Өлсгөлөнг давалгаалуулмааргүй байна гэв

МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй 14 хүн Тусгаар тогтнолын талбайд нойтон өлсгөлөн зарлаад 58 цаг (15.00 цагийн байдлаар) болж байна. 13.00 цагийн орчимд зарим хүний биед сөрөг өөрчлөлт гарч, дотор муухайрах, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрсэнтэй холбоотойгоор түргэн тусламж дуудав. Тус намын нарийн бичгийн дарга Н.Удвал “Манай намаас УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өлсгөлөнд нэгдэхээр өргөдлөө өгөөд буй ч бид бүхэн үүнийг газар авахуулж, давалгаалуулахгүй байхыг хүсэж байна” хэмээн онцолсон. Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр АНУ-ын конгресийн гишүүдтэй уулзах үеэр “Цагдаагийн газрын даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна” хэмээснийг эш болгож байсан юм.

Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялгүй, сонгуульд оролцож болно гэсэн байхад МАНАН-гийнхан үүний эсрэг ажиллаж байна” гэсэн бол Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Иргэдэд олгодог лавлагааг хүртэл ингэж улстөржүүлнэ гэж бодсонгүй. Энэ тэмцэл сонгуулийн санал хураах өдөр хүртэл үргэлжлэх ёстой” хэмээж байв. Өнөөдөр 16.00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаантай бөгөөд үүсээд буй асуудлаар өмнө нь ээлжит бус хуралдаан хийх санал Ерөнхий сайдад тавиад буй аж.   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)