Өнгөрсөн сард ДОХ-ын таван тохиолдол бүртгэгдэж, нийт 302 болов

Хүн амын эрүүл мэндийн талаарх, энэ оны эхний есөн сарын үзүүлэлтүүдийг улсын хэмжээнд нэгтгэснээс онцлох тоон мэдээг хүргэе. 31 төрлийн халдварт өвчний 24 761 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7514-өөр цөөрсөн дүн аж. Харин мөөгөнцөр, тэмбүү, трихомониаз, хачигт халдвар, гахайн хавдар нярайн үжил, тарваган тахал, ХДХВ/ДОХ, С гепатит нэмэгдсэн байна. Түүнчлэн хумхаа, балнад, татран, галзуу өвчний тохиолдол тус бүр нэг оношлогдов. Амьсгалын замын халдварт өвчин өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6378 тохиолдлоор буурсан бол бэлгийн замынх 776-гаар өсжээ. Үүнд трихомониаз 303, тэмбүү 515, мөөгөнцөр 1634-өөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Тэгвэл есдүгээр сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн жилүүдэд гараагүй өндөр үзүүлэлт болов. Ингэснээр улсын хэмжээнд уг вирусээр халдварласан хүний тоо 302 болсныг албаныхан хэлсэн. ДОХ-ын халдварын улмаас өнгөрсөн онд дөрвөн хүн нас барснаар эндсэн хүний тоо 47-д хүрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)