Үр тарианы 22 хувийг хураажээ


Энэ онд улсын хэмжээнд 343 100 га талбайд буудай тарьсан бөгөөд 450 300 тонныг хураан авах урьдчилсан баланс гарсан билээ. Харамсалтай нь, дөнгөж 15-хан хувийг хураагаад байтал газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийг бүхэлд нь, Төв, Булганы хойд хэсгийг цас дарсан.

Тариаланчид тэнгэрийн аашийг харж, жаахан дулаарах завсар чөлөөнд ургацаа авахын зэрэгцээ цасанд дарагдаж, бөхийн налсан тариаг хураах зориулалт бүхий тоног төхөөрөмж ашиглах зэргээр янз бүрийн арга хэрэглэж буй талаар бид мэдээлсэн. Хэдий арга хэмжээ авч буй боловч дээрх үзүүлэлт одоогоор дөнгөж 22 хувьтай байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Харин төмс, хүнсний ногоогоо бараг хурааж дуусжээ. Тухайлбал, төмс 125 700 тонн буюу 81.1, хүнсний ногооныхоо 73 хувийг хураан авсан байна. Цаг агаарын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун олгож буйгаа мэдээллээ.

Хүйтрэхээр мал нөмөр бараадаж, ургац сүйтгэх нь ихэсдэг тул мал бүхий иргэдийг аравдугаар сарын 15 хүртэл тариалангийн талбайгаас 15 км-ийн алсад нутаглуулах чиглэлийг орон нутгийн удирдлагад өгсөн байна.


М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)