Өндөр гэгээний 380 жилийн ойн даншиг наадмаар монгол айргийг НҮБ-ын соёлын өвд бүртгүүлнэ

Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан даншиг наадам Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 25-27-нд болох гэж байна.

Даншиг наадмыг зохион байгуулах үндэсний хороог УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар ахалж ажиллаж байгаа юм.

Ойн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан аж. Түүнчлэн түүхэн баримтат кино хийж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгон, Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээж, Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, бүтээлийн музей байгуулах зэрэг ажил зохион байгуулжээ. Харин энэхүү даншиг наадам нь ойн хүрээнд хийж буй хамгийн том ажлын нэг юм.

Даншиг наадмын эрлийз морьдын уралдааныг энэ сарын 24-нд хийх бол албан ёсны нээлт нь 25-ны 09.00 цагт Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох аж. Харин наадмын хоёр дахь өдрөөс азарга, соёолон, их насны морьдыг уралдуулах юм байна.

“Хязаалан насны морьд 18 км, шүдлэн 15 км, даага 12 км , азрага 22 км, соёолон 22 км, их нас 25 км зайд тус тус уралдуулна. Түрүүлсэн морьдод найман сая төгрөгийн бай шагнал олгох бөгөөд шагналын санд нийт 149 сая төгрөг ногдож байгаа юм. Өнгөрөгч өдрүүдэд болсон улсын наадмын морины уралдаан шударга бус болж, эрлийз, монгол морьдыг хамт уралдуулахгүй гэсэн боловч энэ амлалтдаа хүрч чадаагүй. Тэгвэл Занабазарын 380 жлийн ойн их наадмын морьдыг 21 аймгийн уяач нараар шүүлгэж уралдаанд оролцуулна. Тиймээс энэ мэт алдаа гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Мөн “тавиач” нэртэй хүүхдийг явуулахгүйг анхаарах хэрэгтэй” хэмээн наадмыг зохион байгуулах хорооныхон хэллээ.

Наадамд улс, аймаг цэргийн цолтой 512 хүчит бөх барилдах бөгөөд түрүүлсэн бөхөд найман сая, үзүүрлэсэнд таван сая төгрөгийн шагнал гардуулах юм байна.

Дашрамд сонирхуулахад, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадмын үеэр монгол айргийг НҮБ-ын соёлын өвд бүртгүүлэх, хамгийн шилдэг айргийг шалгаруулах ёслолын арга хэмжээ болох гэнэ. Харин энэ ойд зориулж улсаас 500 орчим сая төгрөг төсөвлөсөн юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)