“Үүргээ биелүүлээгүй ИТХ-ын төлөөлөгчийг эгүүлэн татахаар тусгасан”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль ирэх аравдугаар сард болох тул уг төслийг ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж буй. Төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Д.Ганболд, Ж.Батзандан нарын есөн гишүүн УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Үүний дагуу УИХ-ын дарга өнгөрсөн сарын 30- нд захирамж гаргаж, уг төслийг парламентын дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсэгт гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нар багтсан байна.

Хэлэлцүүлэгт хууль санаачлагч, ажлын хэсгийнхнээс гадна УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын зарим гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон нийслэл, аймаг, сум, дүүргийн удирдах байгууллагын холбогдох албан тушаалтнууд, судлаачид, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн төлөөлөл болох 60 гаруй хүн оролцов. Ажлын дэд хэсгийн ахлагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг төслийн талаар танилцуулсан. Тэрбээр “Үндсэн хуулийн үзэл санаа, зүйл заалт, цаашлаад хууль тогтоомж, эрх зүйн тогтолцоог тодорхой болгож, орон нутгийг удирдах үйл хэрэгт иргэн шууд оролцох боломжийг нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан. Үүний зэрэгцээ орон нутгийн эрх мэдлийг тодорхой болгох, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зохицуулалтууд оруулсан нь ач холбогдолтой. Тухайлбал, орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбохын зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, ИТХ-ын төлөөлөгчийг үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тойргийнх нь сонгогчдын олонхын саналаар эгүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалт бий” гэж байлаа.

Төсөлтэй холбогдуулан оролцогчид асуулт тавьж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, гишүүн С.Чинзориг орон нутгийн удирдлагын эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой, оновчтой болгох шаардлагатайг хэлээд, сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцуулахгүйгээр зохицуулсан нь зөв шийдэл, эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар 2016 оны сонгуулиас хойш уг төслийн талаар улс орон даяар, үе шаттайгаар хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр боловсруулсныг дурдаад, “Орон нутаг дахь улстөржилтийг зогсоохыг иргэд хүсэж байгаа учраас намаас нэр дэвшүүлэхийг зогсоохоор тусгасан” гэв. Мөн нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэлийн статус, чиг үүргийг тодорхой болгож, төсөв, өмчийн талаарх харилцааг оновчтой зохицуулахад анхаарах нь зүйтэй” хэмээсэн бол нийслэлийн Засаг дарга асан, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог нэгбүрчлэн батлахаар зохицуулсныг дэмжиж буйгаа хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Мөнх-Оргил нартай цөөн хором ярилцав.

С.Амарсайхан: Шат шатандаа эрх, үүргийнхээ хэмжээнд ажиллах боломж бүрдэнэ

-Та нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилснээр нийслэлд ямар өөрчлөлт авчрах вэ?

-Энэ хууль орон нутгийн хөгжилтэй шууд холбоотой. Хамгийн түрүүнд орон нутгийн удирдах байгууллагуудын үйл ажиллагаанд Засгийн газрын оролцоо ямар байх вэ гэдэг нь тодорхой болно. Хоёрдугаарт, ер нь орон нутгийн засаг захиргааны болон төрийн төв байгууллагуудын уялдаа холбоо, эрх мэдлийн зааг нь ямар байх вэ гэдгийг ойлгомжтойгоор хуульчлах юм. Гуравдугаарт, засаглал хоорондын харилцаа ямар байх, хэрхэн хэрэгжүүлэх талаар хуулийн төсөлд тусгасан. Эдгээрийг шинэчилснээр ажил, чиг үүрэг нь тодорхой болж, энэ хэрээр орон нутгийн нийгэм, эдийн засгийн асуудлуудыг дорвитой шийдвэрлэх, иргэдийнхээ оролцоог хангах, нутаг дэвсгэр дээрээ дэг журам тогтоохоос авхуулаад оршин суугчдын аюулгүй байдал, амьдрах орчин, хот төлөвлөлт, хог гээд олон ажлыг зохицуулахад хэн ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг ойлгомжтой болгож чадна. Тиймээс энэ хуулийн төслийн агуулгыг өнгөц харж, илээд өнгөрч болохгүй. Тэр дундаа орон нутаг удирдаж байсан, аймаг, нийслэлийн Засаг дарга байсан гишүүд идэвхтэй ажиллах ёстой.

-Төвлөрлийг сааруулахад чиглэсэн ямар зохицуулалт тусгав?

-Эдийн засаг, нийгмийн харилцаа нь ямар байх вэ. Энэ асуултад бид хууль, тогтолцоо талаас нь хариулах гээд байдаг. Гэхдээ эдийн засгийн үр дагавар, иргэдийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдэг үүднээс төвлөрлийг сааруулах талаар ярих ёстой. Ингэхийн тулд дүүрэг, нийслэл ямар эрх мэдэл, үүрэгтэй байх вэ гэдгийг ярих учиртай. Одоо бол сум, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын эрх мэдэлд ямар ч ялгаа алга. Жишээ нь, Улаанбаатарт хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг нь газар олгох. Гэтэл дүүргийн болон нийслэлийн Засаг даргаас гадна яам газар олгодог. Цаашлаад нийслэлийн Засаг даргын Тамгын газар хот төлөвлөлтийн нэг бодлоготой байхад дүүргийн удирдлага үүнээс нь эсрэгээр ажиллаж, газрыг давхцуулан өгдөг. Улмаар хот төлөвлөлт битгий хэл, хог цэвэрлэх болон тохижилтын ажлаа ч хийж чаддаггүй. Эндээс л төвлөрөл, ажилгүйдэл, ядуурал бий болдог. Тиймээс тухайн шатны Засаг дарга, ИТХ-ын эрх, үүргийг хязгаарлах талаар энд зайлшгүй хөндөгдөнө. Өмчөө захиран зарцуулах эрхтэй гэдэг ч Засаг даргын мэдлийн төсөв нь хүрэлцдэггүй, үнэт цаас гаргаж, санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэх эрхийг нь Төсвийн тухай хуулиар хориглочихсон. Энэ мэт олон асуудлыг уг хуульд тодорхой тусгаж, орон нутгийн шат шатанд эрх, үүргийнхээ хэмжээнд л ажиллах боломж бүрдэнэ.

Ц.Мөнх-Оргил: Төрийн үйлчилгээг хүргэх гол нэгжээ сум, дүүрэг гэж тодорхойлсон

-Орон нутгийн сонгуулийн өмнө хэлэлцэх гэж буй болоод ч тэр үү, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилсэн найруулгын төсөл нэлээд анхаарал татаж байна. Санаачлагчийн хувьд та юу хэлэх вэ?

-Энэ хуульд тусгасан гол санааг хэлье. Нэгдүгээрт, Монгол Улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд гурван шатлалтай. Баг, сум, аймаг болон хороо, дүүрэг, нийслэлийн яг аль нь иргэдэд төрийн үйлчилгээг түлхүү хүргэж байх ёстой юм бэ гэдгийг хууль, тогтоомжоор зааж өгөлгүй өнөөдрийг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, баг, хороо нь чухал ч юм шиг хэрнээ хэрэг дээрээ аймаг гол үүрэг гүйцэтгээд байдаг. Тиймээс үндсэн үйлчилгээг хүргэх гол нэгжээ сум, дүүрэг гэж тодорхой нэрлэж, хуульчлах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдэд үзүүлэх гол ачааг сум, дүүрэг үүрнэ. Хоёрдугаарт, бусад хуульд эрүүл мэнд, боловсролын гэх мэт салбарын олон үйлчилгээг аль нэгж нь хүргэх ёстойг зааж өгөөгүй. Тиймээс “Хуулийн хэрэгжилтийг бүх шатны Засаг дарга хариуцна” гэх өгүүлбэр аливаа хуульд оруулаад л орхичихдог. Чухам аль шатны Засаг дарга нь хариуцах вэ гэдэг нь ойлгомжгүй. Тиймээс ийм үйлчилгээг сум, тийм үйлчилгээг багаас иргэдэд хүргэнэ гээд ялгаа, заагтайгаар хуульчилна. Жишээ нь, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг сумаас үзүүлнэ. Харин бүрэн дунд боловсролыг сум, аймагтайгаа, аймаг нь нийслэл, хоттойгоо хамт мэргэжлийн боловсрол, сургалтын үйлчилгээг хариуцах бол дээд боловсролын талаар улсын хэмжээнд авч үзнэ гэх мэтээр зааглаж байгаа. Иргэн хэнээс ямар үйлчилгээ авах, аль албан тушаалтан ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой болно. Гуравдугаарт, үүнийг дагалдуулан Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Дээр дурдсан үйлчилгээнүүдтэй нь уялдуулж мөнгийг нь хэрхэн хуваарилах талаар Төсвийн тухай хуульд тусгах гэж байгаа юм. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл учраас орон нутгийн удирдлагад хөрөнгө мөнгөний эрх мэдэл байхгүй, бүх санхүүжилт төсвөөс байх ёстой гэж ойлгодог. Энэ ойлголтыг уг хуулиар задална. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөс энэ нь аймагт, тэр нь сумд очно, түүгээрээ ийм ийм үйлчилгээ үзүүлнэ гэдгийг тодорхой болгох юм.

-Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхтэй холбоотой заалтыг тодруулахгүй юу?

-Жишээ нь, одоо хүн амын орлогын албан татвар орон нутагтаа очиж байгаа. Компанийн орлогын татвар үндсэндээ төвд төвлөрч ирсэн. Тиймээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэдэн хувь нь сум, аймаг, улсын төсөвт төвлөрөх вэ гэдгийг тусгасан.

-Улсын төсөв батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх байдаг. Тиймээс ч орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үзэл санаа цухалзах бүрт үүнийг сөргүүлэн ярьж ирсэн шүү дээ.

-Улсын төсөв батлах нь парламентын бүрэн эрх гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ аймаг, нийслэл, сум өөрийн гэсэн төсөвтэй байх ёстой. Одоо аймаг, нийслэлийн гээд бүх төсвийг нийлүүлээд улсын нэгдсэн төсөв болгоод байгаа нь буруу. Зүй нь орон нутаг бүр өөрийн гэсэн төсөвтэй, түүнийгээ зарцуулах эрхтэй байх учиртай. Малын хөлийн татварыг үүний хүрээнд л тогтооно шүү гэх мэтээр Төсвийн тухай хуулиар тодорхой хязгаар тавиад хэрэгжүүлбэл ямар ч асуудалгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)