буюу 33 төлөөлөлтэй болсон АН өнгөрсөн хугацаанд гурван намын таван гишүүнийг өөртөө урвуулж, өдгөө 50 хувийг бүрдүүлэх болов. “Олонх болгоод өгөөч” хэмээн уйлахаас наагуур гуйж байсан АН-ын дарга З.Энхболдын хүсэл ээлжит сонгуулиас өмнө биелэх шахсан нь энэ.

МАН ч бас дутахгүй. Д.Арвиныг аль эрт алдсан ч Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараар эгнээгээ тэлсэн. Таван суудалтай ч МАХН-тай эвсэж бүлэг байгуулж асан МҮАН-ыг гишүүд нь орхисноор өнөөдөр тус нам парламентын гадна үлдлээ. Бие даагч гишүүн С.Ганбаатар ХҮН-д элсэж, тус намаас гарах хүртэлх таван сарын хугацаанд УИХ-д суудалтай намын тоо нэгээр нэмэгдсэнтэй маргах аргагүй. Одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 намын 23 дугаарт бичигдэж буй, жил гаруйн түүхтэй Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам парламентад хоёр суудалтай болоод байна.

“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг. Орон нутагт өөрөө удирдах ёсны байгууллагынхан ч овоо урваж, шарвасан даа. Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь зэрэг аймагт засаглагчдын эцэс, төгсгөлгүй маргаан, хуйвалдаан, нам дамжсан хөдөлгөөн саяхнаас л намжсан гэхэд болно. Дархан-Уул аймгийн ИТХ-д 18 суудал авч илүүрхсэн МАН-ынхан урвагчдынхаа балгаар хагаралдаж, бүрэн засаглаж чадахгүй байгаа бол Дорноговийн ИТХ-д олонх болсон АН-ынхан Засаг даргаа нөгөө намынхантай ил, далд хуйвалдан, унагах гэж хэдэнтээ үзсэн ч хүчрээгүй.

Ирж буй сонгууль урвах, эс урвахын шалгуур болж байх шиг. АН-аас Өвөрхангай аймгийн 20 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн Ч.Даваабаяр намынхаа “хор найруулгаас” болж нэрээ татахад хүрч, улмаар намаасаа гарлаа. Мөн тус намаас УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт нэр дэвших хүсэлтэй байсан Б.Батбаатар ҮЗХ-ноос дэмжлэг авч чадаагүй учраас Иргэний хөдөлгөөний намаас УИХ-ын дарга З.Энхболдтой хүч үзэхээр СЕХ-нд хандсан ч түүнийг бүртгэсэнгүй. Ч.Даваабаяр, Б.Батбаатар нар шиг улайм, цайм аашлаагүй ч АН уу, МАН уу гэж байгаад аль “Наашаа” гэснийг нь сонгосон тохиолдол нэг бус. Булган аймгийн 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж буй О.Амартүвшин өнгөрсөн хугацаанд МАН-ынхныг тойглож, тал засан, гүйж байсан ч өөр сонголт хийлээ. МАН-аас Төв аймгийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж буй аварга А.Сүхбат гурван жилийн өмнө АН-д элсэж байсныг мартаагүй биз ээ.

Ердөө л сонгуульд нэр дэвших эрх олж авахын төлөө хэдхэн хоногийн өмнө намаа солих шийдвэр гаргагчид үүгээр дуусахгүй. ИЗНН-аас АН-д орсон Б.Булгамаа, С.Дэмбэрэл МАН-аас МАХН-нд элссэн Д.Балдан-Очир, МАН-ыг орхиж ТТЭНН-ыг сонгосон Ш.Сайхансамбуу гэхчилэн нэрлэж болно. “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэгчлэн төрийн эрх барих дээд байгууллагад оччихоод ээлжит сонгуулийн өмнөхөн “төрсөн” намаа хаясан 10 гишүүний үйлдэл ч дээрхээс ялгаагүй юм. Сонгуулийн төв байгууллагаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэсэн хариу авмагц, намаас нь сойгоогүйн төлөө л хийчихдэг ямар хямдхан, хялбархан сонголт вэ. Үндсэндээ тэд юу бодож тус намыг бараадаж байсан нь бараг л тодорхой болж байна.

Энэчлэн сүүлийн дөрвөн жилд урвагчдын балгаар олон зүйл нааш, цааш болсон байх аж. Эдгээрийг зөвхөн тоо, суудал тойрсон хөдөлгөөн гэж харах нь дэндүү өнгөц, өрөөсгөл хэрэг. Тэднээс болж УИХ дахь бүтцийн байгууллага болох намын бүлэг тарж, Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөхөд хүрч байна. Урвагчдын дарсан товчлуур санал хураалтын дүн, шийдвэр, энэ улсын хувь заяанд нөлөөлж байна.

Нэг урвасан хүн хэдэн ч удаа урваж мэднэ. Өнөөдөр намаасаа нүүр буруулсан хүн маргааш Монголоос урвана. МАН МАХН-ын “үсэрсэн цус, тасарсан мах” байлаа ч Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улааны урвалтын зөвтгөл биш. Тэд бие даагчийн статустай, МАХН-ын гишүүн байхдаа МАНАН-г буруутгаж, МАН-ыг бишгүй шүүмжилсэн. Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн бие даан нэр дэвших гэж эхний удаа МАН-аас, МАН-аас нэр дэвших гэж тэднийг бие даагчийн хувиар сонгосон ард түмнээс хоёр дахиа урваж байна. Харин Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр Н.Энхбаярыг хамгийн хүнд үед нь орхихгүй гэж Ардын намаас анх удаа, магадгүй өмнөхөөс ч хэцүү үед нь экс Ерөнхийлөгчийг орхиж урвалтаа давтлаа. Хамгийн гол нь тэд хэлж, тайлбарлаж байгаа шигээ хиргүй, тунгалаг сонголт хийсэнсэн бол хэзээ ч тойрог наймаалцахгүй байсан биз.

Уг нь өөрөөс байтугай, өрөөлөөс урвасан хэнийг ч болов өчиггүй цаазалдаг хууль эзэн Чингисийн үеэс улбаатай. Үүгээр ч бид багагүй бахархдаг. Өмнө нь өөрөөс нь нэг удаа нүүр буруулсан, өөр хэн нэгнийг орхиод ирж буй хүмүүсийг хадаг, сүү барин угтаж, хамтдаа гар барин, дурсгалын зураг татуулах нь дэндүү гаж байна. Нөгөө талаас намаас нам дамжин урвах үйл явц саарахгүй байгаа нь Монголын улс төрийн намуудад үзэл баримтлал, бодлогын зөрүү алга болсны нэгээхэн илэрхийлэл гэлтэй. Ердөө л хуульд заасан шаардлагын дагуу төрд шургалахын тулд заавал дамжих учиртай бааз, хоргодох байр аятай болжээ. Энэ бүхэн улс төрийн намын төлөвшлийг шинэ түвшинд гаргах, хууль эрх зүйн орчныг нь сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэхийг шаардаж байна. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хууль тогтоогчид энэ чиглэлд хуруугаа ч хөдөлгөсөнгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)