Үр удам нь олон байхыг бэлгэдэж Наурызаар будаатай шөл хийдэг

Казах түмний Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа энэ баяр онцлог. Мөн казахууд жилийн эхэн, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж, амь ордог өдөр хэмээн бэлгэшээдэг. Тийм ч учраас Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу барьж гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгадаг бол эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг аж.

Дараа нь “Газар эх минь ивээлээ хайрла” хэмээн нээсэн худгийн нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүүгээ цацдаг ёстой.

Энэ өдөр гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 03.00 цагийн үеэс эхэлдэг. Учир нь нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө 06.00 цагт мандах үе нь дундад Азийн улс орнуудын хувьд шөнийн 03.00 цагтай давхацдаг. Иймээс Наурызыг дээрх цагаас эхлэн угтаж ирсэн уламжлалтай.

Эртний домог яриагаар бол гуравдугаар сарын 21-ний шөнө хүмүүст эд баялаг, аз жаргал, баяр баясгалан хайрладаг, өндөр настай Кызыр өвөө даян дэлхийгээр хэсдэг гэнэ. Иймд энэ шөнийг “Кызырын шөнө” ч гэж нэрлэдэг.

Наурызын баярын өдөр казахууд үндэсний болон, цэвэрхэн хувцсаа өмсөж, хоорондоо золгож, бие биедээ баяр хүргэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээл арвин байхын ерөөл дэвшүүлдэг. Эрчүүд хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлж золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг.

Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мэндэлдэг ёстой. Гараараа барилцан цээж мөргүүлдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж минь, амьдрах эх булаг болсон хоёр гар минь эсэн мэнд байг гэсэн утга илэрхийлдэг. Тэгээд,

Хүн ард эрүүл байг

Хүүхэд бүхэн жаргалтай байг

Ерөөл айлтгал биеллээ олж

Ертөнц даяар аз жаргалаар дүүрч

Нартын хүмүүсийн сэтгэл тэнийж

Наурыз баяр өлзийгөө хайрлаг аа! гэж хэлдэг. Үүний дараа Наурызын баярт зориулж чанасан толгойг хамгийн настай буюу цугларагсдын ахмад нь эхэлж зүсэх учиртай. Хонины толгойн эрүүний хуйхнаас зүсэж эхлээд гэрийн эзэнд, дараа нь насны эрэмбээр бусад хүнд амсуулна.

Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” хэмээх шөл юм. Энэ нь амьдралын долоон элементийг илтгэдэг ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү гэсэн долоон орцоос бүрдэнэ. Баяр баясгалантай, азтай, цэцэн, эрүүл, элбэг дэлбэг, хурдан шаламгай, өсөж үрждэг, бурхнаас өршөөлтэй байх гэсэн утгыг энэ нь илтгэдэг. Казахын ёсонд Наурызаар будаатай шөл хийдэг нь үр удам нь олон байхыг бэлгэшээсэн хэрэг юм.

Казахууд Наурызыг тэмдэглэхдээ долоогийн тоог заавал оруулдаг. Энэ нь долоо хоногийн нийт гаригийн тоо бөгөөд үүгээр гариг бүхнийг ижилхэн хүмүүст ивээлтэй хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлж буйн илрэл гэнэ. Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настан буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалах уламжлалтай. Хүндэтгэлийн энэ өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг хатуу цээрлэнэ.

Харин манай Цагаан сарын баяр шиг хүн бүрт бэлэг өгдөггүй аж. Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Наурыз көжег 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Учир нь казахууд 40-ийн тоог эрхэмлэдэг аж.

Хот суурин газар амьдарч буй казах иргэд Наурызын баярын гол санааг агуулсан зоог барих, мэндчилэх хүндэтгэх ёсыг даган мөрддөг ч байгальтай харьцах зан үйлийг хийх боломж бололцоо хомс байдаг аж. Харин нүүдэлчин уламжлалаа алдаагүй малчин айлууд Наурызын баярын байгальтай холбоотой зан үйлийг түлхүү хийдэг гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)