Өнөөдөр Засгийн газар бүрдэнэ

Өчигдөр үдээс хойш УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн дөрвөн сайдад нэр дэвшигчдийг дэмжсэн.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдрийн хуралдаанаараа Барилга хот байгуулалтын сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр, Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван, Эрүүл мэндийн сайдад Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлсэн юм.

Дөрвөн сайдыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн учраас өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ. Хэрэв байнгын хороо дэмжвэл шууд чуулганаар хэлэлцэх юм. УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийх учраас өнөөдөртөө багтаж дөрвөн сайдын томилгоог хийнэ гэж эх сурвалжууд мэдээллээ. Тэгэхээр өнөөдөртөө багтаад Ж.Эрдэнэбатын засгийн газар бүрдэнэ.

Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан дөрвөн сайдын томилгоо ямар байх нь хүн бүрийн сонирхолыг татаж байсан. Тэгвэл МАН-ынхан энэ удаад ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэлгүй элдэв асуудалд орооцолдож байгаагүй нэр цэвэр, давхар дээлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүсийг сонгож, сайдад нэр дэвшүүлсэн нь олон нийтийн талархалыг хүлээгээд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)