“Өлөн тоос” ч тогтох учиргүй өндөр алба

Монголын улс төрийн “халуун” буурахгүй нь. Дэмийртлээ “халуурч”, дангаар байгуулсан Засгийн газраа дахин тонгорох шахав, эрх баригчид. Тэдний дотоод зөрчил төрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, түмэн олноо талцуулан, тэмцэл, жагсаалд ч турхираадхав.

“Олгой хагаравч тогоон дотроо” гэх үг одоо манай улстөрчид, шийдвэр гаргагчид, ер нь бидэнд үнэ цэнгүй болсон мэт. Бие биеэ үзэн ядах, үгийн муухайгаар гутаах, үхэл зөгнөж хараах, басхүү магтан дуулах, бялдуучлан зусардах, бурхан лугаа тахин шүтэхийн заагт ямар ч хамаагүй аргаар эрх мэдэл олж авах, албан тушаалын төлөөх тулаан өрнөж байна. 

Тэдэнд энэ хөөрхийлөлтэй тойргоос хальж сэтгэх, холыг харах сөхөө алга. Дэлхий ертөнц, олон улс бидний хэрүүлийг алган дээрээ тавьсан мэт анхааралтай ажиглаж, авах арга хэмжээгээ ямар байдлаар төлөвлөж буй нь хүртэл тэгтлээ чухал биш болжээ, манайханд.

Тэдний тэмцэлдээд буй зүйлийн дэргэд энэ улсын гадаад бодлого, олон улсын нэр хүнд огтоос чухал биш юм байна.

УУЧЛАХАД УЧИР БИЙ

Ойрын жишээ дурдъя. Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон О.Энхцэцэгийг хүлээн авагч орон нь “хөөсөн” гэх мэдээлэлд хэн анхаарал хандуулсан юм бэ. Хэдэн сэтгүүлч Гадаад харилцааны сайдын араас Төрийн ордны хонгил (коридор)-д хөөцөлдөж байж, Элчин сайд О.Энхцэцэг чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг түмэнд олонд дуулгаснаас хэтэрсэнгүй. 

О.Энхцэцэг гэх эмэгтэйн мууг үзэж, чичлэх гэсэнгүй. Тэр бол манай урдаа барьдаг дипломатчдын нэг. Энэ албанд 30 гаруй жил ажиллаж, томилогдох хүртлээ Гадаад харилцааны яаманд Газрын захирлын алба хашиж байсан бүсгүй. Түүнийг томилоход УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд эрх бүхий субъектүүд нь бүгд мэргэжлийн талаас ихэд үнэлж, олзуурхсан. Албан тушаалын “бялуу” хувааж, “Англи хэл ч мэдэхгүй хүнийг Элчин сайд болгодог” гэх наад захын гомдол, шүүмжлэлийг дипломат томилгооноос холдуулахад түүний салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал дөхөм болсон. 

Гэвч тэр дипломат ёсонд мөрддөг наад захын дэг жаягийг зөрчсөн төдийгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж Шведийн тал үзсэн байна. Тэрбээр гэр бүлийн гишүүддээ тус улсад оршин суух эрх хүсэхдээ Шведийн хууль, тогтоомжийг зөрчиж, хуурамч мэдээлэл, материал бүрдүүлсний улмаас түүнийг боловсноор “хөөсөн” байгаа юм. Тиймээс тэрбээр чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан юм билээ.

Амьдралд юу ч тохиолдож болно. Хүн ёсны харилцаа, эцэг эх, үр хүүхдийн амин холбоог юу ч үл орлоно. Харамсалтай нь, энэ тохиолдолд О.Энхцэцэгийн бус, Монгол Улсыг нэр хүнд хөндөгдөнө. О.Энхцэцэг гэх эмэгтэй эх, үрийн элбэрэл, журмыг сахих гээд харь улсын хууль, дипломат ёсыг уландаа гишгэлээ гэж хэн ч ойлгохгүй. Монгол Улсын төлөөлж томилсон элч нь Шведийн хуулийг юман чинээ тоосонгүй гэх дүгнэлтээс хаашаа ч зайлахгүй. Монгол Улс Шведтэй баримтлах харилцаандаа ийм л хайнга ханддаг юм байна гэх ойлголт төрүүлсэн нь гарцаагүй.

Ийм ойлголт төрүүлэх хөрс, суурь ч хэдийн бүрдээд байсан гэхэд болно. Учир нь түүнээс өмнө тус улсад Элчин сайдаар сууж асан М.Энхсайханыг эгүүлэн татсанаар дараагийн хүнийг нь томилохгүй нэлээд удсан. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сард сонгогдон, Төрийн тэргүүний тангараг өргөсөн даруйдаа М.Энхсайханыг эгүүлэн татах байр сууриа илэрхийлсэн.

Тухайн үед М.Энхсайханыг Элчин сайдаар томилохыг УИХ дэмжээд ердөө зургаа, Шведийн Вант Улсын хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад дөнгөж хоёр сар болсон байв. Монгол Улсын гадаад бодлого, тэр дундаа Шведтэй баримтлах харилцаа нь Төрийн тэргүүн хэн байхаас хамааран өөрчлөгддөг, эсэхэд тус улсын төр, засгийнхан эргэлзсэн нь лав. Эсвэл өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь М.Энхсайхан гэж үл бүтэх этгээдийг тэдэн рүү илгээсэн юм биш биз хэмээн гайхсан байхыг үгүйсгэхгүй.

Харин үүнд ул суурьтай хандаж, хойшид ийм алдаа хэрхэвч гаргаж болохгүйг анхааруулах хүн энэ төрд алга. Европын улс орнуудад монгол хүн зорчих, виз мэдүүлэхээс авхуулаад хоёр улсын дипломат харилцаа, гадаад бодлогод нөлөөлөх вий гэж сэрэмжлэх сөхөө алга, тэдэнд. Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын нэр хүнд олон улсад унаж, гадаад бодлого нь ганхаж байна.

ЗОРИУДЫН ГАЦАА: ЗӨВ БА БУРУУ

Ийнхүү томилогдсон нэг нь хугацаа заагдан нутаг буцаж байхад өмнөх Ерөнхийлөгч нь нэр дэвшүүлж, УИХ дэмжсэн атал дараагийн Ерөнхийлөгчид “дарлуулж” суугаа хүмүүс ч бий. Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг бараг хоёр жилийн өмнө Япон, Канадад Элчин сайдаар томилохыг УИХ дэмжсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга итгэмжлэх жуух бичгийг нь өгөөгүй, оронд нь өөр хүмүүс явуулсан. 

Тэднийг Тайланд, Австралид Элчин сайдаар суулгахаар дахин зүтгүүлсэн ч бүтэлгүйтсэн. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тэднийг томилохгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байхад ингэж зүтгэж, зүтгүүлэх хэрэг байдаг ч юм уу. “Албан тушаал амь биш” гэдэг дээ, уг нь. “Залуу хүмүүсийн замын хүзүү урт” хэмээдэг сэн. 

Гэвч нөгөө талаас тэд өнгөрөгч сонгуульд ялсан, өдгөө эрх барьж буй намын албан тушаалын “бялуу”-нд хамрынхаа үзүүрийг хүргээд өнгөрсөн төдий. Энэ улсын гадаад, дотоод аль ч бодлогын залгамж чанар алдагдаж, мэргэжлийн биш, нам, бүлэглэлийн хүмүүс илүү үнэлэгдэж буй нь өнөө цагийн үнэн төрх билээ.

Итгэмжлэх жуухаа хүлээж буй өөр нэг хүн бий. Тэр бол ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц. Түүнийг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг УИХ яг жилийн өмнө дэмжсэн. Харин БНСУ түүнийг хүлээн авах, эсэх хариугаа өнөө хэр ирүүлээгүйг албаныхан хэлдэг. 

Ерөнхийлөгч ч итгэмжлэх жуухыг нь өгөхгүйгээ шулуухан илэрхийлчихсэн. Монгол Улсын тусгай албыг толгойлж, “…БНАСАУ-д манай улстөрчид зэвсэг нийлүүлдэг” гэх мэдэгдлээрээ төрийн эрх барих дээд байгууллагын танхимд “бөмбөг” тэсэлж байсан түүнийг хууль тогтоогчид муулж, шүүмжилсэн атлаа дэмжчихсэн шүү дээ. 

Гэтэл аливаа улс дипломат албандаа туйлын анхаарал, болгоомжтой ханддаг. Тухайлбал, гадаад харилцааны талаар өргөн мэдлэгтэй, хоёр улсын харилцааг хөгжүүлж өндөр түвшинд хүргэж чадах хүнийг л тэнд ажиллуулдаг. Гадаад хэлний мэдлэг, биеэ авч явах, хүмүүстэй харилцах соёлоос авхуулаад ажлын туршлагыг нь нэгбүрчлэн харгалздаг. Чухамдаа төр улс, түмэн олны төлөө чөмгөө дундартал зүтгэдэг хүнийг л дипломат албанд тохоон томилдог.

АЛБАН ТУШААЛ АВСАН БОЛ ӨГЧ СУР

Эдгээр шаардлагыг хангасан ч эх орондоо “саатуулагдаж” байгаад итгэмжлэх жуух бичгээ авсан Элчин сайд нар бас бий. Тэр бол Элчин сайд Ё.Отгонбаяр, Л.Пүрэвсүрэн, А.Баттөр Тэднийг өмнөх УИХ дэмжчихээд байхад бараг хоёр жилийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга итгэмжлэх жуух бичгээ өгсөн юм даг. 

Манай орчин цагийн гадаад харилцааны түүхийг сайн мэдэх хүмүүс ийм явдал Монголын гадаад харилцааны түүхэнд өмнө нь гараагүйг хэлж, манай улсыг гадаад ертөнцөд тун эвгүй харагдуулахыг анхааруулж байсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын эл үйлдэл нь өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг үгүйсгэж, үргэлжлүүлэхгүй гэдгээ илэрхийлж буй хэлбэр гэж тайлбарлах хүн олон байв.

Тэгвэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг гадаад бодлогыг шинэ шатанд гаргаж, Монголын олон улс дахь нэр хүндийг дээшлүүлсэн гэж үнэлэх нь бий. Үүнд АСЕМ-ын уулзалтыг эх орондоо зохион байгуулсан нь багагүй хувь нэмэр оруулсан. Харин уг уулзалтыг зохион байгуулахдаа их хэмжээний мөнгө угаасан, хувьдаа завшсан байж болзошгүй талаар холбогдох төрийн байгууллагаас танилцуулаад буй. 

Үүнд Францад суугаа Элчин сайд А.Баттөр, Швейцарт суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн нарын нэр дурдагдаж байгаа. Тэд Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж, АСЕМ-ыг зохион байгуулахад гардан оролцсон. Тиймээс АСЕМ-ыг зохион байгуулахад зориулсан хэдэн зуун тэрбум төгрөгийг дур зоргоор зарцуулсан гэх хардлага, шүүмжлэл тэднийг дагалдаж байгаа юм.

Үүнээс гадна тухайн үед Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, АСЕМ-ын уулзалтад бэлтгэх ажлын албыг ахалсан, өдгөө БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг ч дээрх хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн мэдээлж буй. Юутай ч энэ мэтчилэн Элчин сайд нар их хэмжээний мөнгийг зориулалтын дагуу ашигласан, эсэх дуулианд холбогдчихлоо. 

Монголдоо байгаа бид чухам аль нь үнэн, эсэхэд эргэлзэж байхад гадаадад байгаа нутаг нэгтнүүд, тухайн улсын албаны хүмүүс чухам юунд итгэх вэ гэдэг нь түвэгтэй. Тиймээс харьд Монгол Улсыг төлөөлж буй хүмүүс энэ мэт эргэлзээтэй байдал үүсгэхээс урьтаж, санаачилгаараа шалгуулчихад гэмгүй. Элчин сайд С.Баяр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөд ИБУИНВУ дахь монгол иргэдийн эсэргүүцэл хүчтэй нөлөөлсөн. 

Нэгэнт нутаг нэгтнүүд нь хүлээн зөвшөөрөхгүй, томилсон инситуцийнх нь залгамж халаа болон шинээр сонгогдсон Ерөнхийлөгч эгүүлэн татах хүсэлтээ эрх бүхий байгууллагад уламжилсан тул Элчин сайдын суудалтай зууралдах шаардлагагүй гэж үзсэнээ тэр хэлж байсан. Одоо түүнийг хуулийн байгууллага шалгаж буй.

Нутаг нэгтнүүд нь эсэргүүцэж, Элчин сайдын яамныхаа гадаа жагсахад хүргэж буй хүн үүгээр дуусахгүй. ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаагийн талаар янз бүрийн гомдол, шүүмжлэл хөвөрдөг. Бүсгүй хүн болохоор нь бөөрөлхөөд байх ч талтай. Үүнийг эцэслэхийн тулд шалгуулчих л хэрэгтэй.

Монгол төрийн гадаад бодлогод Ерөнхийлөгч чухал үүрэгтэй. Энэ Ерөнхийлөгчийн үлдээх “өв” юу болохыг өнөөдөр хэлэхэд эртдэж мэднэ. “Үеэ өнгөрөөсөн улстөрчид, ойр дотныхондоо “бэлэг” болгон тарааж ирсэн” гэх тодотгол Элчин сайдын албанаас арилах шинж алга. 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэхэд л албаа өгөхөөс урьтаж анд найз, шадар зөвлөх нараа Элчин сайдаар томилчихоод явсан шүү дээ. УИХ хэлэлцэхдээ ч энэ мэт зүйлийг хөнддөг ч хараагүй, мэдээгүй юм шиг гараа өргөн дэмждэг. Элчин сайд гэдэг “өлөн тоос” ч тогтох учиргүй өндөр алба юм. Үүнийг томилж буй нь, томилогдож байгаа нь ч умартах учиргүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)