Үхлийн хөндийн “нүүдэлчид”

Байгаль эхийн хачирхалтай, сэтгэл татам, басхүү айдас төрүүлэм үзэгдлүүдийн талаар толилуулдаг булангаараа “нүүдэлчин” чулууны талаар сонирхуулъя.

Sailing stones буюу хүн болон ямар нэгэн амьд биетийн нөлөөгүйгээр хэдэн арав, зуун кг жинтэй, том чулуунууд байрнаасаа хөдөлж, нэлээд зайд “даяанчилдаг” сонирхолтой үзэгдэл бий. Байгаль, тэр дундаа геологийн шинжлэх ухаанд үүнийг гулсдаг, мөлхдөг чулуу хэмээн нэрлэдэг. Энэ нь хаа саагүй болдог үзэгдэл биш бөгөөд АНУ-ын Үхлийн хөндий дэх Рейстрэк-Плайя хэмээх хатсан нуур орчмын чулууд тийнхүү “тэнэдэг” юм байна. Газар зүйн хувьд Калифорни мужийн нутагт хамаардаг Мохаве цөл болон Их усан сав хэмээх газрын хооронд тогтсон хотгор бөгөөд дэлхийн хамгийн халуун, хуурай цэгээс гадна газар хөдлөлтийн идэвх маш сул.

Хачирхалтай чулуунууд 2-3 жил тутамд бууриа сэлгэдэг бөгөөд томынх нь мөрнүүд 3-4 жилийн хугацаанд хадгалагдаад алга болдог гэнэ. 1948 онд геологич Жим Макалистер, Аллен Агню нар Үхлийн хөндийн чулуунуудын нүүдлийн талаар карт гаргаж, мөрүүдийнх нь тэмдэглэгээг хийсэн байдаг. Үүнээс олон жилийн дараа АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн албанаас эл сонин үзэгдлийн талаар болон газар орных нь байдлыг мэргэжлийн сэтгүүлд анх нийтэлжээ. Тухайн үед судлаачид үүнийг нуурын мандал, салхитай холбон тайлбарлах гэж оролдсон аж. 1955 онд Мичиганы их сургуулийн судлаач, геологич Ж.Стэнли салхины нөлөөгөөр чулуунууд байрнаасаа гулсаж, нүүдэг гэдгийг үгүйсгээд, хатсан нуурын хонхорт борооны улирлын үед их хэмжээний ус тогтож, улмаар мөс шиг жижиг хэсгүүд үүсгэдэг бөгөөд энэ нь чулуунуудыг хөдөлгөөнд оруулдаг гэж тайлбарлажээ. 1972 онд эрдэмтэн Роберт Шарп, Дуайт Кэри нар Үхлийн хөндийн “нүүдэлчдийн” гулсалтыг тэмдэглэх программ зохиосноор 30 том чулууны мөрний зургийг авч чаджээ. Ингээд долоон жилийн хугацаанд судлаад, борооны улирлын үед нуурын хотгорын урд хэсэгт хуримтлагдсан ус салхины хүчээр туугдан урсахдаа хатсан хөндийг норгосны улмаас дагтаршсан шавран хөрс богино хугацаанд огцом дэвтээд үрэлтийн коэффициент эрс буурна. Ингэснээр 350 хүртэл кг жинтэй том чулуунуудыг салхинд хийсэх боломж олгодог хэмээн тайлбарлажээ.

1993 онд Калифорнийн Санлийн Хосе их сургуулийн судлаач Паула Мессина эл үзэгдлийн талаар эрдмийн зэрэг хамгаалжээ. Тэрбээр чулуунууд хэзээ ч нэг шугамын дагуу зэрэгцэн “явдаггүйг” онцолж, GPS-ийн тусламжтайгаар тогтоосон 162 тохиолдлоор жишээ татан тайлбарлажээ. Түүнийхээр бол Үхлийн хөндий дэх бул чулуунууд жин болон дүрс хэлбэрээсээ үл шалтгаалан “мөлхдөг” нь хатсан нуурын хотхор хавьд салхи хачин жигтэй “аашилж”, төв хэсэгт нь хуй босдогт хамаг учир байна гэж тайлбарласан байна. Тэгвэл 1995 онд профессор Ж.Рейдээр ахлуулсан багийнхан нөгөөх чулуунуудын хөдлөх механизмын талаар PLOS сэтгүүлд нийтэлснээс үзвэл, үерийн уснаас үүдэн норсон шавар хөрс шөнөдөө мөстөж, салхины аясаар хийсэхдээ том чулууг 2–5 м/мин хурдтай “явуулдаг” гэсэн байна.

Гэхдээ энэ бүх таамаг яг таг тайлбар биш гэдгийг Америкийн эрдэмтэд 2014 онд нотолж, Үхлийн хөндийн “нүүдэлчдийн” учрыг тайлснаас гадна дүрсжүүлэн, баталгаажуулж, эл үзэгдэл дэлхийн зарим газарт болдгийг ч нотолсон гэнэ. Рейстрэк-Плайя нуурын орчимд чулуунууд яагаад хөдөлдөг вэ.

Хатсан нуурын хуурайшсан хөрсөн дээгүүр “тэнэдэг” чулуунууд заримдаа гараанаас хосоороо хөдөлдөг гэнэ. Ингэж байснаа заримдаа нэг нь чиглэлээ өөрчлөх, эсвэл буцаад “явчихна”. Зарим нь бүр ор мөргүй алга болдог аж. Тэгсэн хэрнээ гулссан нүүдлийнх нь мөр байгаад байна. НАСА-гийн мэргэжилтэн, геологич Ральф Лоренц “Өвөл Үхлийн хөндийн чулуунуудын эргэн тойронд мөсөн ширхгүүд тогтдог. Тэгээд нуурын ёроол гэсэж, чийгтэй болоход шаварнуудад шигдэнэ. Ингэснээр үрэлтийн хүч буурч, жаахан л салхилахад “хурдасгуур” болж чулуунуудыг хөдөлгөдөг” хэмээгээд үүнийгээ лабораторийн нөхцөлд туршилтаар баталсан гэнэ. Гэхдээ тэндхийн бүх чулуу яагаад хөдөлж, байрнаасаа ховхордоггүй, зарим нь яагаад чиглэлээ өөрчилдөг, мөн зарим нь юунаас болж хамтдаа “аялдаг” зэрэг олон асуултад одоогоор хариулсан хүн алга.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)