Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын өдөр

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгосон байдаг.

Харин 2011 онд УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Энэхүү баяр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийн эх оронч сэтгэлийг нь дэврээх, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайл үзүүлэх чухал ач холбогдолтой.

Энэ жилийн тухайд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор баяр, тэмдэглэлт өдрүүдэд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)