Үрчлүүлэх шийдвэрийг “үзэгний үзүүр”-ээр гаргахаа больё

Олон нийтийн сүлжээнд сарын өмнөхөн бяцхан охины зураг байршуулж, бусдад өргүүлнэ гэсэн хачирхалтай, содон зар нийтэлснийг зарим хүн санаж байгаа биз ээ. “Аймаар юм, аймшигтай хэрэг”, “Хүүхэд ямар хонь, мал уу”, “Эцэг, эхийн хариуцлага хаана байна вэ”, “Хүүхэд хамгааллын үйлчилгээ гэж байна уу”, “Хүүхдийн эрх гэж хашхичдаг хүмүүс анхааралдаа авна уу” гэж цөөнгүй хүн бухимдсан. Мөн нэг хэсэг нь хүүхэд хамгааллын бодлогыг шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь хүүхдийн ээжийг гоочлохоо мартаагүй. Ер нь хүүхэд үрчлэхэд тавих төрийн хяналт хэр сул байгааг энэ жишээ илтгэсэн байж ч мэднэ. Фэйсбүүк дэх Төв аймгийн нэгдсэн группт нийтэлсэн уг зарын дагуу тухайн хүүхдийн ээжийг цагдаагийн байгууллагаас шалгасан. Үүнээс урьтаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ынхан хүүхдээ үрчлүүлэхээр зар тавьсан гэр бүлийнхнээс асуумж авчээ. Олон нийтийн сүлжээнд зар тавьсан эмэгтэй “Би ээжтэйгээ амьдардаг. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн хяналтад орсон, амьдралын боломж тааруу тул ээжийн тэтгэврийн мөнгөөр амь зуудаг. Хүүхдээ өсгөх боломжгүй” хэмээжээ. Түүний нөхөр уул уурхайн компанид ажилладаг нэгэн аж. Сүүлийн хэдэн сар гэртээ ирээгүй гэх. Нөхөр нь хүүхдийн тусламжийн 108 дугаар луу “Эхнэр маань надтай зөвшилцөлгүй хүүхдээ өргүүлнэ хэмээн Фэйсбүүкт зар тавьжээ. Яах вэ” хэмээн ханджээ. Тэд салах шийдвэрт хүрснээ албаныханд хэлсэн гэнэ. Мөн тэдний хэн хэн нь Төв аймагт бус, нийслэлд аж төрдөг. Тус аймагт эхнэрийнх нь ээж л амьдардаг аж. 

Хосын аль аль нь хүүхдээ өсгөх боломжгүй, өргүүлэх хүсэлтэй байна гэжээ. Дээрх зарын дагуу нийслэлд оршин суудаг нэгэн эмэгтэй Төв аймгийн Жаргалантад очиж, хүүхдийг авсан байна. Тэрбээр Жаргалант сумаас буцахдаа аймгийн төвөөр дайрч хүүхэд авч яваагаа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэнэ. Цагдаагийнхан уг мэдээллийг хэрэгсэлгүй орхижээ. Харин ГБХЗХГ-ынхан хүүхэд үрчлүүлэх зарын дагуу Төв аймгийн Засаг даргад хандаж, арга хэмжээ авахыг хүссэн аж. Улмаар аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс (ГБХЗХХ)-ээс хүүхдийн эрхийг хамгаалах байцаагч томилжээ. Мөн Засаг дарга захирамж гаргаснаар цагдаагийн төлөөлөл оролцуулсан хамтарсан баг томилж, тухайн айлд очсон байна. Хүүхэд үрчлэхтэй холбоотой эл асуудалд цагдаагийн байгууллагынхан үнэхээр хайнга хандсан гэдгийг албаны эх сурвалж хэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн ээж, аавтай холбоо тогтоох, мэдүүлэг, тайлбар авах бүх нөхцөлийг ГБХЗХГ-аас цагдаагийнханд бүрдүүлж өгсөн байна. Хэрвээ тус газраас ийм асуудал үүссэнийг аймгийн Засаг даргад мэдэгдээгүй бол цагдаагийнхан асуудлыг үл тоогоод л өнгөрүүлэх байж. Цагдаагийнхан охины ээж, аавыг шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзжээ. Охиныг үрчлэхээр авч явсан эмэгтэй “Хүүхдийн ээжтэй Төв аймагт очиж уулзсан. Амьдралын нөхцөл байдлыг нь хараад охиныг өөрийн эрхгүй өрөвдсөн. Ээж нь арга ядахдаа охиноо өргүүлэхээр зар тавиа биз ээ. Хүүхэд гэрт, тэр дундаа ядуу зүдүү нөхцөлд амьдрах ёсгүй. Тиймээс хуулийн дагуу хөөцөлдсөн. Зохих газруудад мэдэгдэж, холбогдох байгууллагад өргөдлөө гаргасан” хэмээн мэдүүлжээ. Гэвч хандсан дүүргийнх нь ГБХЗХХ-ээс хүүхдийг түүнд өргүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн аж. Хүүхэд үрчилж авахыг хүссэн 30 гаруй насны тэр эмэгтэй өөрийн гэсэн орон сууцтай, амьдрах нөхцөл сайн, хөдөлмөр эрхэлдэг, орлого баталгаатай. Харамсалтай нь, гэр бүл зохиогоогүй ганц бие байсан нь хүүхэд үрчилж авахад “тээг” болжээ.

Өдгөө Төв аймгийн ГБХЗХХ-ийн хамтарсан багийнхан тухайн гэр бүлд үнэлгээ хийж буй. Тэд яагаад хүүхдээ өргүүлэх болсон юм, амьдралын түүх ямар вэ, ээж нь үнэхээр хүнд өвчтэй юу зэргийг судалж байна. Харин хоёр настай охинд үйлчилгээ үзүүлж, түр хамгаалах байранд хамгаалалтад авчээ. Сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд охинтой ажиллахад ар гэрийнхэн нь хүүхдээ үл хайхардаг болов уу гэх нөхцөл байдал ажиглагджээ. Хуульд зааснаар охины ээж шүүхэд хандаж, эцэг, эх байх үүргээсээ татгалзаж болох аж. Хамтарсан баг ээж, аавтай нь хэсэг хугацаанд ажилласан ч хүүхдийг түр хамгаалах байранд байлгах уу, шүүхэд нэхэмжлэл гаргах уу гэдгээ шийдээгүй байна. Зар тавьсан ээжээс хүүхдээ эргүүлэн авах, эсэхийг дахин асуухад “Миний хүүхэд тав тухтай орчинд өссөн нь дээр. Би хангалуун сайхан байлгаж чадахгүй” хэмээх анхны мэдүүлэг дэх байр сууриа хадгалсан хэвээр байгаа гэсэн. Хүүхдийг авахыг хүссэн эмэгтэй харьяа дүүргийнхээ ГБХЗХХ-т өргөдөл гаргахдаа утасны дугаараа үлдээжээ. Түүн рүү утасдаж охины ар гэрийнхнийг олсон юм билээ. Одоо хамтарсан баг ид ажиллагаа явуулж буй бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй тул энэ тухай мэдээллийг түр орхие. Ер нь хүүхэд үрчлэх асуудалд төрийн албаныхан тун хайнга хандаж иржээ. Зарим хос ар гэрийн нөхцөл байдлаа худлаа мэдүүлэн хүүхэд өргөж авсан тохиолдол гардаг гэнэ.

ГБХЗХГ-ынхнаас авсан эл мэдээллийг цагдаагийнхан ч баталсан юм. Ялангуяа орон нутагт ураг төрлийнхөн дундах үрчлэлт асуудалтай гэнэ. Жишээ нь, тэтгэвэрт эрт гарах, одон авахын тулд ах, дүү, хамаатныхаа хүүхдийг нэр дээрээ бүртгүүлэх нь их аж. Улмаар тэтгэвэрт гарсан хойноо, одонгоо авсныхаа дараа үрчилсэн шийдвэрээ буцаадаг гэх. 2019 оноос өмнө тухайн гэр бүлийн гэрлэлтийн баталгаа, сэтгэцийн эрүүл мэндийн төвийн оношилгоо, ял шийтгэлгүй, хөдөлмөрийн чадвартай, одоо ажиллаж буй, өрхийн орлого хангалттай зэрэг хэдхэн тодорхойлолтыг үндэслээд л Засаг дарга шийдвэр гаргаж, хүүхдийн хувь заяаг шийддэг. Өөрөөр хэлбэл, бүрдүүлсэн цаас хараад л хүүхдийг үрчлүүлдэг байж. 2018 оны сүүлчээр Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эл асуудлыг арай өөрөөр шийддэг болсон. Тодруулбал, тус хуульд орон нутгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн үнэлгээ хийж, үрчлэх дүгнэлт гаргах заалт нэмэлтээр оруулжээ. Гэвч бодит байдалд Засаг дарга нар захирамж гарган, дээрх ажлыг ГБХЗХХ-т даалгадаг. Үүний дагуу тухайн хэлтсийнхэн хуулиар хүлээсэн үүрэггүй атлаа үнэлгээ хийж, тухайн айлд хүүхэд байх боломжтой юу, зан үйлийн өөрчлөлт байна уу гэдгийг судалж, дараа нь өргүүлэх боломжтой, эсэх дүгнэлт гаргадаг. Мөн хүүхдийг үрчлүүлсний дараа зургаан сар тутамд эргэн хяналт тавих ажлыг ч зохион байгуулдаг гэсэн. Манай улсад жилд дунджаар 1100-1550 хүүхдийг үрчлүүлдэг. Сүүлийн 1-2 жилд үнэлгээ хийх явцдаа хүүхэд хамгааллын хүрээнд анхаарах асуудал байгааг ГБХЗХХ-ийнхэн олж харжээ. Нэгдүгээрт, “үзэгний үзүүр”-ээр шийддэг хууль бус үрчлэлт энд тэндгүй байгаа нь илэрчээ. Хууль, журамд зааснаар 60-аас дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглодог. Гэтэл 87 настай хөгшинд хүүхэд өргүүлсэн тохиолдол гарчээ. 

Тухайн хөгшин өнгөрөхөд хүүхэд бүтэн өнчин үлдэж, улсаас тэтгэмж авах учраас тэр. Мөн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамруулахын тулд хүүхдээ санаатайгаар ахмадуудад үрчлүүлдэг байна. Өнгөрсөн жил БСШУСЯ-наас ийм найман тохиолдлыг судалж өгнө үү гэх хүсэлт ГБХЗХГ-т гаргасан гэсэн. Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн зарим нь үрчлэгдсэн хүүхэд гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлсэн юм. Мэргэжлийн баг үнэлгээ хийхгүй, дээр дурдсанчлан ял эдлээгүй, сэтгэцийн өвчингүй, өрхийн орлоготой, ажилтай гэх цаас буюу тодорхойлолтод үндэслэн хүүхэд үрчлүүлсний гор энэ мэтээр илэрдэг. Тиймээс энэ асуудлыг нухацтай судалж, хэдэн жил дамнуулан хэлэлцэж буй Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах төсөлдөө нааштай заалт оруулсан гэж найдъя. Ингэж байж Монголд үрчлэлтийн систем бүрэн дүүрэн хөгжинө. Мөн хүүхэд үрчлэхэд анхаарах бас нэг чухал зүйл бий. Үүнийг жишээгээр тайлбарлая. Энэ үйл явдал өнгөрсөн зун болсон. Баруун аймаг руу үрчлэгдсэн нэгэн охин өөрийгөө өргөмөл болохыг өсвөр насандаа хамаатнаасаа мэджээ. 

Улмаар өргөсөн аав, ээжтэйгээ харилцахгүй дуугаа хурааж, гадуур хонож, гэрээсээ аль болох дөлж, ганцаардмал нэгэн болж хувирчээ. Ээжийгээ аргадах, аавынхаа найр тавих бүрт бухимдан “Та нар намайг яах гэж авсан юм, асрамжийн газарт үлдээчихгүй яасан юм” хэмээн өөрийн, өрөөлийн ч сэтгэлийг “сэмэлжээ”. Ээж нь аргаа бараад сэтгэлзүйчид хандаж, түүгээр дамжуулан охиноо маш ихээр хайрладаг, хүүхэд амьдралын утга учир нь гэдгийг ойлгуулжээ. Ах, дүү, хамаатнууд хоорондоо хүүхдээ үрчлүүлэх нь бас л асуудалтай. Өргөмөл гэдгээ мэдсэн хүүхдүүд төрсөндөө “Тэд намайг голсон” хэмээн гомдож, эс бөгөөс өсөрхдөг. Зарим хүүхэд өргөмөл гэдгээ мэдээд төрсөн эцэг, эхээ хайдаг бөгөөд мөн зан авирт нь өөрчлөлт ордог. Тиймээс сэтгэлзүйчид, үрчлэх асуудлаар үнэлгээ хийдэг мэргэжилтнүүд хүүхэдтэйгээ насанд хүрсэн хойно нь, аливаа асуудлыг ухамсартайгаар хүлээн авч, бодож тунгааж эргэцүүлдэг үед нь өргөмөл гэдгийг нь хэлж, ярилцвал илүү сайн хэмээсэн. Мөн “Аажим аажмаар чиний төрсөн эцэг, эх бий. Тэд чамд хайртай. Чамайг илүү сайхан, тав тухтай гэр бүлд өсгөхөөр үлдээсэн гэдгийг зөвөөр ойлгуулах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн.

Үрчлэлт болгон таагүйгээр төгсөх албагүй. Үрчлүүлсэн ч азтай, амжилттай яваа хүмүүн дэлхий ертөнцөд олон. Жишээ, Нелсон Мандела аавынхаа өргөмөл хүү нь. Түүнийг есөн настайд аав нь өөд болж, ээж нь түүнийг Тембу омгийн удирдагчид өргүүлсэн гэдэг. Нелсон Мандела Өмнөд Африкийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны Ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналтан гэдгийг та бүхэн мэднэ. Аав нь хүүгээ хайраар тэтгэж, төрсөн ээж нь өөрт нь маш их хайртайг зөв ойлгуулснаар тэр дээрх амжилтад хүргэсэн гэдэг. Үүний нэгэн адил Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам гуай бас багадаа үрчлэгдсэн нэгэн. Тэрбээр нэгэнтээ “Би айлын өргөмөл хүүхэд. Нэг хүүгийнх нь хоёр хүүхэдтэй, гурав дахь нь төрөх гэж байхад, нөгөө хүүгийнх нь хүүхэдтэй болохгүй байсан тул өвөө минь “Танайх дүүдээ хүүгээ өг, чи ахынхаа хүүхдийг ав” гэж хөвгүүддээ хэлсэн гэдэг. Өргөж авсан ээж, аав хоёр минь намайг амандаа хийвэл хайлчихна, алган дээрээ тавивал бөмбөрчихнө хэмээн энхрийлж өсгөсөн. Би эрх дураараа, ааштай, зөрүүд гэж туйлгүй. Ямар сайндаа манай нутгийнхан “Сэндэнжавын хүү хүн болохгүй” гэцгээж байх вэ дээ. Би их сургууль төгсөөд багш болсон. Багш болох тушаал гарангуут яамнаас бичиг аваад ээж, аавыгаа хотод авчрахаар нутаг руугаа давхисан. Ингээд очиход тэр хоёрын минь бах нь ганц ханасан янзтай харагдаж билээ. “Сэндэнжавын Дулам хүн болохгүй. Энэ хоёр хүүхдээ даанч буруу эрхлүүлж” гэгдэж байсан хүү нь их сургуулийн багш болчихоод, тэднийгээ хот руу аваад явж байгааг хүн болгон хараасай гэж бодсон болов уу. Энэ хорвоо ертөнцөд миний аав, ээж шиг сайхан хүмүүс байхгүй гэж надад бодогддог” хэмээн өгүүлсэн удаатай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)