Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хөгжлийн банк байгуулах тухай, Өмнөговийн бүсийн зөвлөл байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг бодит ажил хэрэг болгоход Хөгжлийн банк байгуулах зайлшгүй шаардлага байгаа юм.
Хуралдаанаар Хөгжлийн банк байгуулах асуудлыг авч хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж дахин хэлэлцүүлэхээр боллоо.
Түүнчлэн 2009 оны Засгийн газрын 57 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия инк” ХХК, “Айвенхоу Майнз лимитед”, “Рио Тинто интернэшнл холдингс лимитед” компани хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээний 4.1-д заасныг үндэслэн Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл байгуулахаар хуралдаанаас  тогтов. 
Энэ зөвлөл өмнийн говийн бүс, орон нутгийн хөгжлийн стратеги, төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахад Засгийн газарт туслалцаа үзүүлэх үүрэг бүхий хөгжлийн зөвлөл байх юм.
Хуралдаанаас өмнийн говь бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, хүн амын төвлөрөл, суурьшлийг урьдчилан тооцож, хот байгуулалт, дэд бүтцийн нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчаас Оюу толгой төслийн тогтвортой үр ашгийг хангаж, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд, түүний дотор ард түмэнд хүртээх ажлыг зохион байгуулахад Засгийн газарт үр дүнтэй дэмжлэг үзүүлж ажиллахыг Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлд үүрэг болголоо. Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)