Өглөө машин нь асахгүй эсвэл асахад хэцүү байгаа хүмүүст өгөх 7 зөвлөгөө

Хүйтний эрч чангарсан үед өглөө машины асаалт муудаж эсвэл асахгүй болдог. Тэгвэл ямар хүчин зүйлсээс болдог вэ? Ихэнх машинд тохиолддог түгээмэл 7 шалтгааны дэлгэрэнгүйг доорх нийтлэлээс уншаарай. Хэрвээ таны машин асахгүй болсон бол хамгийн зөв гарц нь дулаан гараашид оруулж гэсгээгээд асаах байдаг гэдгийг сануулъя.

1. Хэрэв таны автомашин өглөө асаах үед мотор удаан эргэж байвал таны аккумулятор хүйтэнд бээрч хөдөлгүүрийг хангалттай хурдан эргүүлж чадахгүй болсон байна. Тиймээс хойшдын хүйтрэлтээс сэргийлж даруйхан солих хэрэгтэй.

2. Аккумуляторын хөдөлгүүр асаах үеийн хүч ердийн боловч автомашин асахгүй байх нь очлуур муудсаны тэмдэг. Бага зэргийн хүйтэнд асааж байсан очлуур хэт хүйтэн баян холимгийг ноцоож чадахгүй болсон байна. Тиймээс шинэ тохирох очлуураар солих хэрэгтэй.

3. Очлуур, аккумулятор хэвийн боловч хөдөлгүүр удаан эргэж байвал хөдөлгүүрийн тосоо солиулаарай. Хүйтэнд царцаж зууралданги болсон учир хөдөлгүүрийн эргэлтийг удаашруулж байна. Нөгөөтээгүүр хэдий намар солиулсан ч гүйлтээс хамааран солих хугацаа болсон бол тос бохирдож өтгөрсөн байх боломжтой тул даруйхан солиулаарай.

4. Дизель хөдөлгүүртэй автомашин хүйтэнд асахгүй байх гол шалтгаан нь халаагчийн дутуу ажиллагаатай холбоотой. Халаагчийг шалгаад муу байвал солих шаардлагатай. Мөн аккумулятор муудсан үед гүйцэд халааж чадахгүй байх боломжтой. Аккумулятороо шалгуулаарай.

5. Дизель хөдөлгүүр асахгүй байхад түлшний байдал нөлөөтэй. Түлш царцсанаас шүүр бөглөрч түлш цилиндрт очихгүй болдог. Хэт хүйтэнд өвлийн түлш ч царцах явдал байдаг тул түлш царцахаас сэргийлэх антигель бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

6. Хөдөлгүүрийн компресс муудсан үед хөдөлгүүрийн асаалт мууддаг. Элэгдлийг багасгах зориулалттай тосны нэмэлтүүдийг хэрэглэх нь үр дүнтэй. Ингэснээр хүйтэнд хөдөлгүүрийн асаалтыг хөнгөвчилнө.

7. Хэрэв таны автомашин автомат асаалттай бол хөдөлгүүр асааж халаах хоорондын хугацааг ойртуулах, асаалттай байх хугацааг уртасгаж өгөөрэй.

Эх сурвалж: cardoctor


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)