“Өлсгөлөн” малчин, Өвчилсөн улс төр

Энэ онд Монгол Улсын мал сүргийн тоо таван төрлөөр өсөн 61.5 сая давж, түүхэн дээд амжилт тогтоожээ. Уг нь ч жил болгон л малын тоо толгой өссөн дүн гардаг юм (2015 онд малын тоо толгой өмнөх жилийнхээс 3.9 саяар өссөн бол энэ онд 5.6 саяар нэмэгдээд буй). Үндэсний статистикийн хорооныхон “Бидний гаргасан тооллого, тооцоонд эргэлзэх хэрэггүй. Бүх зүйл нарийн хяналт дор явагддаг” хэмээн сэнхрүүлж байна. Үнэндээ энэ нь хотынхны хувьд баярлахаар таатай мэдээ юү, эсвэл үгүй юү гэдэг нь ч эргэлзээтэй.

Гэтэл нөгөө талд нь эсрэгээрээ “Малчдын амьдрал хэцүүдлээ” гэдэг олиггүй үг голдуу улстөрчдийн амнаас байнга унаж байдаг нь хачирхалтай. Тэр үнэн юм бол сая саяар өсөөд байгаа малын ашиг шим, ач тусыг тэгээд хэн хүртдэг болж таарах вэ. Лав л Улаанбаатарчууд биш.

Арга ядаад хоосон хонох дээрээ тулсан байлаа ч энүүхэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгон руу ухасхийгээд, мянгат малчин Балдангийн хоттой хониноос ганц төлөг төхөөрөөд идэх эрх бидэнд байхгүй. Хэдийгээр Улаанбаатар хотын мянгат малчдын тоо энэ онд долоогоор нэмэгдэж, 36 болсон ч иргэний хувийн өмч рүү тэгж дураараа халдаж болдоггүй ардчилсан нийгэмд бид амьдарч байгаа учраас аргагүй юм.

Хувийн өмчийн талаарх хотынхны ой тойнд бат суусан энэхүү итгэл үнэмшлийг харин нухчиж, “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” хэмээн ухуулан мунхруулж, уяраан сэнхрүүлж дөнгөдөг шидтэй хүмүүс бол улстөрчид. Тэднийг “Зуд боллоо шүү. Хандивын аян өрнүүлж, малчдадаа тусалъя”, “Малчдын гол амин зуулга болсон мах сүү, ноос ноолуур, арьс ширний үнэ навс уналаа. Хөнгөлөлт урамшуулал олгоё”, “Малчны зээлийг хамгийн хямд хүүтэй болгоё”, “Малчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж тооцъё”, “Малчдад өвс, тэжээл хямдралтай үнээр худалдъя, бэлэглэе” гэх тоолонд бид хүлцэнгүй толгой дохин хандив өргөдөг.

“Ингэхэд Монголд ер нь малчдаас өөр хүн байдаг юм болов уу” гэж гомдтол малчид руу чиглэсэн төр, засгийн бодлого л үеийн үед тогтвортой, илүү өргөн хүрээнд далайцтай хэрэгжсээр ирсэн. Малчдыг бүхнээс дээгүүр тавин халамжилсан хууль журам батлахад нь дуугүй байж, төсвийн мөнгийг хуваарилахдаа энэ улсын хүн амын тал нь шахуу амьдарч буй Улаанбаатарын иргэдээ үл хайхарч, 16 мянган хүн амтай Говьсүмбэр аймгийг 278 мянган Сонгинохайрханчуудтай адилтган үздэгийг нь уучлан боддог билээ.

“Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн энэхүү үзлээр бол манай улс өнөө жил 10 мянга шахам мянгат малчин өрхтэй болж, хоёр, гурав, дөрвөн мянгат малчны тоо л гэхэд 600 хэдийнэ гарчихсан юм чинь эдийн засгийн баргийн хямралыг ажралгүй даван туулах нигууртай байгаа юм. Мянгатуудын тоо өнгөрсөн жилийнхээс 1000 гаруйгаар өссөн гээд л бодчих. Зөвхөн Төв аймагт л гэхэд 1000-аас дээш малтай 1088 өрх байна. Тэгэхээр ёстой нөгөө “сүхээр цохиод ч үхэхгүй” гэдэг шиг ямар ч байсан 61.5 сая малтайгаа байхад монголчууд өлбөрөөд үхчихгүй байх аа.

Малын тоо өссөн ч малчдын амьдрал уруудлаа гэдэг энэхүү урвуу хамааралтай мэдээллийн дунд ядаж ганц ийм зүйлд найдах эрх хотынхон бидэнд бий байлгүй. Тэгээд ч гуравхан сая хүнтэй, хүнийхээ тооноос даруй 20.5 дахин олон тооны малтай байж “2016, 2017, 2018 оныг дамнасан эдийн засгийн их хямралаар монгол хүн түүхэндээ анх удаа өлсгөлөнгөөр үхсэн гэдэг” хэмээн дэлхийн хэвлэлд бичигдвэл жаахан ичмээр л юм даа.

Хамгийн гол нь малчдыг хашаатай мал шиг нь санан, өчүүхэн эрх ашгийнхаа төлөө хувийн тоглолт хийгээд буй улстөрчид үг яриагаа бодох хэрэгтэй байна. Бид чинь тал дүүрэн бэлчсэн 60 сая малтай ард түмэн шүү. Нэг үе “алтан дээр сандайлсан гуйлгачин” хэмээн цоллуулдаг байснаа одоо бүр байгаад “60 сая гаруй малтай хэрнээ модоо барьсан гуйлгачин” гэдэг нэр зүүх дээрээ тулбал тэр нь та нарын буруу болж таарна.

Чадал нь хүрвэл Монголын өргөн уудам нутагт хэдэн мянган мал өсгөж үржүүлсэн ч тэдний дур, өвсний сөлтэйг, усны ойрыг дагаж, үнэгүй бэлчээрээс сорчлон нүүдэллэх бүрэн эрх мянгатуудад л байдаг атлаа байгалийн бэлчээрийг өөрсдийн зоргоор хайр гамгүй ашигласныхаа төлөөсөнд ямар нэгэн татвар, шимтгэл, түрээсийн мөнгө төлдөггүй болохоор үнэндээ сэтгүүлч миний хувьд хэт олон малтай хүмүүсийг өөнтөглөдөг байлаа. Тэгсэн бүгд тийм биш юм билээ.

“Малчин бид дандаа л улсаас авч байдаг. Энэ удаа улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа ийм үед нэмэр хандив болъё” гээд өнгөрсөн намар жирийн нэг мянгат малчин өвгөн улсдаа 100 хонь бэлэглэж, бусдыгаа ч уриалсан. Гэтэл тийм сайхан санаачилгыг цааш үргэлжлүүлээд, орон даяар ажил хэрэг болгож чадахгүй, тэгэхийг хүсэхгүй байгаа төрийн түшээдийг яалтай билээ.

Мянгат малчны мал хандивлаж буйг дэргэдээс нь хоёр чихээрээ сонсож, хоёр нүдээрээ харж байсан төрийн түшээд нь ч, орон нутгийн удирдлагууд нь ч бэлгийн хонийг очиж авалгүй он гаргачихсан гээд бод доо. Тэдгээр хонийг Хэнтийгээс хот руу авчирч, мөнгө болгох аргагүй байсан юм бол ядаж орон нутгийнхаа малгүй, ядарсан айл өрхүүдэд 20, 30-аар нь тарааж өгөөд, амьдралд нь дэм өгч болох байтал тэгсэнгүй.

Малчин хүн улсдаа юу байгаагаасаа өгье гэхээр “Та нар дэмий юм яриад байлгүй, зүгээр л алгаа тосоод, дээшээ хараад сууж бай. Бид бусдыг нь зохицуулна” гэж хазаарлачихаад, маниас авахдаа болохоор уургын морь шиг ухасхийж, түүгээрээ нэр хүнд олох гэдэг муухай зангаа татмаар юм.

Эндээс харахаар ерөөс улстөрчид л малчдыг аминч, бас бэлэнчлэх сэтгэлгээний “дамжаанд” үнэгүй суулгаад байх сонирхолтой байдаг бололтой. Тэгээд өөрсдөө өмнүүр нь илжиг болон хаа сайгүй “жороолж”, бас зориуд өдөөн хатгаж занг нь эвдэж байдаг юм биш үү.

Мал бол хааш нь ч, яаж ч “хувиргаж” болох хөрөнгө учраас ялангуяа сонгуулийн үеэр улстөрчдийн сонирхол ийшээ чиглэж, янз бүрийн жүжиг найруулан тавьдаг гэдэг ортой биз. Тийм болоод л хүн ам, орон сууцны тооллогыг 10 жилд ганц удаа хийдэг хэрнээ мал сүргээ болохоор жил тутам тоолдог байлгүй. Харин нэгэнт тоолоод гаргаад ирсэн дүн нь байхад бодит байдлаас тэс өөр зүйл ярьж өөрсдийгөө болоод улс орноо онигоонд оруулах хэрэггүй дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)