Үүргээ биелүүлж нүүсэн иргэд эрхээ эдлэхийг хүсэж байна

Баянзүрх дүүргийн II, IV хорооны 85 өрхийн 500 гаруй иргэн өөрийн гэх орон гэргүй болоод долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тус хороонд байрлалтай “Сансар” хотхоныг ашиглалтын шаардлага хангахгүй гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 2013 онд дүгнэсэн. Үүний дагуу нийслэлийн ЗДТГ-аас 2014 оны дөрөвдүгээр сард уг хотхон дахь орон сууцын найман байр, амины зургаан сууц, хоёр дэлгүүрийг нурааж, дахин төлөвлөлтөд хамруулах захирамж гаргажээ. “Сансар” хотхоныг халуун, хүйтэн ус, дулаан, цахилгааны төвлөрсөн эх үүсвэрт холбосон байж. Энэхүү 3-4 давхар, хоёр орцтой хуучны орон сууцад иргэд 1-3 өрөөндөө ая тухтай аж төрж байсан гэнэ. Харин дээрх захирамж гарснаар хотхоныг дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэх тендерт “Их өргөө” компанийнхан шалгарчээ. Тус компанийнхан 2014 оны аравдугаар сард 85 айлын төлөөлөлтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулсан аж. Гэрээнд зааснаар гурван өрөөтэй бол 66, хоёр өрөөтэй нь 50, нэг өрөөгөө орхин нүүсэн иргэд 42 ам метр талбайтай байр авахаар тохиролцжээ. Ингээд түрээсийн байрны мөнгө авч гэрээ орхин нүүснээр иргэдийн зовлон эхэлсэн байна. Тухайн үед түрээсийн байрны нэг сарын төлбөрийг 500 мянган төгрөгөөр тооцож, нэг өрхөд зургаан сая төгрөг өгсөн байдаг. Харин зарим айл байрныхаа талбайн хэмжээг томсгохоор тохирч, гэрээ байгуулж, түрээсийн мөнгө авалгүй, зөрүү төлбөрт суутгуулж, нэг хэсэг нь бүр мөнгө нэмж өгчээ.

Тодруулбал, 20 гаруй айл тус компанийн дансанд 2-12 сая төгрөг тушаасан гэнэ. Төсөл хэрэгжүүлэгч компанитай байгуулсан гэрээнд 2015 оны гуравдугаар улиралд орон сууцаа барьж дуусгана хэмээн тусгажээ. Гэвч заасан хугацаа болоход суурь тавьсан нэр зүүснээс бусдаар бүтээсэн зүйлгүй, дээрх компанийнхан иргэдээс зугтах болов. Иргэд удаан хугацаанд хөөцөлдөн байж арай гэж “Их өргөө” компанийн удирдлагыг олж уулзахад “Хүлээж бай, итгэж болно” хэмээжээ. Ингээд 20 гаруй өрхөд түрээсийн байрны төлбөр болгож зургаа хүртэлх сая төгрөгийг дахин өгч, иргэдийн амыг тагласан гэнэ. Өөрөөр хэлбэл, орон гэрээ орхин нүүсэн айлуудаас нэг нь ч байранд орж чадаагүй. Хоосон хоцорсон иргэд “Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах үүргээ биелүүлээгүй, зургаан сарын хугацаанд ажил эхлүүлээгүй бол аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” хэмээн гэрээнд тусгасны дагуу эрхийг цуцалж өгнө үү хэмээн тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүлд 2015 оны зургадугаар сард хандсан байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хохирсон иргэдийн хамт “Их өргөө” компанийнхныг дуудан төслөө хэрэгжүүлж чадах, эсэхийг тодруулсан байдаг. Энэ удаад ч тус компанийнхан “Амласны дагуу барилгаа барина” хэмээн иргэдийг хуурсан юм. 

Аргаа барсан иргэд 2016 оны зургадугаар сард “Сансар” хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо” төрийн бус байгууллага (ТББ) байгуулсан аж. Улмаар хотын захиргааны бүх шатны байгууллагаас авхуулаад УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж гомдол гаргасан ч асуудлаа шийдүүлж чадаагүй гэнэ. Тиймээс шаардах хуудас бичиж, бүх иргэний гарын үсгийг цуглуулан хотын захиргааны үүдэнд өлсгөлөн зарлана, хононо хэмээсний хүчинд “Их өргөө” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг 2018 оны тавдугаар сарын 18-нд цуцлуулж чаджээ. Улмаар өмнөх Засаг даргын халааг авсан С.Батболд хохирсон өрхүүдээс 64-т нь байр өгөхөө илэрхийлж, орон сууцын батламж ч өгчээ. Гэхдээ дээрхийн адил нэг ч иргэнийг байранд оруулсангүй, улмаар халаагаа С.Амарсайханд шилжүүлснийг иргэд хэлсэн. Түрээсийн байранд олон жил амьдарч, аргаа барж туйлдсан иргэд дахиад л өлсгөлөн зарлана хэмээн жагсаж байж 70 өрх зургаан жилийн дараа буюу 2019 оны нэгдүгээр сард хотын захиргааны мэдлийн дамжин өнгөрөх түр орон сууцад сая нэг орсон байна. Үлдсэн 14 өрх нь энэ онд дээрх дамжин өнгөрөх түр орон сууцад нүүн иржээ. Нэг газраас нөгөө рүү нүүсээр туйлдаж гүйцсэн нэг айл орон нутгийг зорьж, ах, дүүгээ бараадсан гэнэ. “Сансар” хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ-ынхны мэдээлж буйгаар 2014-2019 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд орон гэргүй болсон 40-өөс дээш насны 13 хүн зуурдаар нас баржээ.

Түүнчлэн өөд болсон хүмүүсийн ар гэрийнхэнд нь байрны эрхийг шилжүүлэн авахад хүндрэл учирсан байна. Мөн 104 хүүхдээс олонх нь өөр сургууль руу шилжсэн гэнэ. Тэдний зарим нь хичээлийн хоцрогдолд орж, сургууль руугаа автобус дамжин, үүрээр, эсвэл шөнө орой бүдчин холоос явахдаа гэмт хэргийн хохирогч болсон нь ч бий аж. Үүнээс гадна зарим айл 10-15 удаа нүүдэл хийх явцдаа хамаг байдгаа эвдэж, өөдтэй тавилга гэх юмгүй хоцорсон гэсэн. Айлын байшин түрээслэх явцад цахилгааны утаснаас нь гал гарч, нэг иргэн өр төлбөрт унан, шүүхийн хаалга татаж, хохирсон дээрээ хохирсон тохиолдол ч гарчээ. Мөн гэр бүл салсан, хүүхэд өнчирсөн тохиолдлыг хэлж барахгүй гэж тус ТББ-ынхан ярьсан юм. Хохирсон иргэдийн дунд ахмад настан 49 байгаагаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч цөөнгүй бий. Тэд сэтгэл санааны хувьд маш ихээр хохирсны зэрэгцээ бие махбод, эдийн засгийн хүчирхийлэлд өртөж, шаналсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл, бууриа орхиод хохирсон ч буцах нүүдэлгүй болсон иргэд өөрийн гэх орон гэргүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр хүндхэн байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх байршилд дахин төлөвлөлт хийж, барилгажуулах тендер хэдэнтээ зарлаад ч компаниуд оролцоогүй гэнэ. Уг нь энэ онд “Твин хаус констракшн” ХХК тендерт оролцон 72.5 хувийн санал авч, Баянзүрх дүүргийн II, IV хорооны нутаг, Манба дацан хийд орчмын Б хэсэгчилсэн талбайд “Сансар” хорооллыг барих төсөл хэрэгжүүлэх болсон. Харамсалтай нь, тухайн компани төслийг хэрэгжүүлэхээс татгалзжээ. Энэ нь дараах шалтгаантай. Нэгдүгээрт, “Твин хаус констракшн” ХХК уг төслийг хэрэгжүүснээр ашиг олохгүй гэж үзжээ. Баянзүрх дүүргийн II, IV хорооны нутаг Манба дацан хийд орчмын Б хэсэгчилсэн талбай нь 3.24 га газартай. Тухайн компани байраа орхин нүүсэн 85 өрхөд байр өгнө гэж тооцоолсон авч, 55 айлын орон сууцын асуудал нэмж гарч иржээ. Эдгээр нь бууриа сахиж үлдсэн, нэгдүгээр давхарт амьдарч буй 55 айл. Тодруулбал, тухайн орон сууцын 2-4 дүгээр давхрыг нураасан ч нэгдүгээр давхрыг нь үлдээжээ. Тиймээс нэгдүгээр давхарт байгаа айлууд хогонд хашигдаж, халуун, хүйтэн ус, халаалтгүй амьдарч байна. Төсөл хэрэгжүүлэх талбай бага, эдгээр 55 өрхөд орон сууц өгөх боломжгүй учир дээрх компанийнхан төслөөс гарчээ. Хоёрдугаарт, төсөл хэрэгжүүлэх эрхээ цуцлуулсан “Их өргөө” компанийнхан нийслэлийн ЗДТГ-ыг шүүхэд өгч, иргэдэд өгсөн түрээсийн төлбөр, газар ухсан, суурь цутгасан зардлаа нэхэмжилсэн юм байна. Үүнээс гадна “Их өргөө” компанийнхнаас хохирлоо нэхэмжилж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 30 гаруй иргэн хандсан гэх. Гуравдугаарт, төр дэд бүтцээ шийдэж өгөх боломжгүй хэмээсэн. Дээр нь бичиг баримтын зөрчилтэй, хэл ам дагуулсан газар учраас төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн юм байна.

Тус төслийг хэрэгжүүлэх явцдаа маш олон хүний эрх ашгийг зөрчсөн. Жишээ нь, оршин суугчдын 85 хувь төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрч гарын үсэг зурсан учраас үлдсэн айлууд хоморгод нь өртөж, гэрээ байгуулалгүй гарчээ. Тиймээс түрээсийн байрны мөнгө авах нь битгий хэл гэрээсээ хөөгдсөн байна. Орон байртай байх нь хүний суурь эрх. Гэвч дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан дээрх 500 гаруй иргэн өнөөдрийг хүртэл орон байргүй хохирсон хэвээр байна. Тэд хотын хөгжил цэцэглэлтэд саад бололгүйгээр гэрээ хийсэн даруйдаа нүүн гарсан гэдэг. Үүргээ биелүүлсэн иргэд өдгөө эрхээ эдлэхийг хүсэж байна.

Уг нь нэг гарц гаргалгаа бий гэдгийг 2020 оны УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт тус дүүрэгт нэр дэвшиж, өдгөө ялалт байгуулсан Б.Энхбаяр хэлсэн байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн зургадугаар сард хохирогчдын төлөөлөлтэй уулзаж “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг дагаж гаргасан дүрэм, журмууд нь алдаатай юм билээ. Үндсэн хуульд зааснаар хууль, дүрэм, журам алдаатай, үүнээс болж иргэн хохирсон тохиолдолд төр хохирлыг бүрэн барагдуулах ёстой. Тиймээс түр хууль баталснаар та бүгдийн хохирлыг барагдуулах гарц, гаргалгаа байна. Та бүхний эрхийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээжээ. Үүнээс гадна түүнтэй нэг тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “2019 оны зургадугаар сарын 6-нд УИХ-аас баталсан 62 дугаар тогтоолыг (Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай) хэрэгжүүлэхийн төлөө шаргуу ажиллана. Уг тогтоолд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, дэд бүтцийн чиглэлээр баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлгэхийг хотын удирдлагад даалгасан. Мөн дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрт хамрагдаж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах, газар чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийг буулгахад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирлыг төр болон аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцах эрх зүйн зохицуулалт бий болгохыг даалгасан. Үүний дагуу УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлж, та бүхний дуу хоолой болно” хэмээснийг Баянзүрх дүүргийн иргэд хэлэв. Ямартай ч мянгантаа тэмцсэн ч үр дүнд хүрээгүй арга барагдаж, хүчин мөхөстөөд байсан иргэдийн итгэл сэргэж, хүлээлт үүссэн байна. Ташрамд дурдахад, дахин төлөвлөлтийн улмаас олон зуун иргэн хохирч буйг Монголын ХЭҮК, “Эмнести интернэйшнл” байгууллагынхан сануулж, дотоод, гадаадын хэвлэлээр удаа дараа мэдээлсний хүчинд УИХ-аас 62 дугаар тогтоол баталсан. Харамсалтай нь, тогтоолыг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй нийслэлийн ЗДТГ-ынхан чимээ аниргүй байсаар.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)