Үүргээ мэддэггүй өрхийн эмнэлгүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг нь сануулъя

Манай улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт өнгөрсөн хугацаанд, одоо ч урвуу хамааралтай хэвээр. Мэс засал, мэдрэл, дотор, гэмтэл, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой II, III шатлалын эмнэлгүүд өнгөрсөн хугацаанд өрхийн буюу анхан шатны үзлэг, шинжилгээ хийсээр ирэв. Иргэд өрхийн эрүүл мэндийн төвдөө итгэл алдарч, шатлал алгасаж үйлчлүүлдэг жишиг хэдийн тогтсон байхад үүнийг тоох эрх мэдэлтэн олдохоо байсан нь хачирхалтай. Анхан, дунд, нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг холбогдох хууль, дүрэм, журмаар зохицуулсан байхад мөрддөг нь нэгээхэн ч үгүй. Үүний гол буруутан нь өрх, сум, тосгоны эмнэлгүүд гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Өөрөөр хэлбэл, эмчилгээ, үйлчилгээнийх нь чанар, эмч, мэргэжилтнүүдийнх нь мэдлэг, чадвар муугаас хуульд заасан үүргээ биелүүлдэггүй. Энэ нь архагшсаар улсын эмнэлгийн зохион байгуулалт, системийг гажуудуулсан гэж хэлж болно.

Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэнд бүртгүүлсэн хувийн хэвшлийн байгууллага байна” гэж заасан. Үүний дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн 219 төв хувийн хэвшлийнх. Манай улс 2002 онд өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжиж, тусламж, үйлчилгээний хүртээмжийг хүн амд ойртуулсан гэх ч ачир дээрээ харин ч иргэдийг “залхаан цээрлүүлсээр” өдий хүрсэн. Дээрх хуульд заасанчлан өрхийн эрүүл мэндийн төвүүд оношилгоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмж болон холбогдох бусад техник хэрэгслээр бүрэн хангагдсан байх ёстой ч эмчийн чагнуур, даралтын аппаратаас өөр багажгүй эмнэлэг цөөнгүй гэхэд хилсдэхгүй. Наад зах нь шээс, цусны дэлгэрэнгүй, ЭХО шинжилгээг бүрэн хийдэг нь ховор. Цөөн эмнэлэгт ЭХО “харж” байхад заримд нь шээсний шинжилгээ л хийх жишээтэй.

Хуульд заасан үүргээ энэ мэт умартсан өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хийх ёстой ажил, үзүүлэх тусламж, үйлчилгээний төрлүүдийг сануулъя. Өрхийн эмнэлэг бол иргэдтэй хамгийн ойр ажиллаж, тэдний өвчин зовлонг гарын арван хуруу шигээ мэддэг, мэдэрдэг, эмчилдэг, хянадаг “түнш” нь байх ёстой. Тодруулбал, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх, дэмжих, хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан үзүүлэх нь өрхийн эмнэлгийн хуулиар зохицуулсан үүрэг нь аж. Харамсалтай нь, эдгээр тусламж, үйлчилгээг бид өрх, сумын эмнэлгээсээ хүртэж чаддаг бил үү.

Өрхийн эмнэлгийнхнийг хүүхдийн цээж чагнах, хөгшдийн даралтыг хэмжих, хөнгөлөлттэй эмийн жор бичихээс өөр ид шидгүй хэмээн эндүүрэх хэрэггүй аж. Эрүүл мэндийн тухай хуульд аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг долоогоос доошгүй тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байдаг бол өрхийн эрүүл мэндийн төв нь дөрвөн төрлийн үйлчилгээг даатгалаар үзүүлдгийг иргэд төдийлөн мэддэггүй. Учир нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийн олонход нь хуульд заасан тусламж, үйлчилгээ, шинэчилсэн журам, тогтоолыг олон нийтэд танилцуулахгүй байх ашиг сонирхол нуугддаг. Хөл муутай хөгшид тариагаа өвөртөлсөөр ирэхэд нь наадахыг чинь өрхийн эрүүл мэндийн төвд үнэгүй хийх ёстой гээд хэлчих сэтгэлтэй эмч, сувилагч байхгүй нь гомдмоор.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, Засгийн газрын тусгай сан болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хандив, төлбөрт үйлчилгээ, хууль, тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрддэг. Өрхийн эрүүл мэндийн төвийг ч уг зарчмаар санхүүжүүлдэг юм билээ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны 23 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлыг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмсэн. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмснээр иргэд тухайн өвчний оношийн бүлэг, төрлөөр өдрөөр, гэрээр, сэргээх засах зэрэг эмчилгээ, үйлчилгээ авах боломж бүрдсэн. Иргэн нэг ч төгрөгийн төлбөр төлөхгүйгээр, тухайн өдрийн эмчилгээнд хэрэглэх, эм, тариа, ороох боох материалыг өрхийн эмнэлгээс гаргах учиртай. Түүнчлэн иргэд эдгээрээс гадна 20 хүртэлх мянган төгрөгт тааруулан, шээс, цусны зэрэг бусад шинжилгээг хийлгэж болно. Даатгуулагч жилд хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Энэ мөнгө нь дуусаагүй л бол өрхийн эрүүл мэндийн төвөөсөө дээрх үйлчилгээг хэдэн ч удаа хүртэх эрхтэй” гэсэн юм.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 23 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор ЭМДЕГ-аас өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдээс үзүүлэх багц тусламж, үйлчилгээг иргэд, даатгуулагчдад сурталчлах, уг ажлыг холбогдох газруудтай хамтран, шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон. Гэвч иргэд өнөө хэр нь өрхийн эмнэлгээсээ даатгалаараа ямар ямар эмчилгээ, үйлчилгээ авахаа мэдэхгүй л явна. Б.Түвшинжаргал мэргэжилтний хэлснийг дэлгэрүүлбэл, өрхийн эрүүл мэндийн төвийн даатгалаар үзүүлэх оношилгоо, шинжилгээний жагсаалтад цус, шээс, биохимийн шинжилгээг гардан, хурдавчилсан, бүрэн, хагас автомат анализатор ашиглан хийхийг дээрх тогтоолд “хуульчилжээ”. Түүнчлэн иргэд тэмбүү, ХДХВ-ийн сорил, ханиад, томуу, суулгалт өвчний үүсгэгчийг илрүүлэх, чихрийн шижин, хеликобактери, цагаан хорхой, хавдрын маркер тодорхойлох, хөх, умайн хүзүүний эсийн шинжилгээ, үтрээний арчдас, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, рентген шинжилгээг (тус бүрийн жишиг үнийг 1100-17 100 төгрөгөөр тогтоожээ) даатгалаараа үнэгүй хийлгэх эрхтэй аж.

Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээнд нь хүнд, хэвтрийн өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамаарах бөгөөд тарилга, шээлтүүр, бургуй, хаймсуур тавих, боолт солих, зөөврийн шинжилгээ, биеийн угаалга, жин тавих, утлага хийх, арьсыг холгож, цоорохоос сэргийлэх, хөдөлгөөн засах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна. Тэгвэл мэдрэл, зүрх, судасны тогтолцооны, амьсгал, цээс, бэлгийн замын, хоол боловсруулах, арьс, дотоод шүүрэл ба бодисын солилцооны, яс, үе, булчин, холбох эдийн, нүд, чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчний үед өдрөөр эмчилгээ хийлгэж болох нь. Үүнд даатгалаас тус бүрт нь 51-81 мянган төгрөг төсөвлөсөн байна. Эдгээр бүлэг өвчин дотроо бас 5-10 “задарна”. Тухайлбал, зүрх, судасны тогтолцооны ангилалд цусны даралт ихсэх өвчин, зүрхний архаг болон цочмог дутагдал, хэрх, хөнгөн хэлбэрийн гажгууд, цус багадалт, тархины ишеми буюу шигдээс багтжээ. Амьсгалын замынхад нь гуурсан хоолойн багтраа, уушгины үрэвсэл, архаг бөглөрөл, хоол боловсруулах тогтолцооных нь ходоод, гэдэсний өвчин, элэг, нойр булчирхай, цөсний замын үрэвсэл гэхчлэн хүн амын дунд зонхилон тохиолдох 50 төрлийн эмгэгийг онцлон оруулжээ. Эдгээр өвчний улмаас байнга эм уудаг, “түргэн” дууддаг бол өнөөдрөөс өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, нэг ч төгрөгийн зардалгүйгээр эмчлүүлээрэй гэж мэргэжлийнхэн зөвлөсөн.

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээний төрлийг олшруулсан нь сайн хэрэг. Гэвч үүний хэрэгжилтийг хэн хянах вэ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийнхөн 23 дугаар тогтоолдоо даатгалаар үзүүлж буй анхан шатны тусламж, үйлчилгээний журам, дүрмийг зөрчсөн иргэн, эрүүл мэндийн байгууллагад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн ганцхан заалт оруулж. Чанар, аюулгүй байдалд нь хяналт, шинжилгээ хийх, удирдлага зохион байгуулалтаар хангахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд даргад үүрэгджээ. Үүнээс гадна өрхийн эмнэлгүүдийн чадавхыг харгалзалгүй, зарим тусламж, үйлчилгээг үзүүл гэсэн нь татвар төлөгчдийн мөнгийг хувийн хэвшлийнхэнд зүгээр өгч буйгаас ялгаагүй хэмээн шүүмжлэх хүн ч байна. Жишээлбэл, шүд цоорох өвчин, тархины шигдээс, саажилт, элэгний хатуурал зэрэг өвчний үеийн тусламж, үйлчилгээг анхан шатны эмнэлгээр гүйцэтгүүлж болох уу. Өрхийн байтугай дүүргийн эмнэлгүүдэд ч шүдээ үзүүлэх цаг олддоггүй шүү дээ. Харин дээр дурдсан наад захын оношилгоо, шинжилгээг өрхийн эмнэлэгт хийх, мэс засал, хэвтэн эмчлүүлсний дараах хяналт, хөнгөн хэлбэрийн өвчнүүдийн өдрийн болон гэрээр үзүүлэх эмчилгээ, үйлчилгээг үр дүнтэй хийвэл л болох нь тэр. Аажимдаа II, III шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурах нь гарцаагүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)