Өнгөрсөн оны аудитаар 342.8 сая төгрөгийн акт тогтоожээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Эксим” банк болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 он гэхэд ашиглалтад оруулахаар холбогдох албаныхан ажиллаж буй. Тус үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжид шаардагдах, дотоодоос хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа, материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Тус хуулийн үзэл баримтлалуудыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцогчид мөн дэмжсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр “УИХ-аас 2010 онд шинэчлэн найруулж баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.2-т “...химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1.2-3 сая төгрөг” гэж заасан нь бага хэмжээтэй бодис импортолж, ашигладаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, лаборатори, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэлтэй байгаагаас хууль бусаар импортлохыг оролдох, зөвшөөрөлгүйгээс хил дээрээс бодисоо авч чадахгүй байх, хураагдах зэрэг зөрчил үүсгэж байна” гэв. Үүнийг арилгах зорилгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21.1.2-т заасан тэмдэгтийн хураамжийн дээд, доод хязгаарыг өөрчлөн химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-20 000 000 төгрөг болохоор хуулийн төсөл боловсрууллаа. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамжаас төвлөрөх орлого одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Ингээд эл хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн өнгөрсөн оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитын тайланг Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг танилцуулав.

Тус сангийн хөрөнгөөр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аар өнгөрсөн онд 122.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 4500 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталсан. Үүний 83 хувь нь бүрэн хэрэгжиж, 9.1 хувь нь дутуу гүйцэтгэлтэй, 12.8 хувийг нь огт хэрэгжүүлээгүй аж.

Түүнчлэн Үндэсний аудитын газраас өнгөрсөн оны аудитаар 342.8 сая төгрөгийн 65 төлбөрийн акт тогтоож, 18.3 тэрбум төгрөгийн 475 зөрчлийг арилгуулах албан шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хугацаатай хүргүүлж, Архангай, Сүхбаатар аймагт 16 албан тушаалтанд холбогдуулан хариуцлага тооцуулах албан шаардлагыг дээд шатны байгууллагад нь хүргүүлснийг С.Оюунбилэг онцоллоо. Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн зөрчил гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцох шаардлагатайг дурдав. Мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг хуралдааны төгсгөлд танилцууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)