Өвөрмонголчууд бүх боомтынхоо хураамжийг нэмжээ

ӨМӨЗО-ы Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан “Бүс нутгийн боомтын үйлчилгээний төлбөрийн нэршлийг өөрчлөх болон түүний хүрээнд хураамж авах стандартыг тогтоох” баримт бичгийн талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд өчигдөр мэдээлэл өгөв.

Өнгөрсөн сарын 4-нд баталсан уг тогтоол нь ӨМӨЗО эрх мэдлийнхээ хүрээний боомтууддаа нэгдсэн зохицуулалт хийх зорилго агуулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ баримт бичгийг баталснаар аймаг бүр боомтын үйлчилгээний хураамжийг ялгавартай тогтоохгүй аж. Түүнчлэн уг төлбөрийг “Боомтын дэд бүтцийн арчлалтын хураамж” гэж өөрчлөн нэрлэжээ. Ингэснээр манай улстай гадаад худалдаа хийдэг Өвөрмонголын Сэхэ, Ганцмод, Зүүн хатавч боомт тонн ачаа тутмаас найм, тээврийн машин бүрээс 10 юанийн хураамж авахаар болсон.

Мөн Өвөрмонголын ОХУ-тай гадаад худалдаа хийдэг Манжуурын боомтуудад ч дээрх тогтоол адил үйлчлэх гэнэ. Энэ бол зөвхөн нүүрснээс биш, бүх бараа бүтээгдэхүүний тээврээс авах хураамж аж. Ганцмодны боомтоор нэг тонн нүүрс нэвтрүүлэхэд өмнө нь 5.2 юанийн хураамж төлдөг байжээ. Энэ төрлийн хураамж 2.8 юаниар нэмэгдсэн гэсэн үг юм. Харин автомашинаас авах 10 юань нь шинэ төрлийн хураамж юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)