Өл дарах төдийхнөөр хооллох нь өтгөн хатах өвчинтэй болгоно

Эцэг, эхчүүдийн хэнэггүй, мэдлэггүй, бас хайхрамжгүйтэй холбоотойгоор хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох нь цөөнгүй. Сүүлийн үед өтгөн хатах эмгэгтэй хүүхэд олширсон гэнэ. Өтгөн хатах нь өвчин биш, хам шинж, зовуурь төдий байсан бол өнөө цагт ялангуяа хүүхдүүдийн дунд эмгэг болтлоо ужгирсан байна. Бүр нялх, нярай үед нь уг өвчний суурь тавигдах болсон нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, насанд хүрэгчдийг л “бохироо гадагшлуулж” чаддаггүй мэтээр ойлгох нь өрөөсгөл болж.

Хүүхэд нь өтгөн хатах өвчнөөр удаан шаналсан талаар иргэн Б.Ундармаа “Мэндэлснээсээ хойш буюу эхний саруудад өтгөнөө хэвийн гадагшлуулдаг байсан. “Бор” хоолонд оруулснаас хойш бодисын солилцоо нь өөрчлөгдөж эхэлсэн. Тодруулбал, таван сартайдаа 3-4 хоногт нэг удаа “хүндэрнэ”. Тухайн үед өтгөнөө хурааж байна гэж бодоод л өнгөрсөн. Долоо, найман сар хүрлээ. Өтгөнөөр бие засах хоорондын хугацаа нь улам уртсаж, 10 гаруй хонодог боллоо. Харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж, бургуй хүртэл тавиулсан. Түүнээс хойш 7-10, заримдаа 20 хоног “хүндрэхгүй” байх нь энүүхэнд болов. Өрх, дүүргийн эмнэлгийнхэн “Хүүхэд махан хоол идэж эхлээд өтгөн хатах нь хэвийн үзэгдэл” гэсэн ч нарийн мэргэжлийн эмчид дахиад үзүүлсэн. Ямар нэгэн гажиг оношлогдоогүй. Харин буруу хооллосноос болж өтгөн нь хатсаар эмгэг болж ужгирсныг хэлсэн. Эмч хүүхдийнхээ хоол, хүнсэнд онцгой анхаарах даалгавар өгсний дагуу гурил, гадил, төмс, ээдэм, сүү, цагаан идээ хэрэглэхээс тагалзаж, жимс, ногоо түлхүү идүүлдэг болсон. Түүнээс хойш “дайн” намжиж л байна. Хүү минь дөрвөн настай ч өтгөнөө гадагшлуулахдаа зовуурилдаг хэвээр. Бас бие засахаас зүрхшээнэ. Учир нь шулуун гэдэс нь үе үе “урвадаг” болсон” хэмээв.

Хүүхдийн өтгөн хатах нь олон шалтгаантай ч монгол багачуудын хувьд дийлэнхдээ буруу хооллосонтой холбоотойг эмч нар хэлсэн. Нийгмийн сүлжээнд хүүхдийнх нь өтгөн хатдаг асуудалтай ээжүүд нэгдэж, зохистой хооллох талаар санал солилцон, төрөл бүрийн цэс боловсруулж, туршдаг юм билээ. Фэйсбүүк дэх 47 000 гаруй дагагчтай “Tenuka’s mom” группийг үүсгэн байгуулагч нь хүүхдийнхээ өтгөн хатах өвчинтэй олон сар тэмцэж, эрүүлжүүлсэн туршлагаа нийтэлж, түгээдэг аж. Тэрбээр “Хүүхдийн өтгөн юунаас болж хатсаныг илрүүлж, эмчлүүлэх нь дахихаас сэргийлдэг. Би анхны хүүхдээ өсгөхдөө туршлагагүйтэж, өтгөн хатах өвчинтэй болгочихоод их зовсон. Эрүүл хүүхдийн өтгөн олон хоног гарахгүй байх нь буруу хооллосонтой шууд холбоотой. Хүүхдийг нэмэлт хоолонд оруулахаас эхлэх ёстойг сүүлд л мэдсэн. Наад зах нь хоолны температур хүртэл өтгөн хатахад нөлөөлдгийг бид төдийлөн мэддэггүй шүү дээ. Томчуудад бүлээн юм шиг санагддаг хоол хүүхдэд хэт халуудаж, өтгөн хатахад хүргэдгийг эмч нар анхааруулсан. Ерөнхийдөө хоолны дэглэмийг удаан хугацаанд барьж гэмээн асуудлыг бүрмөсөн шийддэг. Эхийн сүүгээр хооллох үед ч хүүхэд “хүндрэхгүй” тохиолдол бий. Энэ нь ээжийн хооллолттой холбоотой” гэж зөвлөжээ.

Германы судлаачид бага насны хүүхдийн өтгөн хатах хам шинж сэтгэхүйд нь шууд нөлөөлдөг төдийгүй мартамхай, идэвхгүй, уур уцаартай болдгийг тогтоожээ. Тодруулбал, хүүхдийн сэтгэл зүй эмзэг тул 1-3 удаа өтгөн нь хатахад л дараачийн удаа бие засахаас зүрхшээж, гаргахгүй удаан барьдаг болдог гэнэ. Ингэж явсаар зарим өвчнийг сэдрээх, эсвэл суурь нь болдог аж.

М.ДАШАА: ХҮҮХДИЙГ СУУЛТУУР, ХӨТӨВЧИНД УДААН СУУЛГАСНААС ШУЛУУН ГЭДЭС НЬ УРАГДАЖ, ШАРХАЛДАГ

ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, клиникийн профессор М.Дашаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн өтгөн хатах нь ихэссэн гэнэ. Уг өвчний тархалт ямархуу байна вэ?

-Манай тасгаар жилд дунджаар 10 мянга гаруй хүүхэд үйлчлүүлдэг. Өдөрт 100 гаруй хүүхэд үзүүлдгийн 30-50 хувь нь өтгөн хатсаны улмаас хандаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн өтгөх хатах нь элбэг болсон гэсэн үг.

-Юунаас шалтгаалдаг юм бол?

-“Бохироо” гадагшлуулахад бэрхшээлтэй, хатуу хоргол гаргадаг, “хүндэрсний” дараа гэдэс хоосроогүй мэдрэмж төрөх, эдгээр шинж тэмдэг гурван сараас дээш хугацаагаар үргэлжилсэн бол өтгөн хатах хам шинж гэж үзнэ. Энэ нь ходоод, гэдэсний замын болон замын бус гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. Ходоод, гэдэснийх нь бүдүүн гэдэс гаднаасаа болон дотроосоо ямар нэгэн хавдар, хавангаар дарагдах, булчингийн давхаргын үйл ажиллагааны хямрал, шулуун гэдэсний өвчнүүд, зохисгүй хооллох буюу эслэг багатай хүнс хэрэглэх, бие махбодод ус, хөдөлгөөн дутагдсанаар үүсдэг. Харин ходоод, гэдэсний эрхтэн тогтолцоотой холбоогүйгээр өтгөн хатаж байгаа нь мэдрэлийн тогтолцоо, бодисын солилцооны эмгэгүүд, эмийн гаж нөлөө, сэтгэлийн хямралаас улбаатай. Монголчууд ялангуяа эмийн тунг хэтрүүлэн, дур мэдэн хэрэглэдэг. Улмаар хүүхдэдээ эмчийн зааваргүйгээр эм уулгах нь хавтгайрсан. Тухайлбал, хар тугалгын архаг хордлого, төмрийн бэлдмэл, шээс хөөх болон никотины хүчил бүхий эм өтгөн хатахад хүргэдэг. Мэдрэлийн гаралтай өвчинд нугасны гажиг, булчингийн хатангиршил, гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин зэргээс болж бас өтгөн хатна.

-Танай тасгаар үйлчлүүлж буй хоёр хүүхэд тутмын нэг нь өтгөн хатах зовуурьтай байна гэлээ. Өвчний улмаас уу, эсвэл өөр шалтгаантай юу?

-Энэ нь үйл ажиллагааны хямралаас болсон, эсвэл эмгэг, өөрчлөлт байна уу гэдгийг тодруулахын тулд олон төрлийн шинжилгээ хийдэг. Хамгийн эхэнд бүдүүн гэдэсний үйл ажиллагааг шалгана. Ерөнхийдөө дурангийн эл хоёр шинжилгээгээр онош тодордог. Тэгэхэд өтгөн хатдаг хүүхдүүдийн олонх нь хоол, хүнсний буруу хэрэглээнээс улбаатай байсан.

-Нярай хүүхэд хүртэл өтгөнөө гадагшлуулахгүй олон хонох тохиолдол байдаг гэсэн. Зарим эмч үүнийг “Одоогийн хүүхдүүдийн бүдүүн гэдэс нь төрөлхийн урт болсон” гэж тайлбарлахыг сонссон. Энэ үнэн үү?

-Нярай хүүхэд бүр ийм зовуурьгүй л дээ. Гэхдээ гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удаан байдагтай холбоотойгоор өтгөн хатах нь нийтлэг бөгөөд ихэнхдээ эмээх шаардлагагүй. Дээр хэлсэнчлэн бүдүүн гэдэсний үйл ажиллагааг шинжлэхэд нарийссан, өргөссөн үгүй нь “харагддаг”. Нийтээрээ тийм биш ч хүүхдүүдийн бүдүүн гэдэс нь төрөлхийн урт болсон нь үнэн. Энэ нь өтгөн хатах хоёрдугаар шалтгаан болж байна.

-Томчууд хүүхдийнхээ өтгөнийг хатаж буй, эсэхийг бараг тоодоггүй. “Бор” хоолонд оруулахаар угаасаа л тэгэх ёстой мэтээр хүлээж авах нь бий. Ийм зовуурьтай удаан явснаар үүсэх урхаг, хүндрэлийн талаар зөвлөөч. Эмгэг болтол нь хүндрүүлэхгүй, урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Хүүхдийн өтгөн хатах хам шинжийг томчууд төдийлөн анхаарч, мэддэггүй нь үнэн. Хоолонд дургүй болох, бие засахдаа зовуурьтай, дүлэх, ядарч сульдаж, турж буйг нь анзаарахгүйгээр “Манай хүүхэд хоол идэхгүй байна” гэх нь олонтоо. Түүнчлэн хүүхдээ суултуур, хөтөвчинд удаан суулгадаг зэргээс болж шулуун гэдэс нь урагдаж, шархлах нь элбэг. Өтгөнөө удаан хугацаанд хураах нь бүдүүн гэдэсний эмгэг, өөрчлөлтийг даамжруулах буюу өвчнийг сэдрээх эрсдэлтэй. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ өтгөний хэмжээ, хоорондын зай, өөрт нь илэрч буй шинж тэмдэг зэргийг сайн ажиглах хэрэгтэй. Хэрэв эмч хоол, хүнснээс шалтгаалсан гэж оношилсны дараа арга хэмжээ аваад ч өтгөн нь үргэлжлүүлэн хатсаар байвал өөр эмгэг, шалтгаантай байж болох тул нарийн шинжилгээ хийлгэнэ. Буруу хооллосноос үүдсэн өтгөн хатах өвчнийг тууштай дэглэмээр бүрэн эмчлэх боломжтой. Эслэг ихтэй жимс, ногоо түлхүү хэрэглүүлэх, халуун усанд ойр ойрхон оруулж, иллэг хийх, хөдөлгөөнтэй байлгах шаардлагатай гэв.

Манай эцэг, эхчүүд хүүхдэдээ нас, биеийн онцлогт нь тохирсон хоол, хүнс хэрэглүүлэх талд энэ мэт учир дутагдалтай аж. Тэдэнд тусад нь цэс боловсруулаад, өдөр бүр илчлэг чанартай, өөр өөр төрлийн хоол хийж өгч чаддаггүй юм гэхэд жимс, ногоогоор баяжуулах шаардлагатайг дээрх жишээ, баримт харуулна. Тодруулбал, бидний байнга шахам иддэг бууз, хуушуур, цуйван, гурилтай шөл, бүхэл мах зэргийг хүүхдийн жижигхэн ходоод шингээж хүчрэхгүй, гүрвэлзэх хөдөлгөөн нь саардгийг эцэст нь тэмдэглэе. Түүнчлэн нэг хоолноос нөгөөгийн хооронд талх, боов, амттанаар аргацааж, өөрөөр хэлбэл, хүүхдээ цадгах буюу өл дарах төдийхнөөр хооллосоор өвчинтэй болгож буйгаа эцэг, эхчүүд анхаараасай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)