​Үүрэн холбооны антенныг буулгаж, шаардлага хангахгүй кабель утаснуудыг хураажээ


Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болж, нийслэлд тулгамдаж буй 10 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын орчны үнэлгээ, анхаарах асуудал, тэргүүлэгчдийн 2018 онд баталсан “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилт, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих, нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай, нийслэлийн өмчийн ашиглалтын менежментийг сайжруулах, барилга бүртгэж авах зэрэг багтав.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ, анхаарах шаардлагатай асуудлуудыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр танилцуулсан юм.

Тус яамнаас 131 сургуульд үнэлгээ хийхэд 21 нь их, 80 нь дунд, 30 нь бага эрсдэлтэй байжээ. Харин 226 цэцэрлэгт мөн эл үнэлгээг хийхэд 28 нь их, 89 нь дунд, 109 нь бага эрсдэлтэй гэж дүгнэжээ. Гадна орчны гэрэлтүүлэг тааруу, зорчих хэсгийн тохижилт муугаас авхуулаад барилга доторх цахилгааны утаснууд ил байсан зэрэг нийтлэг дутагдал илэрсэн аж.

Үүнээс гадна зарим сургуулийн орчинд явган хүний зам байдаггүй нь ихээхэн эрсдэл үүсгэж буйг албаны хүмүүс хэлэв. Тухайлбал, Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн сурагчид орчны тохижилт муугаас авто замаар явахаас өөр аргагүй нөхцөл үүсжээ. Эл зөрчлийг арилгахаар тус сургуулийн удирдлага хайс тавьж, түр хугацаагаар явган хүний зам гаргасан гэнэ.

Сурагчид зам, тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр явган хүний зам тавихаар болсон байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “их” эрсдэлийг багасгаж, “бага” эрсдэлийг арилгах ажлын хүрээнд үнэлгээ тогтмол хийж, БСШУСЯ болон нийслэлийн ИТХ хамтрахаар болов.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам, талбайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид дээр дурдсан 119 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг энэ үеэр сонсов. Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр ажлын явцыг танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд холбогдох албаныхан гэрэлтүүлгийн 267 шонг тагтай болгож, шаардлага хангахгүй, цахилгаан дамжуулах 5900 метр кабель шугам хураан авч, сургууль, цэцэрлэгийн ойр орчимд байрлах агаарын 11 тулгуурыг тэгшитгэж, ашиглахгүй байгаа гэрэлтүүлгийн 24 шонг буулгаж, ил задгай орхисон 15 метр кабель шугамыг норм, дүрмийн дагуу булуулсан байна.

Мөн барилга байгууламж дээр журам зөрчиж чингэлэг байршуулсан айл өрх, аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага өгч, чингэлгүүдийг албадан нүүлгэж, явган хүний зориулалтын бус дөрвөн гүүрийг буулгуулжээ.

Үүнээс гадна цахилгаан хангамжийн ашиглалтын аюулгүй байдлыг хангуулахаар улсын байцаагчийн 02-07-102/411 дугаар зөвлөмж хүргүүлж, хуваарилах 16 самбарт газардуулга хийлгүүлж, ил задгай 35 утсыг норм дүрмийн дагуу газарт булуулсан гэнэ.

Нийслэлийн хэмжээнд 6-35 кВ-ын 4325.1 км, 0.4 кВ-ын 2903.2 км урт цахилгаан дамжуулах шугам, 6-35 кВ-ын 2184 ширхэг дэд өртөөнд үзлэг шалгалт хийжээ. Ашиглалтын шаардлага хангахгүй 331 шугам тоноглол байгаагаас 108- ыг нь засжээ.

Хэрэглэгчийн эзэмшлийн 223 шугам тоноглолыг засаж хэвийн болгох талаар шаардлага хүргүүлэн, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байгааг холбогдох албаныхан онцолсон юм. Мөн сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангуулахаар замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулан, нийт 448 метр урт хурд сааруулагч тавьжээ. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн 12 барилга дээрх үүрэн холбооны антенныг буулгуулсан байна.

Тэргүүлэгчид дээрх мэдээллийг сонсоод, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгах саналаа хэлсэн юм. Тухайлбал, тэргүүлэгч С.Мөнхчулуун “Сургууль, цэцэрлэгийн ойролцоох цэнгээний болон уушийн газрын үйл ажиллагааг шалгаж, цэгцлэх шаардлагатай” гэсэн бол тэргүүлэгч Ц.Байгалмаа “Сурагчдын аюулгүй байдлын хангах чиглэлээр бодлогын яамны дэд сайд ирж мэдээлэл өгсөнд талархлаа.

Сургуулийн засварын төсөв 2019 оноос нийслэлд шилжин ирэх юм байна. Боловсролын байгууллагын орчны гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, улмаар хэрэг, зөрчил багассан нь 119 дүгээр тогтоолын үр дүн” хэмээв.


Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)