ҮҮЛ БААТРЫН ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ДАВАЛГАА

 -Нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэхийн тулд төрийн өмч рүү хамаагүй довтлох хэрэг байна уу-

Арванхоёрдугаар сар гарахад хэдхэн цаг дутуу байхад нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан өндөрлөж, хотын парламент 2016 оны төсвөө хэлэлцэн, баталлаа.

Сонгуулийн жилийн төсөв учраас төлөөлөгчдийн амбийц эрчимжиж, тойрогтоо юм хийсэн хүн болж харагдах гэсэн хүслийнх нь эрхээр Улаанбаатар хэмээх их айлын төсөв аманд ч үгүй, хамарт ч үгүй болох вий гэсэн болгоомжлол үнэндээ байв.

Хоёр удаагийн хэлэлцүүлгийн туршид намын бүлгүүд “Ингэж болохгүй”, “Тэгвэл бүр ч болохгүй” гэж нэгнийгээ шүүмжлэн, уржигдрын хуралдааны үеэр гарч нэг, орж нэг “зөвлөлдсөний” эцэст ямар ч байсан нийслэлийн төсвийг батлаадахав.

“Энд ч худаг гаргаж, цахилгаан тавих хэрэгтэй”, “Тэнд ч хагас км зам тавих ёстой” хэмээн аар саархан зүйлээр хөөцөлдөн, талцаж байсан тэдний олонх нь хувиа борлуулж, довоо шарлуулсан гэлтэй эцсийн мөчид санал хураахад эв найрамдалтайгаар толгой дохиж байлаа.

Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтад орсон Усан спорт сургалтын төв, Хүүхдийн урлан бүтээх төв, Соёлын төв өргөөний Г хэсэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын V байр буюу хуучнаар Хүүхэд, залуучуудын соёлын төв гэх мэт чухал объектыг цээжээрээ хамгаалаад байсан хүмүүс бүлх залгисан мэт дуугүй суусан нь хачирхалтай.

“ГЭДГЭР” ТӨСӨВ

2016 онд нийслэлийн төсөвт нийт 698.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан нь өнгөрсөн жилийнхээс 164 тэрбумаар давсан үзүүлэлт байв. Харин төсвийн зарлагыг ирэх жил 578.2 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2015 оныхоос 250 орчим тэрбумаар илүү гарсан гэсэн үг.

Эндээс харахад яалт ч үгүй ирэх жил бийлэгжүү төсөвтэй байх ганц газар нийслэл гэдэг ортой байж мэдэх нь. Эдийн засгийн хямралд бууж өгч унжийлгүй, харин ч толгой дээгүүр, нуруу гэдгэр төсөв батлуулж чадсан Э.Бат-Үүл дарга одоо бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлж болох нь.

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийн биелэлтийг хангах, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг биелүүлэхийн тулд төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчилна гэснээрээ тэр дайчилжээ.

Нийслэлийн төсвийн 60 шахам хувийг бүрдүүлдэг татварын орлого буюу ажилчдын цалин хөлснөөс суутгах орлогын албан татварыг 2015 онд 293 тэрбум төгрөгөөр тооцсон бол ирэх жил үүнийг 318 тэрбум болгож нэмэгдүүлээд буй. 2016 онд цалинг 10 хувиар нэмэх сураг гарсан учраас алаагүй баавгайн арьсыг ийнхүү “хувааж” байгаа хэрэг.

Түүнчлэн ирэх жил нийслэлийн төсөвт хүү, торгуулиас төвлөрүүлэх орлогын хэмжээг 23 тэрбум төгрөг байхаар төлөвлөсний дээр өмч хувьчлалаас 46 тэрбумыг босгохоор тооцсон аж. Мөн 2016 онд газрын төлбөрөөс 22 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр батлав.

Гэсэн ч гэдгэр төсөв гэдэс цатгалан байлгаж чадах болов уу. Үүнд хотын дарга “Ямар ч байсан хөрөнгө оруулалтыг таслахгүй, иргэдээ ажилтай байлгах, өрхийн орлогыг бууруулахгүй байх, нийгмийн асуудлыг нь шийдэх, өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэхэд анхаарсан төсөв баталлаа.

2016 онд ажлын байр нэмэгдүүлэхэд зориулж 5.4 тэрбум орчим төгрөг зарцуулна. Нийслэлийн Хөдөлмөрийн газар болоод Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран 15 мянган ажлын байр шинээр бий болгож, 20 мянган иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангах ажил зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж хариуллаа.

УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВИЙГ ДАХИАД ЗҮТГҮҮЛНЭ

Нийслэлийн төсвийг батлахаас өмнө ч, баталсан хойно ч 2016 онд хувьчлах объектуудын жагсаалт олон нийтийн дунд маргаан дагуулсан асуудал хэвээр байсаар байна. “Ардчилсан нам төрийн эрхэнд гарахаар л өмч хувьчлал хэмээх бизнес цэцэглэчих юм” хэмээн цахим хуудсаар дургүйцлээ илэрхийлсэн хүн ч цөөнгүй.

Үүнийг Үүл баатар давалгаалуулж байгаа юм биш биз. Өнгөрсөн жил хоёр аж ахуйн нэгж, 21 барилга байгууламжийг хувьчлахаар төсөвт суулгаж байсан бол энэ онд 21 объектын жагсаалт оруулаад ирснээс харахад огт үндэслэлгүй зүйл ч биш бололтой.

Ямар сайндаа л 2015 онд компанийн зарчмаар хувьчлах объектын жагсаалтад орсон байсан Усан спорт сургалтын төвийн барилгыг энэ онд “нээлттэй дуудлага худалдаа” гэсэн өөр нэр зүүлгээд дахин оруулаад ирж.

Тэгэхдээ бүр зүүн талынх нь нийслэлийн ЗДТГ-ын V байр буюу хуучин Хүүхэд, залуучуудын соёлын төв, одоогийн Гэр хорооллын хөгжлийн газар, Хүүхэд, гэр бүлийг дэмжих төв зэрэг албан байгууллага байрладаг томоохон хэмжээний газар бүхий объектын хамт хувьчлах гэж байна. Усан спорт сургалтын төвийг нээлттэй дуудлага худалдаагаар авсан хуулийн этгээдтэй тухайн объектыг 15 жилийн турш үндсэн үйл ажиллагааных нь дагуу ажиллуулах гэрээ хийх юм гэсэн.

Гэхдээ нэгэнт мөнгөө төлөөд авсан хүн нийслэлийнхний үгийг 15 жил дагана гэдэг юу л бол. Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн ЗДТГ-ын спорт танхим гээд “Хангарьд” ордны ойр орчмын хоёр том объектыг ирэх онд мөн л дуудлагаар худалдана.

Барилга нь “балгас” болсон байж болох ч хотын төвийн А зэрэглэлийн газруудыг ийнхүү яаран сандран хувьчлах нь хэр оновчтой юм бол. Бас одоогийн нийслэлийн ЗДТГ-ын байрыг концессын гэрээгээр аж ахуйн нэгжид өгөх тухай асуудал аль хэдийнэ шуудраад байгаа юм билээ. 

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ УЛААНБААТАР” ТЭДНЭЭС ДУГУЙЛАНГ НЬ

БУЛААХ ГЭЖ БАЙНА

Анзааралгүй орхиж боломгүй олон объектыг ирэх онд нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах нь тодорхой болчихлоо. Менежментийн хувьчлал нэрийдлээр циркийн барилгыг хувьд шилжүүлснээр өнөөдөр тэндхийн дүр төрх, үйл ажиллагаа ямархуу байдалтай байгааг түмэн олон мэднэ. Тэгвэл үүнээс ч дор юм болох нөхцөл бүрдээд байх шиг.

Хүүхдийн хөгжил, хөдөлмөр, гоо зүй, хүмүүжил төлөвшлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёрхон байгууллага Улаанбаатарт байдгийн нэг нь Хүүхдийн урлан бүтээх төв. Байгуулагдсан цагаасаа л хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, амьжиргааны арга ухаанд сургах үйл ажиллагаа явуулж ирсэн энэ төвийн дугуйланд өдгөө нийслэлийн 50 гаруй сургуулийн 600 орчим хүүхэд суралцдаг байна.

Монгол хүүхдүүдийн авьяас чадварыг гадаадын зочид төлөөлөгчид болоод төр, засгийн түшээдэд ойлгуулах, таниулан сурталчлахад түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн гавьяа Хүүхдийн урлан бүтээх төвийнх. Тиймээс өнгөрсөн жил тус төвийн байрыг өргөтгөж, “Хүүхдийн урлан бүтээх төв, Залуу техникчдийн ордон” болгохоор төсвийн төсөлд тусгаж байсан бол өнөө огт өөр зүйл яриад сууж байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Хүүхдийн урлан бүтээх төвийн байрыг ашиглаж болохгүй гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр ч дүгнэлт бий. Тус төвийн барилга мөнх цэвдэгтэй газарт баригдсан, дээрээс нь анхнаасаа суурийг нь муу тавьсан учраас хүүхдүүд тэнд хичээллэхэд хүндрэлтэй.

Тиймээс барилгыг нь хувьчилж, тэнд хичээллэдэг дугуйлангуудыг дүүргүүдэд тараан байршуулснаар алслагдсан дүүргийн хүүхдүүд заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй болно” гэлээ. Хүүхдүүд холоос дугуйланд ирж сурах амаргүй байдаг юм бол дүүрэг болгонд нь урлан бүтээх төв байгуулж өгч болно шүү дээ.

Харин нэгдсэн журмаар үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн урлан бүтээх төвийг үгүй болгосноор тэндхийн сургалт хүмүүжлийн чанар, хүртээмжийг хэн нөхөж өгөх бол. Монголын хүүхдийн ордонд зарим дугуйланг нь шилжүүлнэ гэж байгаа ч тэртээ тэргүй ачаалалтай байдаг газарт үнэндээ энэ бол арга ядсан хариулт билээ. Тийм байхад “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” болно гэж хүүхдүүдийг хөөрөгдөж болох уу.

“Мөнгө олох хэрэгтэй” гэсэн ганцхан шалтгаанаар ашигтай, ашиггүй ажилладаг нь хамаагүй бүхнийг хувьчлах гэвэл цаашид нийслэлд өөрийн гэсэн өмч үлдэх болов уу. ИТХ дахь Ардчилсан намын бүлэг үүнийг тайлбарлахдаа “Улс орны эдийн засаг хүнд байлаа гээд хот юм болгоноо хэмнэх гэлгүй хөрөнгө босгох бүх аргаа хэрэглээд байгаа шалтгааныг нийслэлийн эхлүүлсэн ажлаа гүйцээх, он дамнасан бүтээн байгуулалтуудаа дуусгахын төлөө ингэж байна” хэмээж буй.

Харин энэхүү эмзэг дээр нь Ардын намынхан “тоглолт” хийж, “Хаа сайгүй хямралтай байхад нийслэл иргэдээ торгох, хүүхэд олон нийтийн төлөө үйл ажиллагаа явуулдаг чухал газруудыг хувьчлах замаар төсвийн дутуугаа гүйцээх гэлээ” хэмээн ухуулж байгаа.

Нийслэлийн ИТХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг бол энэ асуудлаар ганц үг ганхийхгүй, амаа таг үдүүлчихсэн юм билээ.

“Э.БАТ-ҮҮЛИЙН ТӨСӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Т.БИЛЭГТИЙНХЭЭС 49 ДАХИН ИХ”

Э.Бат-Үүл даргыг хаанаас мөнгө босгоод буйг гайхах хүн цөөнгүй. Түүний удирдаж буй хотын төсөв хөрөнгө оруулалт урьд урьдын Мээрүүдийнхээс хамаагүй их байгааг нийслэлийн ИТХ дахь Монгол ардын намын бүлгийн дэд дарга Т.Гантөмөр хэлсэн.

Тухайлбал, 2015 онд нийслэлийн төсвийн орлого 558.5 тэрбум төгрөг байгаа нь 2012 оныхоос 160 гаруй хувь, зардал нь мөн үеийнхээс хоёр дахин, хөрөнгө оруулалт 150 хувиар тус тус өссөн үзүүлэлт гэнэ. Үүнд мэдээж Засгийн газраас гаргасан “Чингис”, “Самурай” бондын хаялга ч нөлөөлснийг тэрбээр хэлсэн.

2013-2015 оны хооронд Засаг даргын эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд нийлбэр дүнгээр гурван их наяд төгрөгийн төсөв хөрөнгө оруулалт хийсэн нь М.Энхболдынхоос 16, Ц.Батбаярынхаас 29, Т.Билэгтийнхээс 49, Г.Мөнхбаярынхаас зургаа дахин их байгаа гэнэ.

Тиймээс дээрх төсөв хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, тэр дагуу нарийн тооцоо судалгаа хийж, үнэхээр шаардлагатай гэсэн зүйлд нь зөв зарцуулсан бол Засаг даргын эдийн засаг, нийгмийн зорилт 100 хувь биелэх боломжтой байсан гэж тус намын бүлэг үзэж буй юм билээ.

Ямартай ч Үүл дарга зүтгэснээрээ зүтгэж, зорьсондоо хүрэх нь тодорхой. Эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал хүнд, мөнгөний ханш өдөр ирэх тусам унаж, инфляци өсөхийн хажуугаар нэрмээс болгон хотын төсвийн урсгал зардлыг 40 хувь хүртэл бууруулж, дээрээс нь Засгийн газрын тулган шахалтаар Улаанбаатарын төсөв дээр олон зардал нэмж дарамт үзүүлсэн эдгээр онд тэр гэдгэр чигээрээ байсан.

Харин одоо бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашигт халдаж эхэлбэл ямар ч сайхан нэр төр байгаад түүнийг зөвтгөх шалтаг олдохгүй л болов уу.   

Л.ГАНЧИМЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)