Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Авлигачдыг хамгаалдаг, төрийн нууц задруулдаг гишүүдийг эргүүлэн татах шаардлага хүргүүлнэ

Өнөөдөр гадаа 10 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

5 дугаар сарын 17-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 137 дахь өдөр бөгөөд он дуусахад 228 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 13, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2650.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 384.20, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагт Авлигачдыг хамгаалдаг, төрийн нууц задруулдаг гишүүдийг эргүүлэн татах шаардлага хүргүүлэх талаар АН-ын гишүүн Н.Тэгшбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  2. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал харуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн" Төрийн ордны их танхимд болно.
  3. Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг 13.00 цагаас зохион байгуулна.
  4. "JOB EXPO-2019" ажлын байрны үзэсгэлэн яармагийн нээлт 14.00 цагаас Blue Sky tower-ийн 3 давхарт болно.
  5. “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулагдах үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааны талаар 12.00 цагаас ХХААХҮЯ-ны 1 давхарт мэдээлэл хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 2018 онд АНУ-ын Сенатын танхим Тагнуулын төв газрын даргаар Жина Чери Хаспелийг батламжлав. Ингэснээр Тагнуулын төв газрыг удирдсан анхны эмэгтэй болсон юм.
  2. 2009 онд өдгөө тоглоом сонирхогчдын дунд алдартай байгаа "Майнкрафт" тоглоом албан ёсоор худалдаанд гарчээ.
  3. 2007 онд Өмнөд болон Хойд Солонгосын Засгийн газар тохиролцсоны үндсэн дээр 38 дугаар өргөрөгөөр галт тэрэгний шугмыг туршчээ. Энэ нь 1953 оноос хойш анх удаагаа цэрэггүй бүсийг хөндлөн туулсан үйл явдал болсон юм.
  4. 2004 онд АНУ-ын Массачусетс муж ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан анхны муж болжээ.
  5. 2000 онд Данийн нийслэл Копенгаген хотноо болсон Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтын үеэр Арсенал болон Галатасарай клубийн хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүсэв.
  6. 1994 онд Малави улсад анх удаагаа олон намын оролцоотой ардчилсан, чөлөөт сонгууль болов.
  7. 1992 онд Тайландын Ерөнхий сайд Сушинда Крапраёныг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан жагсаал эхлэв. Гурав хоног үргэлжилсэн жагсаалын үеэр 52 хүн амиа алдаж, 3500 хүн баривчлагджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)