Өвс, тэжээлийн нөөц талбай бүрдүүлэхэд анхаарахыг хүслээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймагт өчигдөр ажиллаж, 208 ээжид Эхийн алдар одон гардууллаа. Эхийн алдар I зэргийн одонг 23, хоёрдугаар зэргийнхийг 185 эх хүртэв. “Миний бие өнгөрсөн хугацаанд хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж хүртээх, хамгаалах чиглэлээр тодорхой санаачилга гаргаж ажилласан. Цаашид хүүхдийн мөнгийг бууруулахгүйгээр, ямар ч ялгаваргүйгээр тогтвортой олгохын сацуу ээжүүдийн хөдөлмөр, зүтгэлийг бодитойгоор үнэлэх цаг болсон. Тиймээс энэ чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтран ажиллана” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга онцоллоо.

Дараа нь Булган сумын ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” лаборатори цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай тэрбээр танилцсан юм. Олимпын аварга Н.Түвшинбаяр, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нарын суралцан төгссөн тус сургуулийг 1969 онд байгуулжээ.

Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Булган аймгийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, зарим асуултад хариуллаа. Булган сумын V багийн иргэн С.Жамбалдорж өдрийн 30 мянган төгрөгийн цалинтай ажлыг хийх хүн олдохгүй байгааг шүүмжилсэн бол иргэн Н.Туяа Хамтын тэтгэврийн сан байгуулж, үр дүнтэй байлгахад анхаарахыг хүссэн юм. Булган сумын II багийн иргэн Б.Батзаяа “Иргэдийн сонгох, сонгогдох эрх их зөрчигдөж байна. Дарга нар саналаа намд нь өгөхгүй бол хүнсний талон олгохгүй гэх зэргээр ханддаг. Нэг намын хүмүүсийг бүгдийг нь сонгохгүй бол саналын хуудас чинь хүчингүй болно гэж иргэдийг төөрөгдүүлж байна” гэв. Мөн тэрбээр Баяннуур сумын 7000 га газрыг өвс, тэжээлийн нөөц талбай болгож, таван аймгийг түүгээр хангах төслийн талаар УИХ-ын зарим гишүүн ярьж байна. Нутгийн иргэдэд “Та нар баяжина” гэж хэлсэн байна лээ. Бид ийм худал амлалтад хэдэн жил итгэсэн шүү дээ. Зөв зүйтэй ажил, эсэхийг анхаарч, төр хяналтаа тавиарай гэсэн юм. Хутаг-Өндөр сумын иргэн М.Намнансүрэн “Орон нутгийн залууст тогтвортой ажлын байр бий болгож өгмөөр байна. Жишээ нь, манай сумын “Мах маркет” намрын улиралд хоёр сар ажиллаад л хаадаг. Тиймээс байнгын ажлын байр хэрэгтэй. Тэгж байж орон нутгийн хүн ам нэмэгдэж, хөгжинө” хэмээв. Түүнчлэн зэргэлдээ Орхон, Хөвсгөл аймаг сайн хөгжиж байгаа атал Булган яагаад муу дүнтэй, статистик үзүүлэлтээр сүүлд жагссаныг иргэд энэ үеэр хөндлөө. Үүнд тус аймгийн удирдлага “Аймгуудын хөгжлийн үзүүлэлтээр манайх сүүл мушгисан нь үнэн. Гэхдээ уг үзүүлэлтийг судалж үзэхэд тоо нь зөрүүтэй, судалгааны асуулга нь ч үндэслэл муутай” байсан гэж хариулав. Үүнээс гадна иргэд шүүхийн байгууллагын хууль бус үйлдэл, малын арьс, шир үнэгүй болсон тул хаяж байгааг шүүмжилсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Сүүлийн 30 жилд манай улс хөдөө аж ахуйн бодлогоо орхигдуулсан. 1980-аад оны эхэнд бид аж үйлдвэрийн комбинаттай, дотооддоо арьс, шир, ноос, ноолуураа боловсруулдаг байсан. Би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа 10 сая ширхэг арьс, шир боловсруулах үйлдвэр барихыг санаачилсан. Энэ жилээс ажил нь эхэлж байгаа. Та бүхэн ч үүнийг ажил хэрэг болгохыг шаардах хэрэгтэй. Ингэснээр анхан, дунд шатны боловсруулалтыг аймгуудад хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Говийн бүсэд 1500 орчим км төмөр зам барьж байна. Цогтцэций сумаас Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавих ажил дуусах шатандаа орсон. Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт руу уг замыг үргэлжлүүлэн тавьж, Монгол Улсын эдийн засгийг сэргээх томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ бүхнийг монголчууд өөрсдөө хийж чадаж байна” гэлээ. Тэрбээр сургуулийн спорт заалыг өргөжүүлэх, сум, орон нутгаа хөгжүүлэхийг удирдлага, иргэдэд захив.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)