Ө.Гантөмөр: Олимпод оролцох каратэчдийг бэлтгэнэ

Монголын тулааны спортын анхдагчдын нэг, “Монгол файтинг” төвийн тэргүүн, олон улсын хэмжээний мастер Ө.Гантөмөртэй ярилцлаа. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны гүйцэтгэх захирал тэрбээр ирээдүйд каратэгийн төрлөөр олимпод оролцох тамирчдыг бэлтгэхээр кёкүшинкай каратэгийн сургалт явуулж эхэлжээ. Тэсвэр хатуужил, эр зориг, зөв хүмүүжлийн үлгэрлэл болдог эл спортыг сонирхон хичээллэж буй 5-12 насны 10 сурагч нэг анги болон хичээллэж байгаа юм байна.

-Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны гүйцэтгэх захиралтай уулзаж байгаа болохоор шинэ мэдээ, мэдээлэл, тулааны тов сонсмоор байна. Манай тамирчид ойрын үед ямар тулаан хийх гэж байна вэ?

-Манай холбоо өнгөрсөн жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээний дараа Японы “Deep” холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Харилцан тохиролцож, хоёр улсын тамирчдын дунд тулаан зохион байгуулах, хамтарсан бэлтгэл хийлгэх зэргээр ажиллаж байна. UFC буюу Америкийн холимог тулааны хамгийн өндөр чансаатай тэмцээнд манай гурван аварга оролцох, хамтран ажиллахаар бэлтгэл хийж байна. 57 кг-ын жинд Отгонтулга, 65 кг-ын жинд Батгэрэл, 60 кг-ын жинд Дамланпүрэв нар Америкт бэлтгэл хийгээд шоу болон тэмцээнд оролцох юм.

“Deep” холбооны хамтын ажиллагааны хүрээнд хоёрдугаар сард манай хоёр тамирчин японд бэлтгэл хийх хугацаандаа хоёр удаа тулаан хийсэн. Дандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж, мэргэжлийн тулаанд монголчууд хүчтэй орж ирж байгааг харуулсан. Наймдугаар сарын 7-нд Азжавхлан, Ууганбаяр хоёр тулаан хийнэ. 2009 онд 65 кг-ын жинд дэлхийн аварга болж байсан, одоо 61.2 кг-ын жингийн аварга болсон тамирчинтай манай Азжавхлан тулалдана. Мөн анхны эмэгтэй тулаанч 52 кг-ын жинд Японы тамирчинтай өрсөлдөнө. Оролцох тамирчнаа наймдугаар сарын 13-нд тодруулах бөгөөд тулаан есдүгээр сарын 24-нд болно. Ирэх сард болох энэ тулаанд зургаан эрэгтэй, нэг эмэгтэй тулаанч оролцох юм.

-Манай улсад холимог тулаан хэзээнээс хөгжиж байгаа вэ?

-Анх мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар нар яг холимог гэдгээр биш ч тулаан зохион байгуулсан. Тэр үед би Японд байсан юм. Үүнээс хойш монголчууд холимог тулааныг мэддэг болж, нэг хэсэг тулаан зохион байгуулсан.

Харин бид 2009 онд Монголын тулааны шилдэг тамирчдын холбоог байгуулж, холимог тулааны тамирчдыг таниулж, улсаа төлөөлөх аваргуудаа тодруулдаг болсон. Тэгэхгүй бол хэн дуртай нь тулаан хийж, олон улсад ялагдахад түүний ард Монголын нэр л гардаг. Тиймээс тулааны спортын үнэлэмжийг дотооддоо дээшлүүлэхээр “MGL-1 fighting”-ийг зохион байгуулж эхэлсэн.

-Тулааны спортын тамирчид ихэвчлэн ямар төрлөөр хичээллэж байгаад холимог тулаанд хөл тавьдаг вэ?

-Суурь нь кикбокс, каратэ, чөлөөт бөх байдаг даа. Тулааны спортын аль ч төрлөөр хичээллэж байсан хүн холимог тулаан хийх боломжтой.

-Танай төв кёкүшинкай каратэгийн сургалт явуулдаг юм байна. Яагаад энэ төрлийг сонгон хүүхдүүдийг сургаж байгаа вэ?

-Каратэ олон төрөлтэй. Кёкүшинкай каратэ ч бас үндэслэсэн хүн нь өөд болсноос хойш түүний шавь болон багш нар тусдаа гарч, олон салбарласан.

Ямартай ч, 2020 онд Токиод болох олимпод каратэг оруулах магадлал өндөр байгаа. Тиймээс ирээдүйн олимпын тамирчдыг бэлтгэхээр олон салбарласан холбоонууд нэгдэж байгаа.

-Та тулааны спортод хэрхэн хөл тавьж байв?

-Тулааны спортод хөл тавьж, тамирчин болсон хугацаа 1994 оноос эхтэй. Анх ушу, дараа нь таэквондо, кёкүшинкай каратэ, улмаар эндээсээ дамжаад мэргэжлийн тулаанд орсон. Кёкүшинкай каратэгийн онцлог нь шууд амьдрал дээр тулалддагаараа бусдаас ялгаатай. Ямар ч будлиан байхгүй, шударга тулаан учраас надад таалагдсан юм. Нэг бол өрсөлдөгчөө нам цохино, эс бөгөөд цохиулна. Таэквондо шиг онооны систем байхгүй.

-Таны шавь нараас Токиогийн олимпод оролцох Монголын анхны каратэч төрөх ч боломжтой байх, тийм үү?

-Яг л энэ зорилгоор нэг сарын өмнө клубээ байгуулж, хүүхдүүд элсүүлээд байна. Миний төсөөлж байгаагаар бол энэ шавь нар маань 2020 оны Токиогийн олимпод оролцох тамирчид. Түүнчлэн насанд хүрэгчдэд зориулан кикбокс, мма, олон улсын таэквондо болон ганцаарчилсан багштай тураах, бие хамгаалах урлагийн сургалт явуулж байгаа.

-Бие хамгаалах урлагаар хичээллэсэн хүүхдүүд илүү хүмүүжилтэй, ёс зүйтэй болдог гэдэг. Өөр ямар давуу талтай вэ?

-Бие хамгаалах урлагаар хичээллэсэн хүн аливаад туйлбартай, тэсвэр хатуужилтай болдог. Ялангуяа кёкүшинкай каратэ хүүхдэд маш их тэсвэр хатуужил суулгаж өгдөг. Бүх биеэрээ мэдэрч хүнтэй тулалдахын зэрэгцээ, өвдөлтийг ч тэсвэрлэж сурдаг. Орчин үед хүүхдүүд интернэт, компьютероос салахгүй, байнга шахуу л дэлгэц ширтэж суух болсон. Тэгвэл спортын бэлтгэл хийж байгаа хүүхэд ийм зүйлээс хол байдаг. Мөн бэлтгэл хийхийн хэрээр булчин нэмэгдэж, тухайн хүүхдийн авьяас хөгжиж, зүрхний цохилт сайжирснаар эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлнэ.

Хөдөлмөр хүнийг бий болгосон тухай бид нэгэн үе бичиж, ярьж байсан. Тэгвэл одоо гэрээсээ гараад машинд сууж, ажил, сургууль дээрээ сандалд тухалж, шатаар явган алхаж гарахдаа түвэгшээж, бүх зүйлийг бэлэнчилж байна. Биднийг бага байхад аав, ээж маань түлээ модоо хагалж, бид ч усаа зөөж, байнгын хөдөлгөөнтэй байдаг байсан. Тиймдээ ч өвөө, эмээ, аав, ээж минь өндөр насалж байна. Манай үеийнхэн харин бүгдийг бэлэнчилж, хөдөлгөөн нь багассаар байгаа. Бидний насныхны 30 орчим хувь нь илүүдэл жинтэй байна.

Тэгвэл тулааны урлагаар хичээллэж, байнгын хөдөлгөөнтэй байж сурсан хүүхэд сэргэлэн цовоо хүн болно. Амьдралд нь шууд нөлөөлөх хөдөлгөөнийг каратэгаас сурч байгаа учраас ирээдүйд ч байнгын хөдөлгөөнтэй, эрүүл хүн болж төлөвшинө.

Өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон тухай мэдээлэл миний сэтгэлийг эмзэглүүлдэг юм. 13-14-хөн настай тэдгээр хүүхэд компьютер, зурагт үзүүлсэнгүй гэх мэт ялих шалихгүй шалтгаанаас болж амиа хорлож байгаа нь сэтгэлийн хатгүй болсонтой нь холбоотой. Зөвхөн аав, ээжтэйгээ харилцаж, дөрвөн хананы дунд суусаар, дэлгэцээр үзэж байгаа зүйлтэйгээ адил өчүүхэн сэтгэлгээтэй болчихсон байгаа юм.

Харин спортын клубт хичээллэж буй хүүхдүүд өөр өөр орчинд өсөн торнисон ч энд нэг нэгэнтэйгээ харилцан ярилцаж, чөлөөтэй байж сурч байна. Уржнан биеийн тамирын хичээлийг Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасах тухай яриа сонсож байлаа. Тэгж болохгүй шүү дээ. Хүүхэд асар их хөдөлгөөнтэй байх ёстой. Цонхоор агаар амьсгалж, байранд амьдрах тэдэнд хангалтгүй.

Гар утас, таблет, компьютер тэдний биеийн хэрэгцээг хангахгүй. Уг нь монгол хүүхдүүд бүгдээрээ чадвартай. Генд нь шингэсэн тулаанч гэх юм уу тийм чанар бий. Тухайлбал, гадаадын аль ч улсын хүүхдийг хоёр гараас нь угзраад бариад авахад гайхаад, хариу үйлдэл үзүүлэлгүй өөдөөс хардаг. Харин монгол хүүхдүүд барилдах гэж байгаа ч юм шиг байдлаар өрж, урагшаа тонгойдог. Тиймээс монгол хүүхдүүдэд кёкүшинкай каратэ тохиромжтой спортын нэг юм.

-Хүүхдээ хамаагүй эрт гимнастик, эсвэл бөхөөр хичээллүүлбэл булчиндаа баригдаад өсөхөө больчихдог гэх мэт сөрөг яриа эцэг, эхчүүдийн дунд түгээмэл байдаг.

-Дээр үед хүүхдээ боксоор хичээллүүлбэл толгой руугаа цохиулсаар байгаад мангар болчихно, каратэд явбал хөл, гараа гэмтээнэ гэх мэт ойлголт байсан. Тухайн үед мэргэжлийн багш бараг байгаагүй нь ийм яриа гарах үндэс болсон байх. Ном, сэтгүүлээс л тухайн спортын талаар үзэж, уншсан хүмүүс дураараа нэг хэсэг сургалт явуулж байсан. Одоо бол тийм биш. Гадаадад энэ спортоороо амжилт гаргасан олон сайн багш байгаа. Хүүхдийг айлгаж, зоригийг нь мохоолгүй яаж хатуужил суулгахыг тэд мэднэ.

Хүүхэд жилд 5-7 см өсдөг, яг л тэр хэмнэлээрээ өснө. 5-8 насны хүүхдүүдээр ихэвчлэн сунгалтын дасгал л хийлгэдэг. Харин түүнээс дээш насныхны ачаалалд нь тохируулж бага зэрэг хүчний дасгал заадаг.

Зарим хүн “Манай хүүхэд зүрх муутай болохоор каратэгаар хичээллэж болох уу” гэж асуудаг. Хүүхдийг өөртөө итгэлтэй, үнэнч болгоход кёкүшинкай каратэ чухал нөлөө үзүүлнэ. Каратэгаар хичээллэж байсан хүмүүс өөр ажил эрхэлсэн ч маш өндөр амжилт гаргадаг.

-Тухайлбал?

-Амжилттай ажиллаж байгаа байгууллагууд ажилтан авахдаа яг ижил ур чадвартай хоёр хүний нэг нь спортоор хичээллэдэг, нөгөө нь хичээллэдэггүй байвал спортын мэдрэмжтэйг нь сонгодог. Спортоор хичээллэдэг хүн өөрийгөө дайчлаад сурчихсан байдаг болохоор ачаалал даадаг, цаг сайн баримталдаг, ажлаа цагт нь хийдэг, тэмцээн болсон ч оролцчихдог давуу талтай байдаг.

Дэлхийн аварга Нарантунгалаг, Амараа гээд манай үеийнхэн одоо ямар амжилттай ажиллаж байгааг хүмүүс харж байгаа байх. Цагдаа, хүчний байгууллагын удирдах албаныхан ч кёкүшинкай каратэгийн тамирчид байдаг. Каратэ бол нүцгэн гараараа мөн чанарыг олж, амьдралд сурах ухаан юм. Каратэг сурч дуусна гэж байхгүй. Би ч бас бие хамгаалах урлагт суралцсаар л явна.

-Хэдийгээр бусдаас илүү ур чадвартай, тулалддаг боллоо гээд хэн дуртайтайгаа нударга зөрүүлэхгүй байх ухааныг ч бас сургалтын явцад хүүхдүүдэд олгодог уу?

-Тийм ээ. Бие хамгаалах урлаг хүндэтгэлээр эхлээд хүндэтгэлээр дуусдаг онцлогтой. Дэвжээн дээр гарч ирээд өрсөлдөгчтэйгөө мэндэлнэ. Боксчид ч гэсэн тулалдсаныхаа дараа тэврэлдээд нэгэндээ хүндэтгэл үзүүлээд хоёр тийшээ салдаг. Түүнээс биш хараал хэлээд, дэвжээгээ хаяад гарвал ёс зүйд нийцэхгүй. Энд ч бас хүүхдүүд багштайгаа мэндэлж, ёсолж сурч байгаа. Мөн бүсний ялгааг ойлгоно.

-Та мэргэжлийн тулааны тоглолтыг телевизээр тайлбарладаг уу?

-Хааяа тайлбар хийдэг. Би 2005 онд Японоос ирээд бие хамгаалах урлагийн тухай танин мэдүүлэх зорилгоор нэвтрүүлэг хийж, нэг хэсэг тайлбарласан.

Харин одоо бол бие хамгаалах урлаг, тамирчид, тулаанаа ч мэдэхгүй, тухайн тулааны философийг ч ойлгохгүй хүмүүс зоргоороо тайлбар хийдэг болсон байна.

-Та багадаа ямархуу хүүхэд байсан бэ. Тулааны спорт танд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би багадаа дуугүй, хэнд ч саад түвэг болдоггүй, дундаж л хүүхэд байсан. 1993 онд таэквондогийн клубт орж, маш хурдан суралцаад хоёр жилийн дотор 10 алтан медаль авч байлаа. Анхны тулаандаа ялагдсанаасаа хойш өөртөө дүгнэлт хийж, маш хурдан дэвшил гаргаж чадсан. Сүүлдээ онооны системээр явдаг спортын төрөл хэцүү санагдах болсон.

Тулалдчихаад дараа нь багш, шүүгч нараас яагаад ийм оноо өгөв гэж хэрүүл хийх таагүй байсан. Тиймээс би хамгийн шударга тулаан хаана байна гэж хайгаад кёкүшинкай каратэг олсон. Ялалт, ялагдал нь тодорхой байдаг учраас шударга. Тэр үед кёкүшинкай каратэ жингийн ангилалгүй байсан болохоор 120 кг жинтэй том биетэй хүний цохилтыг над шиг жижигхэн 165 см өндөртэй хүн даахгүй. Тэгээд л мэргэжлийн тулаан руу орж Монголын анхны гурван тулаанчийн нэг болсон доо.

-Таны гаргасан хамгийн том амжилт юу вэ?

-Олон улсад бол рюкүкан каратэгаар бүх Америкийн аварга болж байсан. Кикбоксоор макс К-1 гран при хүртсэн. Монголд К-1 гран при авсан өөр хүн байхгүй.

-Мэргэжлийн тулаанд насны хязгаар байдаг уу?

-Байхгүй. Гэхдээ би тулалдахаа больсон. Харин кёкүшинкай каратэ насны ангилал, мастерын зэрэгтэй байдаг учраас оролцож болдог.

Тулааны урлагаар хүүхдүүд хичээллэх тун дуртай байгаа нь сургалтын төвөөр ороход илт байв. Ёс дэгийнх нь дагуу багштайгаа мэндэлж, хэлсэн заасныг нь зөв хийх гэж хичээж байгаа эдгээр хүүхдүүдэд каратэ эергээр нөлөөлөх биз ээ. Кёкүшинкай каратэгаар эмэгтэй хүүхэд ч хичээллэх боломжтой юм билээ. Энэ ангид гэхдээ дандаа хөвгүүд явдаг аж. Хүүхдүүдээ аливаа сургалтад хамруулахаасаа өмнө багшийг нь зөв сонгох нь чухал болохыг ч ярилцлагын төгсгөлд Ө.Гантөмөр багш сануулсан юм.

Холбогдох утас: 9999-0730


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)