Өглөө жороо, орой хашин

Энх тайван, найрамдлын ордны өмнөх автобусны буудал арваннэгдүгээр сарын 12-ны 19.10 цагт

Хүн өвдөж, айж сандарсан үедээ эмч, цагдааг санаж, үгүйлдэг шиг Улаанбаатарын иргэд өглөө босоод л авто замын түгжрэл, автобус унааны тухай боддог гэвэл хэтрүүлэг биш болов уу. Ажил, сургууль, албандаа яарсан хүмүүс автобус ирэх зүгийг тас ширтэж, болзоот хүнээ хүлээж буй мэт байсхийгээд л цаг руугаа хараастай. Энэ бол хотын өглөө бүрийн дүр төрх. Хөөрхий дөө, өнөөх “болзоот” нь удаж удаж нэг ирэхээрээ буудалдаа “тогтохгүй” ухасхийж удаан хүлээсэн хүмүүсийн уурыг барах. Зарим нь замын голд зогссон дүр үзүүлээд, давхиад явчих нь дэндүү даажинтай.

Хоёр өдрийн өмнө 55 дугаар (Ч55) чиглэлийн нэг автобусны жолооч зарим буудлыг алгасаж, араасаа олон хүний “нүдийг чирээд” давхичихав. Дараагийн буудлыг ч алгасаж, замын хоёрдугаар эгнээнд ороод, түгжрэлээс болж аргагүй нэг зогсохдоо хаалгаа нээгээд л шууд хаачих нь тэр. Бодвол, дараа нь хэл ам гарвал “Зогссон” гэж гүрийх санаа биз. Зовлон нэгтэй юм болохоор тэр автобусанд байсан иргэд буудал дээр торойгоод үлдсэн хүмүүсийн өмнөөс гайхаж, жолоочид шаардлага тавихад “Миний өмнө хоёр автобус (тэр нь өөр чиглэлийнх) зогссон шүү дээ. Энэ уулзвар дээр таг түгжирдэг юм чинь хурдан явахгүй бол болохгүй” гэж хээв нэг хэлэхдээ бас загнах янзтай.

Өнөө өглөө “Ч42” буюу Сүлжмэл-Зайсан чиглэлийн автобусанд суулаа. Гурван буудал газарт түгжрэлийн улмаас 55 минут “уягдсан” автобусанд байсан хэдэн зорчигч хөлдөх шахав. Ойрхон газар бол ингэж түгжрэхээр алхъя гэх сэн. Харамсалтай нь, хотын нэг захаас нөгөө рүү, хол замыг хүйтэнд явган туулалтай биш, даараад ч болов автобусаа бараадсан нь дээр учраас чичрээд л суулаа. Хамгийн урд сууж явсан, “Хяналтын ажилтан” гэсэн бичигтэй, цэнхэр хантаазтай эмэгтэй “Осгох нь ээ, танай автобусанд л битгий суугаарай гэж хяналтын хэддээ захья” гэж амнаасаа уур савсуулан, тоглоом шоглоом хийхэд жолооч нь “Манайхан бүгд мэднэ ээ” гэж мөн л инээд наргиан болгов.

Энэ чиглэл бол хот доторх хамгийн урт эргэлттэйд тооцогддог, тэр хэрээр хүлээгдэл ихтэй учраас иргэдийн нүдийг ёстой л “ширгээдэг”. Үүнд жолооч нарын буруу юу байх билээ. Хамгийн гол нь энэ мэт “алсын” тээвэрт гаргах автобусныхаа тоог нэмэх, эсвэл эргэлтийг нь богиносгох зэргээр зохицуулах нь чухал болов уу. Харин удаан хүлээсэндээ, ялангуяа өвөл бээрээд бухимдсан иргэд автобусны бараа харангуутаа жолоочийг барьж идэх шахдаг нь зүй бус юм. Автобус ирэхгүй удсан шалтаг, шалтгааныг тунгааж, ойлгож, харилцан хүндлэлтэй байх нь нийгмийн эрүүл мэндэд тустай буй за. Нийслэлчүүдийг хэрэгцээт газарт нь хүргэхэд хамгийн чухал унаа автобуснуудын “удирдагчид” ч иргэнээ дээдэлж, ажил албаныхаа үүрэг, хариуцлагыг ухамсарлаж, соёлч боловсон байгаасай.

Хэвлэл мэдээллийнхэн нийтийн зорчигч тээврийн унааны үйлчилгээ, жолооч нарын ёс зүй, харилцаа, соёлын талаар байнга л хөнддөг. Хүн тээвэрлэж яваа жолооч гэнэт тоормос гишгэн, ухас ухасхийн давхиж, заримдаа раллид оролцож байгаа мэт тээврийн хэрэгслүүдтэй уралддаг таагүй явдал байсаар. Жолооч “ах” нар замын туршид радиогоо чинээнд нь тултал чангалчихаад, тэрнээсээ давж утсаар чалчиж, бүхээгтээ тамхи татаж иргэдийн эрүүл мэндийг хөсөр хаядаг нь үнэхээр таагүй. Зарим жолооч зорчигчдыг хурдан сууж, буухыг тушааж, зогсоолд хүрээгүй байж “Буухад бэлтгэ” гэж командалдаг нь нэн зохимжгүй. Тэгж “шавдуулсан” зорчигч буухдаа осолдсон тохиолдол бий. Хөл муутай хөгшчүүл хаалганд нь хавчигдах ч энүүхэнд.

Улаанбаатарчуудын түгээмэл зовлон болсон автобус, түүнийг хөдөлгөдөг хүмүүсийг тойрсон асуудал ингээд дуусахгүй. Орой, тодруулбал, 21.00 цагаас хойш автобуснууд “хойрго” болчихдог үзэгдэл хотын нийтийн тээвэрт түгээмэл. Өглөөгүүр зогсохгүй шахам давхиад, үдэш оройдоо хөшүүн, хашин болчихдог “ааштай автобус”-нуудынхаа талаар холбогдох компани, албаныхан нь мэддэг болов уу. Мэддэггүй бол хэлээд өгье, жолооч нар чинь ингэдэг юм. Нэг бол буудлын ойролцоо зогсчихоод, зорчигчдыг суулгахгүй ажлаас буух цагаа хүлээнэ. Эсвэл эцсийн буудал хүрэхээсээ өмнө иргэдийг өөр автобус руу шилжүүлж, чирэгдүүлэх нь үнэхээр төвөгтэй. Учир шалтгааныг нь асуухаар “Тэрэг эвдэрчихлээ”, “Хий алдаад байна”, “Цагаасаа өмнө буудалд очиж болдоггүй юм” гэхчлэн тайлбарладаг. Үүнээс гадна орой болохоор л оршуулганд явж байгаа мэт гэлдэрч, “бөгс нь хүндэрдэг” гэм бас бий. Зарим нь бүр хувийнхаа унаагаар үйлчилж байгаа мэт аашилж, загнаж, зандрахыг яана. Жолооч, ялангуяа олон хүний амь, эрүүл мэндийг хариуцаж яваа нийтийн тээврийнхэн техникийн бүрэн байдлаа шалгаж гардаггүй юм уу. Оройн цагаар хэдэн автобус нь ээлжлээд “эвдрээд” байгааг юу гэж ойлгох вэ.

Хөндөхгүй байх аргагүй өөр нэг асуудал бол зарим автобусны арын буюу буух хаалган дахь карт уншигч төхөөрөмжийн эвдрэл. Үүнээс болж иргэд дамжин суух эрхээ эдэлж чадахгүй, талхны мөнгөө смарт картад “идүүлж” байна. Энэ тухай нь жолоочид хэлэхээр даажигнаж, инээгээд үүдээ хаах нь бий. “Би мэдэхгүй” гэж омогдох жолоочтой ч таарч байлаа. Уг нь энэ ч гэсэн техникийн бүрэн байдалд хамаатай санагдах юм. Иргэдийг картаараа үйлчлүүлж байгаа, эсэхийг үе үе хянадаг, цэнхэр хантаазтай хүмүүс энэ мэт асуудалд ч анхаарал хандуулж болдоггүй юм уу. Тийм хянагчдыг үйлчилгээг сайжруулах зорилгоор, доголдлыг засах үүрэгтэйгээр явуулдаг болмоор юм. Тэгэхгүй байж ид оргил ачааллын үеэр нэг сандал эзэлж суучихаад чухам юу хийдэг нь ойлгомжгүй, хайран, цаг, мөнгө үрсэн, үр дүнгүй ажил санагддаг. Энэ талаар иргэд ч хэлдэг юм.

Техникийн бүрэн бүтэн байдлаас гадна нийтийн тээврийн унаагаар үйлчлүүлдэг хүмүүсийг бухимдуулдаг өөр нэг зүйл нь бохир заваан байдал. Суудлын бүрээсийн талаар бүр ярих ч юм биш, аймаар. Олон хүний хөлс, хирэнд “өлгийдүүлж”, лааны тос түрхчихсэн мэт болсон бариулнуудад гараа хүргэх нь тогонд цохиулах мэт муухай. Дээр дурдсан бүхэн нийтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдалд хамаатай ч харамсалтай нь, сэтгэлгүй жолоочийн зүтгэлгүй байдлаас болж иргэд өдөр бүр бухимдахад хүрч байна.

“Өнөөдөр” сонин нийтийн тээврийн талаар цувралаар олон нийтлэл, сурвалжилга хүргэсээр ирсэн. Тэр болгондоо нэг зүйлийг хөнддөг нь “Зайсан-III, IV хороолол” буюу “Ч52” чиглэлд явдаг автобуснуудын доторх урсдаг самбарын тухай. Энэ ташрамд, холбогдох хүмүүсээс нь дахиад л асууя. “Ч52” чиглэлийн автоснуудын доторх урсдаг зар дээр өмнө зүгийн орны хаяг өдөржин улаанаар гэрэлтдэгийг болиулж болдоггүй юм уу. Уг нь цахилгаан холболтыг салгачихад л болчих эд шүү дээ.

Нийслэлийн хүн ам 1.4 сая, нийтийн тээвэрт нь 900 автобус өдөр бүр үйлчилж байна. Хотын даргын зөвлөлийн арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох талаар ярилцаад, дэмжсэн. Дараагийн шатанд дэмжигдвэл нийслэлчүүдийн хэрэгцээнд автобусыг хэдэн зуугаар нь нэмэгдүүлж, түгжрэлийг сааруулахгүй бол авто зам дээр “дайн” болох нь ойлгомжтой.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын урианд “Хотын тээврийн салбарт дэвшилт техник, технологи нэвтрүүлэн, иргэдээ дээдэлсэн систем бий болгоно” гэж дурдсан байдаг. Нийслэлчүүд маань иргэдийг дээдэлсэн тогтолцоотой, соёлтой үйлчилгээтэй автобусаар үйлчлүүлэх цаг хэзээ ирэх бол.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Автобус дагаад асуудлууд хөвөрсөөр

Улаанбаатар хотод их хэмжээний цас орсноос үүдэн хүйтэрч эхлэв. Үүнтэй зэрэгцээд нийслэлчүүд нийтийн тээврээр зорчих нь эрс нэмэгджээ. Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд тохь тухтай, аюулгүй орчинд зорчих нь чухал болоод буй. Бид нийслэл дэх хамгийн олон зорчигчтой, ачаалалтай чиглэлд явж сурвалжиллаа.

Нэн тэргүүнд Офицеруудын ордноос Таван шар хүртэлх чиглэлд зорчдог автобусанд суулаа. Офицеруудын ордны автобусны буудалд Таван шар явах чиглэлийн хамгийн ачаалалтай гэгдэх 40 дугаарын автобусны тухай мэдээллийг самбараас харвал зургаан минут тутамд ирнэ гэж бичсэн байв. Гэтэл тэнд очсоноос хойш 20-иод минутын дараа өнөөх чиглэлийн автобус ирлээ. Эл чиглэлийн автобус хэр хүлээлгэдэг талаар иргэдээс тодруулахад “Дор хаяж 30-аад минут хүлээдэг. Заримдаа 2-3-уулаа ирдэг” хэмээн хэлэв. Офицеруудын ордноос төв замаар явдаг автобус олон ч МУИС, ШУТИС-ийн чиглэлд ганцхан автобус үйлчилдэг талаар оюутнууд ярилаа.

Агаарын температур хасах градуст шилжсэнтэй зэрэгцээд машин болон явган хүний зам, автобусны буудлуудад халтиргаа гулгаа ихтэй байв. Хамгийн эрсдэлтэй нь унаагаа удаан хүлээж, даарсан хүмүүс автобус ирэхтэй зэрэгцээд дугуйн доор нь орчих шахам чихэлддэг. Хэрвээ жолооч багахан сэрэмж алдахад халтиргаатай зам дээр гулсан ирэх автобус хүмүүсийг мөргөх эрсдэлтэй болжээ. Автобус зогсохтой зэрэгцээд урд, хойд хаалгаар хүмүүс бие биенээ түлхэн, унагах нь холгүй бууж ирэв. Уг нь зорчигчид зөвхөн хойд хаалгаар л бууж, урд хаалгаа суух журамтай. Гэтэл урд хаалгаар хэд хэдэн хүн буугаад ирэв. Нэгнээсээ өрсөх гэсэн хүмүүс тэдэнд шаардлага тавихад өөдөөс нь дургүйцсэн үг чулуудах нь сонсогдлоо. Автобусанд суухад шал нь гудамжнаас ялгаа алга, шавар шавхайгаар дүүрчээ. Зорчигчдыг аль болох автобусны хойд хэсэг рүү явахыг жолооч шаардаж, хүмүүсийг арай хийн багтаалаа. Шавхайтай шалтай зэрэгцээд автобусанд хүйт даана. Зорчигчид гарын алгаа үрж, өөрсдийгөө дулаацуулж харагдана. Хүйтний улиралд автобусаар зорчиход тулгардаг бас нэг бэрхшээл бол цонх нь битүү цантдаг тул хаана явааг нь мэддэггүй явдал. Дээрээс нь таазны цан хайлж иргэдийн толгой дээр унах нь нэн тухгүй. Тэр дундаас хамгийн ихээр эмзэглүүштэй нь автобусны урд шил цантсан харагдана. Жолооч зогсох болгондоо цангаа хусаж байв. Энэ нь автобусаар зорчигчдын аюулгүй байдалтай шууд хамааралтай. Учир нь, шил цантсанаар жолоочийн харагдах орчин хязгаарлагдсанаас үүдэлтэйгээр олон эрсдэл гарах магадлалтай. Дараа нь бид Нисэх, Долоон буудал чиглэлийн автобусаар зорчлоо.

Өмнөхтэй л адил автобусны буудал дээрх гүйж буй хүмүүс, шавхайгаар дүүрсэн шал, дусаал гоожсон тааз, цангаар хучигдсан цонх угтав. Зарим автобусны хойд талын хаалга дээрх карт уншуулах төхөөрөмж гэмтэлтэй байв. Зорчигчид тэрхүү төхөөрөмжид картаа уншуулаагүй тохиолдолд автобусанд дамжин суух үнэгүй эрхээ алдана гэсэн үг юм. Үүнд хүмүүс ихээхэн унтууцаж байлаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зарим автобусны чиглэлийн эргэлтийг богиносгон, оронд нь буухдаа картаа төхөөрөмжид уншуулсан тохиолдолд 30 минутын дотор дамжин суухад үнэгүй зорчих эрх олгосон. Нийтийн тээвэрт үйлчилж буй автобуснуудад энэ мэт асуудал гарсаар байвал зорчигчид бухимдахгүй гээд яах билээ.

Бэлтгэсэн: Т.Идэр

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Нийтийн тээврийн үйлчилгээний соёл, чанар, хүртээмж ямар байна вэ?

Ц.ЖҮГДЭР (Төв аймгийн Бүрэн сумын иргэн):

-Хотод ирэхдээ автобусаар л явж, ажлаа амжуулдаг. Даанч хүлээх хугацаа нь их юм. Түгжрэлээс шалтгаалж ийм байдал үүсэж, хүмүүсийн ажил, амьдрал хэцүүдлээ. Тиймээс замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, зөвхөн автобус явуулах журмаа чангатгах хэрэгтэй. Зам түгжрэхгүй, автобус хангалттай байвал иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж, хувийн унаагаа ашиглахгүй шүү дээ. Цагдаа нар нэгдүгээр эгнээгээр зорчиж буй жолооч нарыг торгож, хатуу арга хэмжээ авах ёстой. Хотын төвөөс алслагдсан газрын зам түгжрэх нь ихэслээ. Үүнийг бас шийдвэрлэх хэрэгтэй байна.

П.ДОЛГОРСҮРЭН (Баянзүрх дүүргийн XII дугаар хорооны иргэн):

-Автобус орой ажлын цаг тарах үеэр их удаж ирдэг. Хүлээсний эцэст автобус дүүрч, хүмүүс багтахаа болино. Олон хүн суухаар автобусны суудал хүрэлцэхгүй. Замын түгжрэлээс болж, автобусанд

удаан зогсохоор ядардаг. Өндөр настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг суулгахаас өөр аргагүй шүү дээ. Тиймээс өглөө, орой буюу ажил эхлэх, тарах үеэр автобусны тоог нэмэх хэрэгтэй. Хүн ихтэй үед хүүхдүүд шахагдаж, маш хүнд нөхцөлд явдаг. Заримдаа бүр бариул олдвол аз болно. Хүмүүс зай завсаргүй чихсэн үед автобусанд хулгай гарах нь элбэг. Мөн автобусны карт цэнэглэх цэгүүд ажиллахгүй, дуртай үедээ хаасан харагддаг.

Б.НАСАНЖАРГАЛ (Хан-Уул дүүргийн XVI хорооны иргэн):

-Би 19.00 цагт тардаг. Түгжрэлтэй үед хоёр цаг явж, гэртээ харьдаг. Автобус хүртээмжгүй учраас их хүлээдэг. Зарим иргэн жолоочтой хэрэлдэх, хараал хэлэх тохиолдол цөөнгүй. Төв замаар олон автобус явдаг. Харин хотын зах руу явах автобус цөөн. Ид ачаалалтай үед пиг дүүрчихсэн автобуснууд зогсох ёстой буудал дээрээ очихгүй, яваад өнгөрдөг. Би Нисэхэд амьдардаг. 07.00 цагийн үед автобус ирдэггүй. Арай гэж эхний автобусанд суудаг ч ажлаасаа хоцордог. Орой 20.00 цагаас хойш Нисэх рүү явдаг автобус ер нь олдохгүй.

Э.БАЯНМӨНХ (Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн):

-Автобусны суудлын хүртээмж муу учир ихэнхдээ зогсож явдаг. Ойролцоогоор 30 минут хүлээж, арай гэж суудаг. Дулаахан үед ажлаасаа хоцорчихгүй бол хүлээнэ. Хүйтэн үед хүлээх хэцүү. Би ч яах вэ, өндөр настай, хүүхэдтэй хүмүүсийг харахаар өрөвддөг. Мөн автобусны доторх орчин бохир, суудлын бүрээс нь хиртэй. Автобусны жолооч нар хурд хэтрүүлдэг. Огцом тоормослоход нь зорчигчид унах эрсдэлтэй. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартад анхаарах хэрэгтэй. Хүн их явдаг чиглэлүүдийн автобусны тоог нэмэхгүй бол ганц, хоёрхон буудал яваад л дүүрчихдэг. Автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах журам гаргаж, эхэндээ мөрдсөн. Гэсэн ч сүүлийн үед нэгдүгээр эгнээгээр суудлын машинууд явж, түгжрэл үүсгэж байна. Иргэд мөнгөө хэмнээд автобусанд суухыг хүсдэг ч үйлчилгээ муу учраас таксинд суух, хувийн машинаа унахаас өөр аргагүй.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Оргил ачааллын үеэр 9-18 чиглэлд нэмэлтээр 27 автобус явуулж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас дараах тодруулгыг авлаа.

-Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт хэдэн автобус, хэчнээн чиглэлд явж байна вэ?

-Өдөр бүр нийт 95 чиглэлд 900 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна.

-Өглөө, оройн оргил ачаалын үеэр автобусны хүрэлцээ хангалтгүй байгааг иргэд шүүмжилдэг. Түүнчлэн амралтын өдрүүдэд автобус нүдний гэм болчихдог нь үнэн. Тэгэхээр тоог нь нэмэгдүүлэх боломж хэр байгаа бол?

-Амралтын өдрүүдэд автобусны хүрэлцээ муу байгаа талаар гомдол ирдэггүй. Харин ажлын өдрүүдийн ид оргил цагаар, тодруулбал, өглөө 18, орой есөн чиглэлд нэмэлтээр 27 автобусыг нийтийн үйлчилгээнд гаргаж байгаа.

-Нэмэлтийг хэдэн цагийн хооронд гаргадаг бол?

-Өглөө 11.00, орой албан байгууллага тарах цагаар нэмэлт автобус явуулдаг.

-Насжилт өндөртэй, хар утаа хаядаг автобуснуудыг үйлчилгээнээс хасна гэж байсан. Хэчнээнийг халж, сэлгэв?

-Өнөө жилийн хувьд насжилт өндөртэй буюу 150 автобусыг авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хасаж, оронд нь мөн тооныхыг явуулахаар төлөвлөсний дагуу сэлгээ хийгээд явж байна. Энэ ажил оны сүүлч хүртэл үргэлжилнэ.

-Замын түгжрэлээс гадна нийтийн тээврийн хүлээгдлийн нэг шалтгаан нь автобуснуудын туулах зам, эргэлттэй холбоотой. Хотын нэг захаас нөгөө рүү явахад хугацаа их зарцуулахын хэрээр хүлээгдэх нь мэдээж. Ийм байдлыг халж, богино эргэлтээр зохицуулж болохгүй юм уу?

-Энэ нь хоёр талтай. Богино эргэлтээр явуулахад цаг хугацаа хэмнэхээс эхлээд, түгжрэлийг бууруулах, автобусны хүртээмж нэмэгдэх зэрэг давуу талтай. Нөгөө талаасаа иргэд автобус сэлгэж суухдаа таатай ханддаггүй. Нэг л унаагаараа явж, зорьсон газартаа хүрэхийг илүүд үздэг. Ялангуяа хүүхдээ дагуулсан, тодорхой хэмжээний тээштэй хүмүүс, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бууж, суухаас эхлээд төвөгтэй байдгийг хэлж, уртын эргэлтийг халж болохгүй гэдэг. Бид иргэдийн санал хүсэлтийг харгалзах ёстой.

-Хот доторх үндсэн чиглэлийн автобус хоорондын интервал хэд байдаг юм бэ. Иргэд хамгийн багадаа 20 минут хүлээж байж автобусны бараа хардаг шүү дээ.

-Автобус хоорондын хугацаа 8-13 минут байдаг. Гэхдээ авто замын түгжрэлээс болоод интервал зөрчигдөх нь түгээмэл байна.

-Нийтийн тээвэрт явж байгаа автосунууд бохир байна, жолооч нар тамхи татдаг, орой болохоор цагийн хуваарь барьж байгаа нэрээр үйлчлэхгүй зогсдог зэрэг гомдол зөндөө гардаг. Ийм байдлыг хэрхэн засаж, залруулан, хэн хариуцлага тооцох ёстой вэ?

-Энэ мэт зөрчлийг үйлчилгээ үзүүлж байгаа автобус компаниуд хариуцах ёстой. Манай байгууллагаас үүнд нь хяналт тавих үүрэгтэй.

-Смарт карт уншдаг төхөөрөмжүүд ажиллахгүйн улмаас иргэд илүү мөнгө төлөн, зорчиж байна. Үүнийг аль байгууллага хариуцаж, зохицуулах вэ. Жолооч нар техникийн бүрэн байдлаа хангаж гарах учиртай биз дээ.

-Ийм зөрчил, гомдлыг “Улаанбаатар смарт карт” ХХК хариуцна. Жолооч нар болон үйлчилгээ үзүүлж буй компаниуд энэ талаар уламжилж, засвар үйлчилгээ хийлгэх үүрэгтэй.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ

ДЭЛХИЙН ЖИШИГ

Нэг ам метр талбайд гурван хүн ногдох ёстой

Британийн зохион бүтээгч Ричард Тревитик 1801 онд хүн төрөлхтөнд автобус гэдэг унаа “бэлэглэснээс” хойш янз бүрийн зориулалтаар, тэр дундаа тогтсон буудал, чиглэлтэй гэсэн тодотголтойгоор дэлхийн аль ч улсын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөө болтол хүчин зүтгэсээр байна. Нийтийн тээврийг зорчигчдод хүртээмжтэй, тохь тухтай байлгахын тулд хотын захиргаанаас дагаж мөрдвөл зохих стандартуудыг тухайн улсын тээврийн асуудал эрхэлсэн яам нь боловсруулдаг. Хамгийн гол шалгууруудын нэг нь хүртээмж. Тухайлбал, үйлчилгээ нь манайхтай төстэй хойд хөршид хот дотор зогсоол хүртэл гэрээс 500 метр (буудал хүртэл 5-6 минут явах), поликлиникээс 300 метрээс илүүгүй зайтай (буудал хүртэл 2-3 минут явах) байх ёстой. Оргил ачааллын үед автобус хоорондын зай 10 минутаас хэтрэх ёсгүй. 

Үүнийг хуваарь гаргахдаа тусгадаг аж. Хуваариа мөрдөх нь зорчигчдын 80 хувьд чанарын чухал үзүүлэлт болдог. Хэрэв удаан хүлээлгэж, тасалбарын үнэ өндөр байвал зорчигчид хувийн унаагаар явахыг илүүд үздэг байна. Судалгаагаар иргэд дунджаар сарын орлогынхоо зургаагаас илүү хувийг нийтийн тээвэрт зориулах сонирхолгүй байдгийг үйлчилгээний хөлс тооцохдоо харгалзан үздэг аж. Үүний сацуу агааржуулалтын асуудалд анхаарал хандуулж, зуны халуунд автобусан доторх температур 25 градусаас их, өвлийн хүйтэнд 12 градусаас доош байх ёсгүй гэсэн стандарт тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор багтаамжийн хэмжээ буурч, чиглэлийн автобусны нэг ам метр талбайд тав бус гурван хүн ногдох ёстой болсон гэнэ. Эл шаардлагын улмаас паркаа шинэчлэх болсон байна. Нийтийн тээврийн унааны насжилтыг 10 жил гэж заажээ.

Германд ялгардаг хүлэмжийн хийн 95 хувийг гудамжны хөдөлгөөн, үүний гуравны хоёр хувийг дизель хөдөлгүүр ялгаруулдаг (утаа, хөө тортог, дуу чимээний бохирдол) учраас байгаль орчин, иргэдийнхээ төлөө тус улс автобусны паркаа цахилгаан хөдөлгүүртэйгээр бүрэн солих зорилго тавьжээ. Түүгээр зогсохгүй нийтийн тээврийг дуу чимээнээс хамгаалсан цонхтой, замыг нь дуу чимээ шингээгчтэй асфальтаар хучих гэнэ. Олон улсын судалгааны байгууллагын мэдээллээс үзвэл нийтийн тээврийн дэд бүтцийн хүртээмжээр Францын Парис, төлбөрөөр Сингапур (нийтийн тээврээр зорчих тасалбарын үнэ харьцангуй хямд, гэхдээ хувийн автомашин ашиглахад ихээхэн хориг тавьсан), үр өгөөжөөр БНСУ-ын Сөүл, тав тухаар Канадын Торонто, зорчигчийн болон экологийн аюулгүй байдлаар Хонконг дэлхийн бусад хотыг манлайлдаг аж.

Сөүлийн жишээнээс үзвэл зорчигч сонголт хийхэд дөхөм болгож, чиглэлийн дугаараас гадна автобусыг дөрвөн өнгөөр ялгасан байдаг. Цэнхэр нь хотын төвөөс гадагш, ногоон нь гол замуудыг холбож Сөүл дотроо, улаан нь тус хотын хуучин, шинэ төв болон дагуул хотууд хооронд, шар нь зөвхөн төвөөр зорчдогийг илтгэдэг. Сөүлийн нэг чиглэлийн урт 10 орчим км байх бөгөөд эл зайд зорчих тасалбар 900 вон, нэмэлт таван км тутамд үнэ 100 воноор өсдөг. Төлбөрийг бэлнээр болон картаар хийнэ. Карт ашигладаг бол хотын төвөөр зорчих автобусыг өдрийн цагаар 30 мин, 21.00- 07.00 цагийн хооронд нэг цагийн дотор үнэгүй дамжин суух эрхтэй. Үүний тулд эхний автобуснаас буухдаа картаа заавал тусгай төхөөрөмжид уншуулна. Хятадын Тээврийн яам энэ жилээс автобусны жолоочийг зорчигчийн салоноос тусгаарласан бүхээгтэй, гал унтраагуур, цонх хагалах алх, зорчигчийн бууж, суух хаалганы аюулгүй байдлыг хянагч болон ослын гарцтай байх стандарт нэвтрүүлжээ. Энэ нь жолоочийн аюулгүй байдлыг хангах, зорчигч халдах, хүрд булаахаас сэргийлэх зорилготой гэнэ.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)