Үрсээ үл тоогсдод нийгмийн шахалт шаардлагатай байна

Үр хүүхдээ өмсөх хувцастай, идэх хоолтой байлгахын төлөө өдөр шөнө, өглөө оройг үл хайхран хөдөлмөрлөж буй 36 000 орчим өрх толгойлсон эх манай улсад бий. Гэр бүл төлөвлөлтийг юман чинээ тоодоггүй, хүүхдээ өнчрүүлж хариуцлага алдсан эцэг, эхийн талаар “Орчин цагийн “Шагдарууд” нийтлэлээрээ хэдхэн хоногийн өмнө манай сонин хөндсөн. Тэгвэл энэ удаад үр хүүхдэдээ амьдын хагацал үзүүлээгүй ч бор хоног, шар өдрүүдийг нүдэндээ нулимстай өнгөрөөхөд хүргэж буй эцэг, эхчүүдийн хариуцлагагүй байдлыг хөндлөө.

Баянгол дүүргийн XXII хороонд хүн ам, орон сууцын тооллогын судалгаа авч явсан мэргэжилтнүүд гэртээ хоолгүй, харгалзах хүнгүй орхисон бага насны гурван хүүхэдтэй өнгөрсөн бямба гарагт таарсан нь олныг шуугиулав. Тодруулбал, 2-7 насны гурван хүүхэд хоолгүй, хүйтэн гэрт хоёр хоножээ. Хүүхдийн эрхийг зөрчсөн хэрэг дан ганц үүгээр дуусахгүй. Энэ сарын 4-нд Дорнод аймгийн Хэрлэн сумд хоёр настай охиныг гэрт нь цоожлоод үлдээсний улмаас осгож, хүнд бэртсэн тохиолдол гарсан. Хөршүүд нь охиныг олж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Энэ мэтчилэн эцэг, эх нь байдаг ч алхам тутамдаа хүчирхийлэлд өртдөг хүүхдийн тоо нэмэгдэж буй нь харамсалтай. Гэр бүл төлөвлөлт, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ монголчууд хэрхэн биелүүлж буй талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэгээс тодрууллаа. 

Тэрбээр “Хүн нийгмийн харилцаанд орон бие хүн болж төлөвших үедээ өөрийн ухамсраа төлөвшүүлдэг. Хүүхэд наснаас том хүн болон шилжих үе буюу өсвөр насандаа өөрийн гэр бүлийг зохиож, үр хүүхэдтэй болдог нь түгээмэл. Үр удмаа үлдээх нь хүн төрөлхтний нийтийн үүрэг гэж ойлгож болно. Гэр бүл болсноор эхнэр, нөхөр нэг нэгнийхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ гэсэн үг. Харин хосууд хүүхэдтэй болсноор энэ үүргээ хэд дахин давуулан биелүүлэх ёстой. Харамсалтай нь хүүхдийн сурах, мэдэх, хөгжих эрхийг дэмжих нь битгий хэл амьд явах эрхэд нь халдаж буй олон эцэг, эх бий. Хүүхдийн эрхийн талаар ам нээж амжаагүй байтал “Миний хүүхэд учир яаж өсгөхөө, хэрхэн амьдруулахаа би өөрөө мэднэ” гэдэг аав, ээж олон. Ажлаа хийнэ, найз нөхөдтэйгөө наргиж цэнгэнэ, бүр архины хамааралтай болсон эцэг, эх манай нийгэмд цөөнгүй болж. Хүүхэд нь асран хамгаалах хүнгүй орхигдож байна гэсэн үг. 2014 онд монголчууд олон улсын жишгийг даган хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх 108 тусламжийн утастай болсон. Одоогоор өдөрт дунджаар 450-500 дуудлага ирдгийн 30 орчим хувь нь хүүхэд хамгааллын дуудлага. Хүүхэд хамгааллын дуудлагад хүчирхийлэлд өртсөн, үл хайхрагдсан, эрүүл мэнд, амь нас, хөгжих эрхэд нь саад бэрхшээл тулгарч байгаа зэрэг зөрчил багтдаг. Харин үлдсэн хувийг нь томчууд эзэлдэг. Тэд хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах, тэднийг яаж ойлгох зэрэг зөвлөгөө авдаг юм. Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүүхэд рүү очиход өөрийгөө халамжилж, хооллох чадваргүй бага насныхан ихэвчлэн байдаг” гэлээ. Үүнээс үзвэл эцэг, эхчүүд хүүхдээ асарч чадахгүй хэрнээ эрхийнх нь талаар үг сонсохгүй болтлоо чих нь хатуурсан бололтой.

Архи уучихаад хүүхдээ буудалд орхиод явсан, хойд эцэг нь согтуудаа хүүгээ заазуурдсан хэргийг та бүхэн санаж байгаа байх. Эцэг, эх нь хоёулаа архины хамааралтай болсноор хүүхэд бэртэж гэмтэх, гэмт хэрэгт холбогдох нь их. Гэмт хэргийн хохирогч болж байгаа хүүхдүүдийн 50-60 хувь нь эцэг, эхийн хараа хяналт сул гэсэн шалтгаантай байдаг гэнэ. Хүүхдийн тусламжийн 108 дугаарын дэргэдэх Түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхдүүдийн хүчирхийлэлд өртсөн гол шалтгаан нь архинаас үүдэлтэй байгаа юм. Тодруулбал, тус төвд хандсан хүүхдийн хүчирхийлэлд өртсөн гол шалтгаан нь архины хамааралтай эцэг, эх. Өнгөрсөн жил хүүхдүүдийн 73 хувь буюу 721 нь ийм шалтгааны улмаас дээрх төвд ханджээ. Архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй нийгмийн хар бараан зүйлс үүгээр дуусахгүй. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан “Хүүхдийн үйлдэж буй хэрэг жилд дунджаар 1000 орчим бүртгэгддэг. Үүний ихэнхийг хоёр төрлийн гэмт хэрэг эзэлдэг. Нэг нь хулгай, нөгөө нь бусдын бие махбодод хохирол учруулах буюу зодох. Хүүхэд аливаа зүйлээр дутагдсан, наад захын хүнсний гачигдалд орсон учир хулгай хийдэг. 

Эцэг, эх нь архидан согтуурч хоорондоо маргалдаж, гар зөрүүлснээс болж хүүхдүүд зодоон цохион хийх нь элбэг. Зарим эцэг, эх хамгаалах нь битгий хэл, өөрсдөө хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийж байна. Зодож бэртээхээс гадна гэр бүл салалтаас үүдэн хойд эцэг, эхтэй болж бэлгийн хүчирхийлэлд өртөх нь ч бий. Манай улсад жилд дунджаар 4000 хос гэр бүлээ цуцлуулдаг. Үүнээс болж 6000 орчим хүүхэд “дагавар” гэх нэр зүүдэг аж. Гэр бүл салах нь хүүхдийг гэмт хэргийн хохирогч болоход мөн нөлөөлдөг. Хүүхдийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг нь бага насныхан. Тэд хэрүүл, зодоонтой гэрээс гараад явчихаж чадахгүй. Мөн хаана хандахаа мэдэхгүй. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд архины хамааралтай болох нь ихэссэн. Энэ нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа юм. Жилд дунджаар 80 000 орчим хүн эрүүлжүүлдэг байсан бол 2019 онд 110 000 болж өссөн. Үүний 15 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 20-30 хүн эрүүлжүүлдэг гэсэн үг. Уг нь 2000-2012 оны хооронд эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тав орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байж. Ингээд л гэр бүлийн гишүүд архины хамааралтай болж, үүнээс үүдэн хүүхдүүд хохирох нь их болов. Зөрчлийн тухай хуульд хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг эхэд торгох, баривчлах арга хэмжээ авч байхаар тусгасан” гэлээ.

Хариуцлага алдсан эцэг, эхийн талаар өөр нэг жишээ дурдъя. Өнгөрсөн оны тавдугаар сард долоон настай охины дөрвөн хурууг нагац ах нь согтуудаа цавчсан хэрэг гарсан. Шүүхээр хэргийг нь шийдвэрлэсэн боловч хэрэгтэн ялаа хүлээн зөвшөөрөөгүй учир дараагийн шатны шүүхэд ханджээ. Нэг талаар архи уусан нагац ахынх нь буруу хэдий ч нөгөөтээгүүр, эцэг, эхийг нь зүгээр өнгөрөөж болохгүй гэнэ. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Батсайхан “Хүүхдээ зодож, бэртээгээгүй л бол хамгаалж байна гэсэн үг биш. Харж, халамжлах ёстой хүмүүс нь өөрсдөө байтал бусдын гарт шилжүүлснээс үүдэн хүчирхийлэлд өртөх нь бий. Түр хамгаалах байранд хандсан хүүхдүүдийн 45 хувь нь ах, эгчийн, 18 нь өвөө, эмээгийн, есөн хувь нь үл таних хүмүүсийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Өөрсдийн хариуцлагагүй байдал, завгүй гэдэг шалтгаанаас болж хүүхдээ хохироож буй нь энэ.

Гудамжинд юм зарж буй хүүхдүүдийг хэн ч анзаардаггүй. Гар дээрээс худалдаа эрхлээд явж буй хүүхдүүдийнх ихэнх нь хүчирхийлэлд өртсөнөөс үүдэн гэр орондоо харилгүй, мөнгө олох гэж ингэж явдаг. Хүүхэд гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөж буй нь нэг талаас эцэг, эхийн буруу бол, нөгөө талаас олон нийтийн ч буруу. Хуучин нийгмийн үед хөршүүд гэлтгүй олонх хүн тамхи татаж байгаа хүүхдэд шаардлага тавьдаг байсан бол одоо хэн ч үүнийг тоохоо больсон. Хэн нэг нь тамхи татаж, гар дээрээс худалдаа эрхэлж болохгүй аав, ээжтэй нь холбоо барья, хүүхдийн 108 утас руу залгая гэхгүй байгаа нь олон нийтийн буруу болоод байгаа хэрэг. Тамхи татаж эхлээд л архинд орохыг хэн ч үгүйсгэхгүй. Тиймээс нийгэм даяараа хүүхдүүдээ анхаарахгүй бол болохоо байжээ. Энэ мэтчилэн хүчирхийлэлд өртөж түр хамгаалах байранд гурваас дээш удаа ирсэн хүүхдүүдэд туслах зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас төсөл хэрэгжүүлсэн. Гэр бүлийнх нь орчин нөхцөлийг сайжруулах, эцэг, эхэд нь туслах зэрэг үйлчилгээг хороо, дүүргийнх нь хариуцсан хүмүүстэй хамтран хийсэн. Мөн эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдийг бүртгэж, гэрт нь тогтмол очиж шалгадаг. Бүртгэлд 20 000 орчим хүүхэд бий. Өнгөрсөн жил 4000 гаруйг нэмж бүртгэсэн. Энэ нь хүчирхийлэл үйлдэх эцэг, эхийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой байх” гэлээ. Үрсээ үл тоож эцэг, эхээсээ хариуцлага нэхэж чадахгүйг далимдуулж хүч хэрэглэхээ хэзээ болих вэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)