Үрждэг алттай өлсгөлөн Монгол

“Мал аж ахуйн орон гэж Монголыг л хэлэх байх. Хаашаа л харна тааваараа бэлчих үхэр, адуу, хонь, ямаа. Гүрвэл ч ховор таардаг говь цөлд нь хүртэл үлгэрийн мэт тэмээ хаа саагүй харагдана.

Ийм гайхалтай үрждэг алттай хэрнээ монголчууд уул, хадаа малтаж, өлсөх цангахын тухай ярих нь аймаар санагддаг. Хотынх нь гудамжинд ч мал байхад махны үнэ үргэлж “уулын оройд” байгаа нь бүр хачин. Миний ажигласнаар монголчууд тэнэг.

Уг нь толгой эргэм тоотой тэнцэх малтай танай улсад мах үнэгүй шахам байх ёстой. Би Монголд 10 жил болохдоо маханд дуртай болсон. Танайхны ярьдгаар нугасгүй. Гэхдээ би сүүлийн нэг жил гаруй аав, ээжийн өгсөн халаасны мөнгөөр тэр бүр мах авч идэж чадахгүй байгаа.

Энэ зун үхрийн махны үнэ ерөөсөө буусангүй шүү. Өөр нэг хачин зүйл гэвэл, танайхан нэгэндээ шаардлага тавьж чаддаггүй, хулчгар. Тэгсэн хэрнээ дээрэлхүү”.

Аав, ээжийгээ дагаж Монголд ирээд бараг “манай” хүн болтлоо идээшин дассан “со” охинтой өнгөрсөн зун элдвийг хөөрөлдөхдөө иймэрхүү “гомдол санал” нэлээд сонссон. Тэрбээр нутаг буцахынхаа өмнө надтай уулзахдаа үхрийн мах шарж өг гэж “зарлигдсан” юм.

Солонгосчууд юм л бол савх “эргүүлэх” тухай ярьдаг нь бараг хууль болчихсон гэхэд хилсдэхгүй. Тэр л зангаараа тэрбээр надад “эрхэлсэн” нь энэ. Охинтой минь адилхан болохоор түүнийг би эрхлүүлэхдээ дуртай байдаг юм.

Гэхдээ энэ удаагийн хүсэлтийг нь биелүүлэхээс эрс татгалзаж, “Мах үнэтэй байгаа” гэж хариулсныхаа “шанд” дээрх гомдлын бай болсон хэрэг л дээ. Түүний цайлган хэрнээ магтах, муулахын хооронд хэлсэн хоржоонтой үгс бүгд үнэн. Тэр дундаас өлгөн авсан “Үрждэг алттай өлсгөлөн Монгол” гэдэг гоё үгээр нийтлэлээ гарчиглалаа.

Бид 60 гаруй сая малынхаа буяныг эдэлж, дааж чадахгүй махны үнийг сонсоод савж унахаас наагуурхан халаасаа тэмтрэн байж үмх мах авч байгаа нь үнэхээр бухимдмаар “зэвүүн” нөхцөл байдал шүү.

Зөвхөн мах гэлтгүй Монголд хүнсний бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдал гэсэн ойлголт огт алга. Ардчилсан төр, засаг иргэдийнхээ худалдаа, арилжаанд “тотгор” болохгүй гэсэн жигтэйхэн гоё үгтэй ч үнэндээ бол халаасыг нь цоортол хуруугаа дүрж байгааг хэн хүнгүй л ярьдаг.

Ярьсаар яваад 30-аад жилийг үджээ. Байдал дээрдэхгүй доордсоор л. Монгол Улсын Худалдааны тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын худалдааны бүтэц, төрөл, арга, хэлбэр, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх үүрэг, худалдаан дахь төрийн бус байгууллагын оролцоог хангах, худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, худалдааг төрөөс зохицуулах, дэмжих, хөнгөвчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

Үүнийг нь өнгөц ойлгоход төр үнийн зохицуулалт хийдэг мэт. Гэхдээ мэргэжлийн үүднээс тайлбарлавал энэ нь бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх, бууруулах, тогтворжуулах зэрэг зохицуулалтад ямар ч падгүй.

Импорт болон дотоодын бүтээгдэхүүний “өрсөлдөх чадварыг тэнцвэржүүлэхэд” нөлөөтэй гэсэн үг. Төр өнөөдөр бүх зүйлийн суурь болсон цахилгааны үнийг албадан барьж байгаа нь их юм гэж учир мэдэх хүмүүс хэлдэг.

Тэд “Мах, талхны үнэ өндөр байна” гэж бидэнтэй адил бухимддаг ч эдийн засгийн тогтолцоо, инфляц энэ тэрийн тухай гаргаахгүй мэддэг учраас гоншгонож чаддаггүй. Тэгсэн хэрнээ зохицуулах арга чаргын талаар дуугардаггүй. Магадгүй дуугарах “боломжгүйг” нь бид мэт нь ойлгодоггүй байх л даа.

Ийм олон зүйл нуршсаны учир нь Монголд үнэ яагаад тэнгэрт хадаастай байдаг, бид яагаад ченжийн гарт базуулж, тэдний тогтоосон “Худалдааны хууль”-д зохицон амьдраад байна вэ гэдэг талаар эдийн засагч, улстөрч, энэ сэдвээр дагнасан сэтгүүлчдээс асуухад “Ченжийн тогтолцоог халж, хүнсний үнийг зохицуулах төрийн бодлого манайд байхгүй” гээд л мөрөө хавчих.

Ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн хавар “Саруул”, “Меркури” зэрэг хүнсний захын ногоо, жимсний худалдаачид нэг кг монгол өргөст хэмхийг 14 000 төгрөгөөр зарж байв. Ийм хэмжээний мөнгөөр 7-10 өдрийн өл залгах айл Монголд хэдэн мянгаараа бий.

Өнгөрсөн өвөл бид нэг кг шар манжинг 7000, лууванг 3000-4000 төгрөгөөр авч идсэн. Махны тухай бол ярих юм биш. Тэгвэл шинэ ургацын ногоонд “бялуурч” байгаа өнөөдөр нэг кг лууван худалдааны төв, захуудад 1500 төгрөгөөс буухгүй байна. “Намар ургацын цагаар үнэ нь яагаад өндөр байна вэ” гэж асуух “тэнхээгүй” хүмүүс юу ч болоогүй мэт авч л байна.

Удахгүй монголчууд идшээ хийнэ. Энэ үед мах харьцангуй хямдардаг даа, уг нь. Энэ жил тэгэх шинжгүй дэг ээ. Өчигдөр хүнсний захуудад үхрийн шулсан мах нэг кг нь 9500-12 000, хониных 6500-8500 төгрөг байлаа. Мөнгөтэй хүн лаагаа идэх, луувангаа сонгох нь надад падгүй л дээ.

Хамгийн гол нь хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ яагаад тэнгэрээс буухгүй байна вэ. Жирийн монголчууд буюу Монголын “дундаж давхарга”-ынханд ч хатуудсан ийм үнээр манай нийгмийн талаас илүү хувийг бүрдүүлж буй ядуу болон нэн ядуус яаж амьдрах юм бэ.

Төр, засаг нь “зохицуулах боломжгүй” гэж гэдийж байгаа бол үйлдвэрлэгчид, албан байгууллагынхан дотоод журмаараа үнийн дарамтыг “суллах” арга хайж болохгүй юм уу. Монголд аливаа хүнсний бүтээгдэхүүний үнийн зохицуулалт огт байхгүй гэж халаглах бус, одоо нэг шийдвэрт хүрэхгүй бол горьгүй нь.

Олон улсын жишигт хүнсний бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдалд үйлдвэрлэгчид хяналт тавьдаг тогтолцоо байдаг юм билээ. Жишээ нь, БНСУ-ын хүнс үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнд жишиг үнэ тогтоож, худалдааны байгууллагуудтай гэрээ хийдэг.

Хэрэв тэдний тогтоосон үнээс ганц мөнгөөр илүү зарсан тохиолдолд ханган нийлүүлэх гэрээгээ цуцалж, иргэдийн халаасыг “тэмтэрсэн” газартай дахин харилцахаа больдог. Ийм шударга зохицуулалтын хүчинд тус улсын аль ч хэсгээс тухайн бүтээгдэхүүнийг адил үнээр авах боломжтой. Яг ийм тогтолцоо Барууны олон оронд бий.

Өөрийн бүтээгдэхүүнээр жишээлэхэд, “Монсүү”-г Хэнтийд ч, Улаанбаатарт ч, Булганд ч 2000 төгрөгөөр зарна гээд үйлдвэрлэгч үнээ тогтоогоод, ханган нийлүүлэх гэрээ хийгээд, хяналттай ажиллахад болчихмоор санагдах юм. Энэ бол нэг талаас нийгмийн ухамсар, хариуцлага, цаашлаад сэтгэлийн асуудал.

Бусад улсад хүнсний ихэнх бүтээгдэхүүний үнэ ийм байдаг төдийгүй эрүүл ахуй, баталгаат хүнс талаасаа иргэдийн хяналт өндөр аж. Мэдээж хоол, хүнсний хэрэглээний боловсрол, мэдээлэл сайтай хүн л идэж, ууж байгаадаа өндөр шаардлага тавина.

Тэгэхээр энэ тал дээр төрийн байгууллагын мэргэжилтэн, хүнс судлаач, өрхийн эмч нар анхаарч, иргэддээ зөвлөгөө өгдөг юм билээ. Дэлхийн хүнсний аюулгүй байдал, Олон улсын пестицидийн эсрэг өдөр гэхчлэн нэг өдрийг тухайлан тэмдэглэдэг нь чухамдаа хүнсний аюулгүй байдалдаа анхаарал хандуулна гэсэн үг.

Цаашлаад химийн бодисын найрлагатай өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд тавих хяналтыг өндөрсгөхөд анхаарна. Энэ бүхэн хүний амь, эрүүл мэндтэй шууд холбоотой учраас олон улсад энэ асуудлыг тун чухалчилдаг. 2000 онд Европын холбооноос хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар “Цагаан ном” гаргасан байдаг.

Дэлхийн хүнсний хууль эрх зүйн хорооны удирдамжийг мөрдлөгө болгох үүднээс энэ талын бүтээгдэхүүний олон улсын стандартыг эл номд тусгасан аж. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний орц, түүхий эд, шошго, тэмдэглэгээ, үнэлгээ зэргийг хэрэглэгчдэд мэдүүлэхэд чухал үүрэгтэй гарын авлага юм байна. Гэхдээ үүнийг тусад нь хөндөх сэдэв учраас орхиод, өнөөх айхтар үнэтэйгээ эргэн “золгоё”.

Монголд бүх бараа бүтээгдэхүүний үнийг баздаг хэдхэн хүн байдаг нь “ченж” нэртэй бирд. Тэднийг уул уурхайн “нинжа” нартай зүйрлэж болмоор. Бид, төр, засгийнхан “ченж, нинжа”-гүйгээр амьдарч чадахгүй болтлоо манарч, мангуурчихсан бололтой.

Уг нь ийм сонин тогтолцоо бий болсныг мэдэж, мэдэрч, ярьж, шүүмжилдэг хэрнээ яах ёстойгоо хэлэлцдэггүй, хэлдэггүй, хийдэггүй дэндүү дорой, хүлцэнгүй болчихож. “Со” охины хэлснээр нэгэндээ шаардлага тавьж, шахаж чадахгүй байж худлаа л ханцуйдаа бавтнаад, хийрхэж хашхирахаас хэтрэхээ больж, бид.

Мах авъя, “ченж”-ээр дамжина. Ганц кг төмс, луувангаа ч “ченж” хэмээх бирдээр дамжуулан авна. Валют солиулъя, мөн л нөгөөх хэдтэйгээ уулзана. Ноосоо тушаахдаа ч адил. Сүүлийн хэдэн жилүүдэд малын гаралтай бүтээгдэхүүн, түүхээ эдээ өрөөлийн “ченжэд” илүү үнээр өгөхийн тулд дотоодын “бирдүүдээ” ажилгүй болгоод байгаа, бас болоогүй. Импортын бараа гэдэг шиг Монголд “Импортын ченж” гэсэн ойлголт бий болоод олон жил өнгөрлөө.

Тэд бол урд газрын наймаачид, магадгүй худалдааны бус зорилготой байхыг ч үгүйсгэхгүй. Тэд биднийг бодлого, зохицуулалтгүйгээр нь далимдуулан аливаа бүтээгдэхүүний, ялангуяа хүнсний үнийг дураараа өсгөж, бууруулж, хүссэнээрээ авирлаж байгааг бид харсан ч нүдээ аниад, сонссон ч чихээ таглаад, хэлмээр байвч амаа хамхиад л өнгөрдөг болсон нь өнөө, маргаашийн хоолонд зарцуулах жаахан мөнгөтэй л холбоотой.

Тодорхой хэлэхэд, бид ядуугаасаа болж гадаад улсын үнийн “уян хатан” бодлогод дөнгөлүүлж, хөтлөгдөж эхэлжээ.

Үүнийг өнөөх эх оронч дарга нар маань “мэдээгүй” л байгаа даа, аягүй бол. Мэдэхгүй байгаагийн үндэс, шалтгаан нь тэд өөрсдөө “ченж” гэсэн хатуу үг бий. “Хөөрхий ченжүүд” маань биднийгээ мах, ногоогоор таслахгүйн тулд ихэд хичээж байна. Бид ч тэднийгээ тэжээх гэж ихэд зүдэрч явна. Энэ хоёрыг “холбох” бодлого боловсруулж, зангидах хүн энэ улсад байна уу.

Энэ удаа цалин, тэтгэвэр гэхгүй ээ. Ердөө л мах, ногоо, гурилынхаа үнийг л тогтворжуулж хайрла. Үүнийг инфляц, Монголбанк энэ тэр гэж томруулж ч ярихгүй ээ. Хатсан газрыг нуур болтол бороо оруулчихдаг өнөөх гайхал “бурханд” нь л шивнэхээс дээ. Эс бөгөөс энэ өвөл мах “үнэртэхгүй” болж мэдэхээр байна шүү, одоо ийм үнэтэй байгаа юм чинь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)