Өдөрт 200 литр сүү тушаавал нэмэлт 20 сая төгрөг олж болох нь

Өнгөрсөн оны дүнгээр манай улсад 70.9 орчим сая мал тоологдсон. Харин хүн амын нэг жилийн сүүний хэрэгцээг 200 гаруй сая литр хэмээн тооцдог. Сааль өгөх нийт малын тоог 30 сая, үүний 60 хувийг бог, нэг богоос өдөрт 0.5, бодоос хоёр литр сүү саана гэвэл зун, намарт дотоодоос нийлүүлэх сүү хүн амын жилийн хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох боломжтой. Гэсэн ч тээвэр ложистик, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо сайн бэхжээгүйн улмаас малчдын сүүг төвлөрсөн хот суурин газрын хэрэгцээнд болон үйлдвэрүүдэд хүргэхэд хүндрэл үүсдэг. Мөн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг тул өвөл, хаврын улиралд авах саалийн хэмжээ буурдаг. Шингэн сүүг боловсруулж хатаан, хуурай болгож буй үйлдвэр цөөн зэргээс шалтгаалан Засгийн газраас тогтоосон квотын дагуу томоохон үйлдвэрүүд хуурай болон өтгөрүүлсэн сүү импортолж хэрэгцээгээ хангаж буй юм. Тодруулбал, сүүлийн хоёр жилд бид хуурай, шингэн, өтгөрүүлсэн сүү, цөцгийн импортод нийт 27.5 сая гаруй ам.доллар зарцуулжээ. Тэгвэл импортын бүтээгдэхүүний хэмжээг багасгах, үүнд төлж байгаа хөрөнгийг хэмнэх зорилгоор төлөвлөж буй зарим ажлыг сонирхлоо.

Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас техникийн шаардлага хангасан, сүү боловсруулах үйлдвэрт түүхий эд нийлүүлсэн малчид, иргэдийн нэг литр тутамд 500 төгрөг олгох түр журам баталсан. Эл мөнгийг ирэх сарын 1-нээс олгох юм байна. Энэ оноос 2025 оны зургадугаар сар хүртэл мөрдөх уг журмын хүрээнд өвөл, хаврын улиралд буюу 11-6 дугаар сард сүү нийлүүлэгчдийг урамшуулах нь. Ингэснээр жил бүрийн дээрх хугацаанд 16-17 сая литр сүү малчдаас худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг 30 орчим хувиар өсгөхөөр тооцжээ. Өдгөө нийслэл болон ойр орчимд техникийн шаардлага хангасан, сүү боловсруулах том дөрөв, жижиг оврын 50 гаруй үйлдвэр бий аж. Харин улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех, хөргөлтийн 77 төв үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Гэсэн ч эдгээр үйлдвэр түүхий эдийн дутагдлын улмаас хүчин чадлынхаа 40 хүрэхгүй хувийг ашигладаг аж. Үүнээс гадна нийслэлийн ойр орчмын үйлдвэрт түүхий эд нийлүүлж буй фермүүд сүүний чиглэлийн 31 000 орчим үнээтэй гэлээ. Нэг үнээнээс өдөрт дунджаар 7-8 литр сүү сааж буйг ХХААХҮЯ мэдээлсэн. Энэ нь сүүний чиглэлийн сайн үүлдрийн үнээнээс өгөх саалийн дэлхийн дундаж үзүүлэлтээс 2-3 дахин бага дүн бөгөөд малынхаа үүлдрийг сайжруулах, бүтээгдэхүүний гарцыг нэмэхэд анхаарах учиртайг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Манай улс жилд 5000 орчим тонн шингэн, хуурай болон өтгөрүүлсэн сүү худалдан авахад чамгүй их хөрөнгө зарцуулж буй. Мөн хавар, өвлийн улиралд сүүний нийлүүлэлт буурч, малчид, фермерүүдийн орлого багасдаг. Үүнийг өөрчлөх, нийлүүлэгчдийг тогтмол орлоготой байлгах, улмаар сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд түр журам баталсан. Малчдын сүүний урамшууллыг данс руу нь шилжүүлнэ. Хамгийн гол нь техникийн шаардлага хангасан, холбогдох байгууллагууд баталгаажуулсан үйлдвэрт сүүгээ нийлүүлэх учиртай” гэлээ.

Тэгвэл сүүний үйлдвэрүүдийг баталгаажуулах, техник, тоног төхөөрөмж, үйл ажиллагааг үнэлэх ажлыг Монголын хүнсчдийн холбоо хийжээ. Өнгөрсөн баасан гарагт тэд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахуйц барилга байгууламж, төхөөрөмж, багаж, агуулах, тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгжүүдээс сонгон шалгаруулсан гэв. Бэлтгэн нийлүүлэгчээс түүхий сүү худалдан авах бүртээ и-баримт олгон, Нягтлан бодох бүртгэлийн болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг байх шаардлага ч тавьжээ. Дээрх шаардлагуудыг ханган, сүүний урамшуулал авах малчид, фермерүүдийг дэмжин ажиллах хүсэлтээ 15 компани ирүүлснээс 12-ыг нь боломжтой хэмээн тооцжээ. Тэдгээр аж ахуйн нэгжийн нэрсийг салбарын яам руу илгээснээ дээрх холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах дурдлаа. ХХААХҮЯ үйлдвэрүүдийн нэрсийг ирэх долоо хоногт зарлах бөгөөд малчид, фермерүүд аль үйлдвэрт сүү нийлүүлбэл урамшуулал авах боломжтойг мэдэх нь.

Сүү нь задгай, жижиглэнгээр цуглуулж, нийлүүлэхэд бэрхшээлтэй, амархан гашилж, чанар нь өөрчлөгддөг бүтээгдэхүүн тул өрх, жижиг фермүүд нэгдэн кластер, хоршоо байгуулан, нэгдсэн журмаар түүхий эд нийлүүлэхийг эрмэлзэх учиртай юм байна. Дээр дурдсанчлан манай улсад үйл ажиллагаа явуулж буй дийлэнх фермийн сүүний чиглэлийн нэг үнээнээс өдөрт 7-8 литр сүү саадаг нь дэлхийн дунджаас харьцангуй доогуур дүн. Одоогоор 31 000 орчим саалийн үнээний 80 хувь нь өрхүүдэд, үлдсэн нь механикжсан үйлдвэрүүдэд байгаа юм. Сүүний гарцыг сайжруулахад юуны түрүүнд үнээний “чанар”-ыг сайжруулан, шимт тэжээлээр тэжээх ёстой байдаг аж. Сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн нэг үнээнээс өдөрт 18, эрлийзээс нь наймаас илүү литр сааль авах боломжтой юм байна. Ийм хэмжээгээр сүү бэлтгэж буй аж ахуйн нэгж, өрхүүд байгаа ч төдийлөн олон биш гэнэ. Түүнчлэн цаашид тэжээлийн аж ахуйг хөгжүүлэхэд илүүтэй анхаарч, импортоор авдаг тэжээлийн хэмжээг бууруулах бодлого баримтлахаа холбогдох албаныхан мэдээлж байна. Тухайлбал, өдгөө 120 орчим тэжээлийн үйлдвэр, цех ажиллан, жилд 350 000 тонн бүтээгдэхүүн нийлүүлж буй аж. Энэ нь үйлдвэрүүд хүчин чадлынхаа 40 орчим хувийг ашиглаж буй дүн бөгөөд нэг жилд шаардлагатай тэжээлийнхээ 30 хүртэлх хувийг ОХУ, БНХАУ-аас худалдан авдаг гэнэ.

Мөн зун, намрын улиралд нийлүүлэх түүхий сүүг хатаан, хуурай болгох томоохон үйлдвэр дутмаг хэвээр байна. Монголын хүнсчдийн холбооны мэдээллээр орон нутагт бяслаг болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд оврын үйлдвэрүүд байдгаас хуурай сүү хийж буй нь тус байгууллагад бүртгэгдээгүй гэлээ. Нийслэлд АПУ, “Тэсо”, “Витафит” зэрэг томоохон аж ахуйн нэгжийг эс тооцвол мөн л хуурай сүү хийдэг үйлдвэр байдаггүй аж. ХХААХҮЯ-наас эхлүүлсэн “Хуурай сүү” төслийн хүрээнд 2020 он гэхэд 19 аймгийн 60 сумд өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүд байгуулна гэж гурван жилийн өмнө салбарын яам нь сүр дуулиантай мэдэгдэж байсан. Эл ажлын хүрээнд цөөнгүй аж ахуйн нэгжид зээл олгон, хуурай сүүний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Гэтэл одоо хүртэл дээр дурдсан томоохон үйлдвэрүүдээс өөр хуурай, хатаасан сүү, сүүн бүтээгдэхүүн хийж буй аж ахуйн нэгж алга. Товчхондоо, сүүний үйлдвэрийг хөгжүүлэх, импортын хамаарлыг бууруулах, малчдын орлогыг өсгөх зорилгоор хэрэгжүүлж буй нэг чухал шийдвэрийг малчдад олгох 500 төгрөгийн урамшуулал хэмээн салбарын яам тодорхойллоо. Ингэснээр 30 үнээтэй иргэн, өдөрт 200 литр сааль аван, үйлдвэрт нийлүүлбэл өвөл, хаврын долоон сард борлуулалтын орлогоосоо гадна 20 гаруй сая төгрөг авах боломж бүрдэх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)