Өдөр бүр үхэлтэй тулах хэцүү

МОНГОЛЧУУД ХАВДАРТ ИДҮҮЛЖ БАЙНА

Хавдрын эмнэлэг хүнээр хахжээ. Энэ бол монголчууд хавдарт хэр “дарлуулж” буйн илрэл. Хөл гишгэх зайгүй шахам эмнэлэгт очоод гайхаж, цочирдсон талаараа иргэд өдөр бүр л ийнхүү ярьж байна. Ярьсаар бүр дасал болжээ. Ийм зүйлд дасах нь буруу. Тэглээ гээд яах билээ. Гэхдээ иргэд нь халаглаж, нөхцөл байдлыг мэдэрч, мэдэж байгаа нь нэг талаар сайн.

Харин төрийн гурван өндөрдөг минь ээ, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Хавдрын эмнэлгийн байдал, монголчуудын өвчлөл харанга дэлдэх хэмжээнд хэдийн хүрчихжээ. Хэзээ энэ байгууллагад ирж, ажилтай нь танилцах вэ. Энд тэнд бүтээн байгуулалт хийнэ гэж тууз хайчлахаас илүүтэй ХСҮТ-ээ анхаарч, гараа сунгахгүй бол улс үндэстний хэмжээнд сүйрэл болоход ойрхон байна. Хэтрүүллээ гэж байгаа бол биеэрээ очоод хараач, халаглах нь лавтай.

Монгол хүнийг чадавхжуулна, энэ тэр улсын сургалтын тогтолцооноос суралцъя, ийм ч гоё, тийм ч сайхан бүтээл, бүтээгдэхүүн хийе, ургацаа төдөн хувь авъя, эдийн засгаа солонгоруулъя л гэнэ. Энэ бүхнийг хүн гэдэг баялаг бүтээдэг шүү дээ. Ажилчин зөгий үгүй бол үүрэнд бал хуримтлагдах уу. 

Үүн лүгээ адил эрүүл, ажлын чадвартай иргэн цөөрчихвөл энэ улс хөгжих үү. Юу юуны түрүүнд, хамгаас эхэнд тавих асуудал бол нийгмийн хөдөлгүүр болсон хүний эрүүл мэнд билээ. Хором бүрээр хэмжигдэж буй монгол амь бүхний төлөө “Өнөөдөр” чанга дуугарч байна. Энэ улсын эд, эс болсон хүн бүр дэмжээрэй.

Биднийг, бидний хайртай дотнын хэн нэгнийг аварч, сэхээхийн төлөө нойр, хоолоо хугаслан зүтгэхдээ аавын, ээжийн үүргээ дутуу хагас гүйцэтгэж гэр бүлээ өнчин мэт байлгаж буй энэ цагийн эгэл баатрууд болох эндхийн ажилтнуудын төлөө бүгдээрээ нэгдэе, дуугаръя. Овойтол нь мөнгө цуглуулж өгч чадахгүй ч төр, засгийнхны чихэнд дуу хоолойгоо хүргэх боломж бидэнд бий.

Өвчин эд баялаг, зэрэг, цол, баян, ядуу гэж ялгахгүй ирдэг хатуу, хахир зүйл. Өнөөдөр ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа нь байр байшингийн хүрэлцээтэй нэлээд холбоотой. Орох, гарах гарц нь нэг Хавдрын эмнэлгийн хашаагаар л ороход л газар, хашлага дээр сууж, хэн нэгнийхээ төлөө залбирч байгаа олон хүнийг та харах болно. 

Дотор ч ялгаагүй хар зах дээр байгаа мэт хүн багширсаар л. Аавыгаа, ижийгээ, ах, дүүсээ түшсэн, эсвэл тэднээрээ түшүүлсэн өвдсөн зовсон хүмүүс. “Ёо ёо”...Монголд минь хавдрын өвчлөл газар авчээ. Бид энэ өвчнөөр дэлхийд толгой цохиж явна.

“Өнөөдөр” ХСҮТ-ийн үйл ажиллагаа, тэндхийн эмч, сувилагч, ажилтнуудын ажлын талаар цувралаар нийтэлж, сурвалжилж буй.

ЭМЧ, СУВИЛАГЧ НАР СЭТГЭЛИЙН ДАРАМТАД ИЛҮҮ ОРДОГ

Тус эмнэлгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийнхан өдөр бүр шахам, зарим хоногт хэд хэдэн муу мэдээтэй байдаг нь ажлын нөхцөл, онцлогтой холбоотой. Эцсийн шатандаа орсон өвчиндөө шаналж буй хүмүүст аль болох өвдөлт мэдрүүлэхгүй, амьдралынх нь чанарыг тодорхой хэмжээнд дээшлүүлэх зорилгоор хөнгөвчлөх эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг эдний хамт олон гурван эмч, 10 сувилагч, хоёр туслах сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. 

Үүнээс гадна гэрээгээр ажилладаг нэг эмчтэй бөгөөд хорт хавдрын эцсийн шатанд орсон өвчтөнүүдэд дуудлагаар үйлчилдэг аж. Тасагтаа 16 ортой. Тасгийн эрхлэгч Н.Бадрал “Хөнгөвчлөх тасагт хэвтэхийн тулд хэдэн долоо хоног хүлээдэг их ачааллыг бага ч гэсэн нимгэлэх үүднээс ХСҮТ өнгөрсөн зургадугаар сараас гэрийн эргэлтийн үйлчилгээ эхэлсэн. Өдгөө гэрээгээр нэг эмч дуудлагаар үйлчилж байна. 

Сувилагч зайлшгүй шаардлагатай. Гэхдээ одоогоор тийм боломж, бололцоо алга. Уг нь гэрийн эргэлтийн үйлчилгээг нэмэгдүүлбэл ачаалал тодорхой хэмжээнд буурна. Одоогоор энэ үзүүлэлт 10 орчим хувьтай байна. Манай тасгийн ажлын онцлог нь сүүлийн шатандаа орсон өвчтөнүүдэд үйлчлэх.

Энэ утгаараа өвчтөнд болон ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгч, сэтгэл зүйн дэм болдог учраас эмч маань нэг айлд багадаа 50-60 минут саатахаас аргагүй байдаг” хэмээн тайлбарлав. Гэрийн эргэлтийн үйлчилгээ одоогоор багахан төлбөртэй. Хэрэв улсаас төсөв мөнгийг нь шийдээд, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлчихвэл төлбөргүй үйлчлэх боломжтой юм билээ. 

Ер нь хорт хавдрын сүүлчийн шатанд орсон өвчтөнүүдийн олонх нь хэвтэрт байдаг тул үр хүүхэд, ах дүү, хамаатан садан нь өвчнийх нь түүх зэргийг бариад амбулаториор “үзүүлж”, эмчилгээ, үйлчилгээнийх нь заавар, зөвлөгөө авдаг нь хэвийн үзэгдэл аж.

Энэ тасгийн ор хоногийн эргэлт 7-10 хоног. Гэхдээ үүнээс олон хонох тохиолдол хааяа бий. Амьдрах хугацаа нь өнөө, маргаашаар хэмжигдэж байгаа өвчтөнүүдийг “Ор хоног болсон, одоо гар” гэж хэлэх эрхгүй хэмээн тасгийн эрхлэгч учирлалаа. Тийм хүмүүсийг хүнлэг, хүмүүнлэгээр үдэх нь энэ хамт олны үүрэг.

Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн өвчтөнүүд болон ар гэрийнхэн сэтгэлзүйчээс байнга зөвлөгөө авахыг хүсдэг аж. ХСҮТ-ийн хэмжээнд нэг сэтгэлзүйч бий. Дуудсан цагт тэрбээр цаг алдалгүй ирж, үйлчилдэг.

Харин ХСҮТ, тэр дундаа энэ тасгийн эмч, сувилагч, ажилтнуудад сэтгэлзүйч, сэтгэл засалч байхгүй. Тэд өвчтөн, ар гэрийнхнээс нь ч илүүтэй сэтгэлийн дарамтад ордог юм билээ. Та бодоод үз дээ, нэг айлын хэн нэгэн хорт хавдрын улмаас нас барлаа. Ажил явдлынх нь үеэр уй гашуу, уйлаан, шаналалд автсан ар гэрийнхэн нь хэсэг хугацааны дараа тайвширч, хэвийн амьдралдаа орно. 

Гэтэл эндхийн эмч, сувилагч нар өдөр бүр ийм хүнд нөхцөлд ажиллаж байна. Өөрийнх нь ах дүү, садан төрөл биш ч гэсэн тэд өвчтөнүүдтэйгээ тодорхой хугацаанд хамт байж, дассан байдаг. Энэ бол хүн ёсны харилцаа. Нөгөөтээгүүр амьсгал хураасан болон амьдралын төгсгөлөө хүлээж буй өвчтөнүүдийн ар гэрийнхний хандлага, сэтгэлийн дарамт гэж айхтар зүйл эндхийн ажилтнуудад том нэрмээс болдог аж. 

Нэгэнт эдгэх боломжгүй нь тодорхой болсон хорт хавдартай хүний амьдралын төгсгөлийн шатанд хөнгөвчлөх л эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг тасагт өвчтөн нас барахад “Та нар л алчихлаа, ажлаа хийж чаддаггүй юм уу, амьсгалын аппаратаа залга, тариа хий” гэхчилэн нөхцөл байдлыг эрүүл бусаар хүлээн авдаг хүн цөөнгүй талаар тус тасгийнхан ярьсан. Ялангуяа сувилагч нарт асар их дарамт ирдэг гэнэ. 

“Монголчууд их хачин, бүр дэндүү гэмээр муухай авиртай. Эмч, сувилагчдыг ялгаварлан ханддаг, дээрэлхүү, захирангуй” хэмээн тэд учирласныг зориуд онцолъё. Тасгийн эрхлэгч болон бусад эмч ч энэ талаар “Ажлаасаа болж сэтгэлийн асар их дарамт авдаг хэдэн сувилагчаа өрөвддөг. 

Өдөржин “нүргэлдэг” ажлын хажуугаар шарил боож, ариутгал хийхээс эхлээд тэдэнд ажил мундахгүй” гэж байлаа. Уг нь сувилагч, асрагч нар л өвчтөнтэй гардан тулж, үйлчилгээ, сувилгаа хийдэг шүү дээ. Тэд л таны хайртай хүний эмзэг болсон арьс, мах, утас шиг нарийссан судасны “аргыг олж” тариа хийж, өтгөн, шингэнийг нь зөөж, цэвэрлэж, хэрэгтэй үед гарыг нь атгаж, сэтгэлийг нь аргаддаг юм шүү. 

Тэд ч бас өвддөг, уйлдаг сэтгэлтэй хүн. Гарцаагүй тохиолдох муу зүйлийн улмаас хүмүүсийн уур бухимдлыг хүлээн авдаг бай, бамбай нь тэд биш гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Энэ утгаараа энэ эмнэлгийн ажилтнуудад тусгай сэтгэлзүйч хэрэгтэй аж. Тус тасгийн эмч Л.Мөнгөнцэцэгийн хэлснээр зүгээр нэг сэтгэлзүйч бус, сэтгэлзүйч эмч хэрэгтэй.

Өнгөрсөн даваа гарагт тасгийн өвчтөнүүдээ үзэхийн зэрэгцээ амбулаторид ажилласан тэрбээр “Монголд хөнгөвчлөх эмчилгээний стандарт гэж бий, өдөрт 10-12 хүн үзэх ёстой. Гэхдээ бид стандартыг “мөрддөггүй”, тэр дагуу ажиллах нөхцөл ч алга. Өдөр бүр 18-20 өвчтөн үзэж, давсан ачаалалтай байдаг. Манай тасгийнхан бусад эмчээс ялгаатай. Зөвхөн үзлэг хийгээд зогсохгүй өвчтөн болон тэдний ар гэрийнхэн, асран хамгаалагчдад нөхцөл байдал, оношийнх нь талаар, мөн хөнгөвчлөх эмчилгээ, тусламж үйлчилгээ гэдэг нь ямар учиртай тухай тайлбарлана, муу мэдээ дуулгана. Тавилангийн талаар ойлгуулж, ярина. 

Монголчууд маань оношоо хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй хачин зантай. Ар гэрийнхэн нь ч өвчтөнд худал мэдээлэхийг хүсдэг, шаарддаг. Бараг 80 хувь нь эхэндээ тэгж “муйхарлана” шүү. Тиймээс өвчтөнөөс тусад нь тэдэнтэй уулзаж, ярьж, тавиланг нь олон улсын үнэлгээгээр хэлж, тайлбарлана гэх мэтээр нэлээд цаг зарцуулна. Дараа нь хамтад нь уулзаж, ярилцах зэргээр зөвхөн үзлэгт өчнөөн хугацаа зарцуулдаг онцлогтой. Гэтэл бид цаг хугацаандаа багтаж өдрийн үзлэгийн хүнээ авах гэж хамаг эд, эсээ үхүүлэн, зүтгэдэг. 

Хорт хавдартай хэн нэгнийгээ дагуулаад ирж байгаа хүмүүс сэтгэл зүйн хувьд тогтворгүй (уурласан, стрессдсэн, цочирдсон), бөөн бухимдалтай байдаг. Тэр нь бидэнд ч нөлөөлдөг. Нөлөөлж байна гээд бид адилхан уурлаад, загнаад байхгүй, дотогшоо “залгичихна”. Ийм нөхцөлд ажилладаг гээд бидний цалин хөлс нэмэгдэхгүй. 

Энэ талаар ярихаас ч ичмээр шүү дээ. Нөгөө талаар, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин тийм бага байхаар иргэдийн зүгээс эвгүй хандлага ажиглагддагийг нуухгүй. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн олонх нь маш их ядарч, сульдаж, бие даан хөдлөх тэнхээгүй болсон байдаг. Гэтэл ар гэрийнхэн нь адилхан байж л дараалал дайрч орох гээд зүтгэчихнэ. Учирлаж хэлээд нэмэргүй. 

Эмнэлгийн ажлыг энэ нь хүндрүүлдэг. Биднийг л хүнд сурталтай гээд байдаг нь харамсалтай. Гэтэл бид хүнд өвчтөнөө бодоод заримдаа унтаж чаддаггүй. Ингэж өдөр, шөнөгүй л оюун болон сэтгэлээрээ ажилладаг” гэж ажил хөдөлмөрийнхөө талаар учирлан хэлсэн. Л.Мөнгөнцэцэг ийнхүү ярьж дуусаагүй байтал хэд хэдэн хүн хаалгыг нь онголзуулан, эмчийн хэлснийг батлах гэсэн мэт зовлон тоочиж, “Өвчтөнөө үзүүлнэ” гэж зүтгэлээ, тэдний дараалал болоогүй аж. Мөн тэрбээр Монголд эмч бэлтгэх бодлого алдагдсан нь эмгэнэл гэдгийг онцлов. Муу сурсан ч хүсвэл эмч болж байгаа нь хүний амь, эрүүл мэнд, тавилангаар “наадагчдыг” бэлтгэж байгаагаас ялгаагүй гэснийг анхаараасай.

ГУЙСАН, ГУЙЛГАСАН ХОЁУЛАНД НЬ ХЭЦҮҮ

“Өвчтөнүүд биднээс хайр, халамж хүсдэг. Хажууд нь удаан байж, ярилцахыг, өрөөнд нь ойр ойрхон орж ирэхийг хүсдэг. Ямар нэгэн байдлаар сэтгэлийг нь унагах үг хэлэхээс бид зайлсхийдэг. Тэглээ гээд “Та эдгэнэ” гэж худал хэлэх эрхгүй. Харин гарыг нь барьж, мөрийг нь илэх, эсвэл даралтыг нь хэмжихдээ нүд рүү нь зөөлөн харах зэргээр өвчтөнүүдээ “аргаддаг”.

Зарим хүн энэ тасагт ямар өвчтөн хэвтдэгийг ч бүрэн ойлгоогүй ирдэг учраас янз бүрийн эмчилгээ нэхдэг. Ар гэрийнхэн нь нөхцөл байдлыг нууж, үнэнийг хэлэхийг хүсдэггүй. Амьдрал нь цаг, минутаар хэмжигдэхэд хүрсэн өвчтөнд үнэн, зөв мэдээлэх ёстой. Өөрт нь хэдий хугацаа үлдсэнийг мэдсэнээр хийхийг хүссэнээ гүйцээж, гэрээслэл юугаан үлдээх ёстой. “Өвчтөн өөрийн талаар үнэн, зөв мэдээлэл авах эрхтэй” гэж ДЭМБ-ын журамд заасан байдаг. Үүнийг бид тавилангийнх нь тухай муу мэдээ дуулгах гэдэг. 

Гэтэл эл цагаан ийм зүйлийг гэр бүлийнхэн нь өвчтний сэтгэлийг зовоохгүй гэсэндээ хэлдэггүй нь туйлын буруу” хэмээн ярих Н.Бадрал эмчийн утас байсхийгээд л хангинах юм. Тэр болгонд гуйлга. “Тэр минь хорт хавдрын сүүлчийн шатандаа оржээ. Танай тасагт хэвтэн, эмчлүүлэх дугаар авсан. Нэг сар хүлээх арга алга, бие нь тун тааруу байна. Яаралтай хэвтүүлж өгөөч. Дарааллыг нь хэд хоног урагшлуулах боломж байна уу” гэж гуйх хүмүүсийг буруутгах аргагүй. 

Бүгд л айхтар зүйлтэй тулж, сандарч, шаналж, таньж, мэддэг нэгэндээ хандаж байгаа шүү дээ. Ийм шалтгаанаар утасдах хүн нэг биш, хэдэн арав бий. Тэгээд зөвхөн Н.Бадралд биш, энэ тасгийн, эмнэлгийн эмч, сувилагч нарт хандаж байгаа. Харамсалтай нь, тэгэх боломж үнэхээр хомс аж. Гуйсан, гуйгаагүй, таньдаг, таньдаггүй ялгаагүй ачааллаас болж нэг сар хүртэл хүлээх нь хэвийн үзэгдэл учраас ийм хүсэлт болгонд сэтгэл нь шаналдаг талаар тэрбээр ярьсан. 

Адилхан нь шаналж, өвдөж байгаа, хэзээ мөдгүй болсон хүмүүсийн хэнийх нь дугаарыг ухрааж, хэнийг нь урдуур оруулах юм бэ, энэ л хамгийн хэцүү гуйлт. Тийм боломжгүй учраас маш их санаа зовж, стрессдэх шалтгаан болдог гэж хэлээд тэрбээр санаа алдав.

ХСҮТ хэчнээн ажилтантай билээ. Хэвтүүлж чадахгүй хэрнээ л “Одоо яах билээ” гэж хий сандарна. Дугаарыг нь боломж гарвал наашлуулахыг хичээе гэнэ. Ном журмынх нь дагуу үзүүлж, дугаар авчихаад, хэвтэх өдрөө хүлээж дийлэлгүй хорвоогоос явсан ах дүү, хамаатан садныхаа өмнөөс “ялтай” мэт санаа зовж яваа эмч, эмнэлгийн ажилтан цөөнгүй бий гэдгийг ч өгүүлсэн. 

Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч гэдэг утгаараа ийм байдал нь түүнд илүү хүнд тусдаг гэсэн. ХСҮТ-ийн ачаалал ийм л байна. Эндхийн эмч, сувилагч нар хэд нугалсан ачаалалтай ажилладаг нь хэвийн үзэгдэл. Үүнээс гадна “Энэ хүн амьсгал хураах нь. Сэтгэлээ бэлдээрэй” хэмээн ар гэрийнхэнд нь зөвлөж, хэлдэг тус тасгийнхан өөрсдөө сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж, “хатуужуулдаг” бол. 

“Муу мэдээ хүргэхэд үнэхээр хэцүү. Өвчтөнөөс илүүтэй ах дүү, үр хүүхэд нь сэтгэлийн тэнхээгүй хандах, цочирдож өөрийгөө хянаж чадахгүй үйлдэл хийх нь хэцүү. Тиймээс хэрхэн хэлэхээ их боддог. Үүнээс гадна үзэж байсан өвчтөнүүд нь нэг ирэхэд л “байхгүй болсон” гэсэн мэдээ сонсох маш хүнд, бүр аймаар. Нэг хэсэгтээ л хоосон оргиод, таагүй байдаг” гэж Бадрал эмч ярилаа. 

Ийм дарамттай, хэцүү ажилтай учраас тус тасгийнхан нэгнийгээ дэмжиж, урамшуулж, үг хэлээ бодоход анхаардаг гэсэн. Эс бөгөөс, ажлаас үүдэлтэй бухимдал, стрессээ хамт олон, цаашлаад гэрийнхэн рүүгээ “шидэх” нигууртай тул ямар нэгэн байдлаар өөрийгөө чөлөөлөх ёстой гэдэгт анхаардаг байна. Ер нь дэлхийн жишгээр бол сэтгэл зүйн дарамт авдаг ажил, мэргэжлийнхэнд зориулсан тусгай өрөө байдаг гэсэн.

ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн ахлах сувилагч С.Оюунгэрэл “1999 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн энэ тасаг хавдрын хожуу үедээ орсон өвчтөнүүдэд эмчилгээ, сувилгаа хийдгээрээ онцлог. Сүүлийн үед байгууллага маань орон тоо, үйл ажиллагаагаа боломжийнхоо хэрээр нэмээд л байна. Тэгсэн ч ачааллаа гүйцэхгүй байгаа нь хавдрын өвчлөл хэр байгаагийн илрэл. Тасаг маань орныхоо эргэлтээр маш их ачаалалтай байдаг. 

Нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулчихсан хэрнээ заримынх нь үйл ажиллагаа жигдрээгүй, эсвэл энэ төрлийн үйлчилгээгээ үзүүлдэггүй, мөн иргэдийн хандлага зэргээс болж манай руу хандсан хэвээр. Ачаалал буурахгүй л байна. Манайхан нөхцөл байдлыг мэдсээр байж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Зүхэж, хараах нь ч бий. 

“Эмнэлэг бараадчихаад аврагдах боломжгүй гэж юу гэсэн үг юм бэ. Та нар амьдруулах ёстой” гэж уцаарладаг. Гэтэл Австрали зэрэг оронд иргэд нь эрүүл мэндийн боловсрол сайтай учраас өвчтөн нь ч, ар гэрийнхэн нь ч аливаа нөхцөл байдал болон тавилангаа зөв хүлээж авдаг юм билээ. 

Өөр нэг асуудал нь хорт хавдартайгаа мэдчихээд эмнэлэгт хандалгүй баахан өвс, ургамал, амьтны мах идэж, ламаар явсаар бүр дордуулчихаад ирдэг. Хэрэв эрт үед нь мэдээд, цаг алдалгүй эмчилгээ хийлгэвэл хорт хавдар эмчлэгдэх боломжтой шүү дээ. Урьчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад явбал өвдөхгүй байх боломжтойг иргэд маань ойлгоосой” гэлээ.

Тус тасгийн сувилагч нар гурван ээлжээр ажилладаг. Сувилагчийн туслах нь зөвхөн өдрөөр ажилладаг юм байна. Тиймээс шөнийн ээлжний сувилагч туслахын ажлыг давхар гүйцэтгэдэг нь ачаалал дээр нэрмээс болдог гэнэ.

Энэ сарын 3-нд тус тасагт Ховд, Хэнтий аймаг болон нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн сувилагч нар дадлага хийж байлаа. Тэд гурван сарын турш ХСҮТ-ийн “школд” суралцана. Энэ тасгийн өвчтөнүүд асаргаа, арчилгаа илүүтэй шаарддаг.

Энэ утгаараа туслах сувилагчийн үүрэг, оролцоо маш их. Энэ өдөр гараатай байсан Н.Эрдэнэцэцэг ирсэн даруйдаа сүүж нь цоорсон нэг өвчтөний хэвтрийг сольж, угааж, цэвэрлэлээ. Үүнээс гадна орны даавууг нь сольж, янзална. Ингэхдээ сахиуртай нь хамжиж, дэмжиж, тэдэнд зөвлөж харагдав. Өвчиндөө шаналж, хэвтэрт удаан байсан хүмүүсийн арьс, бие маш эмзэг болсон байдаг учраас тун болгоомжтой, зөөлөн барьж, угааж, цэвэрлэх ёстойг тэрбээр ярилаа. Өдөртөө найман өвчтөнийг ийнхүү асарч, арчилдаг гэнэ.

Хавдар нь эцсийн шатандаа орж, бие нь дордсон, ганцаараа явж, бүр гишгэж чадахгүйд хүрсэн өвчтөнд үйлчилдэг тасгийн өрөөнүүдэд ариун цэврийн өрөө байхгүй. Тасгийн хэмжээнд хоёр жорлонтой. Тиймээс өвчтөнүүдийг хөтөвчид бие засуулж, цэвэрлэдэг нь нэг талаас ачаалал нэмдэг, нөгөөтээгүүр ариун цэвэр талаас асуудалтай санагдлаа.

Мэдээж эмнэлгийнхэн ариутгалыг хангалттай хийдэг ч хавдартай хүмүүсийн дархлааны тогтолцоо суларсан байдаг шүү дээ. Эмнэлгийн барилга 1980-аад оных, өрөө бүрт ариун цэврийн өрөө гаргах боломжгүй. Яалт ч үгүй шаардлагад нийцсэн шинэ барилга, байшин хэрэгтэй байна, нэн яаралтай. Үүнийг хэн, хэцүү шийдэж өгөх вэ, төр, засгийнхан минь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)