Өвөрхангайгаас Улаанбаатар орох замыг нээлээ

Ойрын өдрүүдэд зарим газраар цас орж, эрс хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас урьдчилан анхааруулсан. Өвөрхангай, Говь-Алтай, Архангай аймагт өчигдөр цас ихээр орж, халтиргаа, гулгаа үүсэн, авто замын хөдөлгөөн саатжээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Улаанбаатар хот чиглэлийн замд халтиргаа, гулгаа үүссэн тул зорчих хөдөлгөөнийг түр хязгаарласан юм. Зам дагуух цасыг цэвэрлэн, зорчих хэсгийг чөлөөлснөөр 17.00 цагийн үед хөдөлгөөнийг нээсэн байна. Өнөөдөр мөн Архангай, Өвөрхангай, Төв, Булган аймгийн нутгаар бороо, цас холилдон орох аж. Баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгийн ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгийн зүүн хэсгээр хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Нийслэл хотод мөн эрс хүйтэрч, хур тунадас орох гэнэ. Ташрамд дуулгахад, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, өвлийн дугуйгаа тавихыг ТЦА-наас жолооч нарт сануулав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)