Ү.ГАНБОЛД: Нийслэлийн хэмжээнд 453 хэсгийн хороо байгуулсан

Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгуулийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдтой ярилцлаа.

-Сонгуулийн хэсгийн хороодыг байгуулах хуулийн хугацаа өнөөдөр (өчигдөр) дуусна. Нийслэл, дүүргийнхэн сонгуулийн бэлтгэл ажлаа хэр хангаж байна вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ онд баталсан. Уг хуулийн дагуу нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг хийж байна. СЕХ-ноос баталсан хуваарийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт сонгууль зохион байгуулах байгууллагуудыг хуулийн дагуу байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн долдугаар сарын 31-ний өдрийн тогтоолын дагуу Нийслэлийн сонгуулийн хороог байгуулсан. Есөн дүүргийн нутаг дэвсгэрт сонгууль зохион байгуулах дүүргийн сонгуулийн хороодыг наймдугаар сарын 16-наас өмнө байгуулсан юм. Дүүргийн сонгуулийн хороод наймдугаар сарын 31-нээс өмнө хэсгийн хороодынхоо бүрэлдэхүүнийг батлах хуулийн зохицуулалттай. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд 453 (УИХ-ын сонгуулиас хойш хоёр хэсгийг шинээр байгуулсан) хэсгийн хороог байгууллаа. Хуульд заасны дагуу нэг хэсгийн хороонд 3000-аас илүүгүй сонгогч байх ёстой. Үүнтэй холбоотойгоор хэсгийн хорооны тоог өөрчилдөг. Мөн наймдугаар сарын 16-наас өмнө сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Сонгогчдын нэрийн жагсаалт бэлэн болсон, УБЕГ-ын сайтад байршуулсан байгаа.

-Аливаа нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай бол ИТХ-ын сонгуульд оролцох боломжтой. Дүүргүүдийн хувьд хэчнээн нам, эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлэв?

-Нам, эвслүүд хуульд заасны дагуу мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлж, дүгнэлт гаргуулдаг. Нийслэлийн хувьд зургадугаар сарын 25-ны дотор 17 нам, эвслээс мөрийн хөтөлбөрөө нийслэл дэх төрийн аудитын байгууллагаар дүгнүүлсэн. Тэдний 14 нь Нийслэлийн сонгуулийн хороонд хүсэлтээ ирүүлж, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн юм. Дүүргүүдийн хувьд дээд тал нь долоон нам оролцохоор байна. Өнөөдрөөс (өчигдөр) эхлэн долоон хоногийн дотор нам, эвслүүд сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулж, энэ сарын 9-нөөс өмнө манайд холбогдох баримт, бичгээ ирүүлсэн байх ёстой. Мөн бие даан нэр дэвших хүмүүс сонгогчдоос гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа эхэллээ. Сонгуулийн байгууллага тэдний материалыг шалган, хууль, тогтоомжид заасны дагуу бүртгэх, эсэхээ шийднэ.

-Нийслэл, дүүргийн хэмжээнд хэчнээн тойрог, мандаттай байхаар баталсан бэ?

-Нийслэлийн хувьд 45 мандаттай. Нийслэлийн ИТХ-ын шийдвэрийн дагуу 45 мандатыг 23 тойрогт хуваасан. Тодруулбал, төвийн зургаан дүүрэг тус бүр хоёр мандаттай 20 тойрогтой. Харин Налайх, Багануур дүүрэг тус бүр хоёр мандаттай, нэг тойрогтой. Багахангай дүүргийн хувьд нэг мандаттай, мөн тооны тойрогтой байх юм. Дүүргүүдийн хувьд сонгогчдын тооноос хамааран 17-43 мандаттай.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сонгууль явуулах болбол ямар зохион байгуулалттай ажиллах вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг есдүгээр сарын 15 хүртэл сунгасан. Мэдээж хууль, тогтоомжийн дагуу сонгуулиа зохион байгуулна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт явуулахаар болбол УИХ-ын сонгуулийг яаж зохион байгуулсан түүнтэй адилаар ажиллах байх. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй. Санал авах өдөр буюу аравдугаар сарын 15 хүртэл нөхцөл байдал ямар байхыг мэдэхгүй байна.

-УИХ-ын сонгуулийн үеэр нэг нэр дэвшигчийг хоёр эвслээс дэвшүүлсэн гэх шалтгаанаар СЕХ бүртгээгүй. Улмаар СЕХ хууль бус шийдвэр гаргасныг шүүхээр шийдвэрлэсэн. Танайх ийм алдаа гаргахгүйн тулд хэрхэн ажиллах вэ?

-Нэр дэвшигчдийг бүртгэх, эсэх асуудлыг бид хуулийн дагуу шийднэ. Сонгуулийн бүх шатны байгууллага хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хэрэв гомдолтой байгаа бол холбогдох байгууллагад хандах эрх нь нээлттэй.

-Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийнхний мэдээлэлтэй иргэд есдүгээр сарын 20-ноос хойш тухайн хэсгийн хороондоо очиж танилцах боломжтой. Хэрэв оршин суугаа хаягт нь хүн нэмж бүртгэсэн, эсвэл мэдээлэл нь буруу бол хаана хандах вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 23.1-т заасны дагуу сонгогч сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд уг жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)