Өдрийн зээл жижиглэн худалдаа эрхлэгчдэд асар их дарамт болж байгааг Ерөнхий сайдад уламжлав

“Нэг өдрийн” буюу “хоногийн” зээл гэх санхүүгийн харилцаанд ойрын жилүүдэд ард иргэд, тэр дундаа жижиглэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид олноороо холбогдож, багагүй хэмжээний хөрөнгө мөнгөөрөө хохирох, санхүүгийн болон сэтгэлзүйн дарамтанд өртөх явдал байсаар байна. 

Дээрх асуудалтай холбогдуулаад жижиглэн худалдаа эрхлэгч, ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөллүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, саналаа илэрхийллээ.

Тэд Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж торгуулийн доод, дээд хэмжээг зааж өгөх, өдрийн зээлийг цэгцлэх, СХД-ийн 23 дугаар хорооны 40 өрхийг эрчим хүчээр хангаж, газрын маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ялангуяа мөнгө хүүлэлтийн сүлжээ болсон өдрийн зээл жижиглэн худалдаа эрхлэгчдэд асар их дарамт болж байгааг хэллээ. Жижиглэн худалдаа эрхлэгчид арилжааны банкнаас зээл авах шалгуур хангадаггүй учир аргагүйн эрхэнд өндөр хүүтэй өдрийн зээл авдаг байна.

Хувиараа жижиглэн худалдаа эрхэлж байгаа иргэдээ  аль болох дэмжих ёстой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Тэднийг торгохоо урьтал болголгүй, аль болох анхааруулж сануулдаг байх, хууль, дүрэм, журмыг сурталчлан таниулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Жижиглэн худалдаа эрхлэгчид, холбоодын төлөөллийн тавьсан хүсэлтийг судалж, шийдвэрлэх боломж, гарцыг долоо хоногийн дараа эргэн танилцуулахыг мөн сануулав. 

Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын удирдлагууд оролцов 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)