Үрдээ битгий хэл, өөртөө ч бүү сүүдэр тусгаасай

Монголын 10 эмэгтэй тутмын нэг нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн, үүнийгээ бусдад хэлж, тусламж хүсээгүй нь ирээдүйд ч гэр бүлийн хүчирхийлэлд автах суурь шалтгаан болдог гэх нуруу хүйт даамаар судалгааг НҮБ-ын Хүн амын сангаас гаргаж байв. Энэ бол эмгэнэлтэй чиг, харамсалтай чиг хэрэг мөнөөс мөн. Гасалж, харуусахаас илүүтэй Монголын төр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ямар ажил хэрэгжүүлснийг эрэлхийлэв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас яг энэ өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэгчийн судалгааг шинэчлэхээр бэлтгэж буй гэнэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн тандалт судалгаа эхлүүлсэн байна. Тус олон улсын байгууллага эхний ээлжид хууль, хяналтынханд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хандахад, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хамгаалалт болж чадаж буй, эсэхийг нягтлах нь. Өөрөөр хэлбэл, хохирогч төрөөс хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх аливаа ажиллагаанд хамрагдаж, өөрт хэрэгтэй үйлчилгээ, туслалцаа авч чадсан, эсэх мэдээллийг цуглуулах болжээ. Хоёрдугаарт хууль хяналтын байгууллагынхнаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийн талаар санал асуулга авч буй. Гуравдугаарт, шүүх байгууллага хохирогчоо хамгаалж, хүчирхийлэгчид арга хэмжээ авч чаддаг, эсэхийг тандахын тулд зөвшөөрөл авч, зарим шүүх хуралд оролцон, ажиглаж байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчоо төр хамгаалж чадаж байна уу. Гэрч, хохирогчийг хүсээгүй үед нь шүүх хуралд оролцуулахгүй байх хуулийн заалтаа мөрддөг үү, шүүгч, бусад оролцогчийн тавьсан асуулт хохирогчдыг эмзэглүүлэхгүй байж чадах уу гэдгийг цогцоор нь судалж эхэлснийг эх сурвалж хэлэв. Дөрөвдүгээрт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль манай улсын бусад хууль, тогтоомжтой нийцэж байгаа, эсэхийг судална.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж, гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болохыг дэлгэрэнгүй тодорхойлсон. Гэсэн ч иргэд төдийгөөс өдий хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар нэг ойлголтгүй явж иржээ. Тэр ч бүү хэл, гэр бүлийн хүчирхийллийг байдаг л зүйл хэмээн хүлээж авдгийг өмгөөлөгч, нийгмийн ажилтнууд онцлов. Дээрх хуулийг шинэчлэн батлахаас өмнө зөвхөн хамт амьдардаг хүмүүс нь хүчирхийлэл үйлдсэн бол шийтгэдэг байв. Одоо хамтран амьдрагчаас авхуулаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэн бүхнийг энэ хуульд хүчирхийлэгч хэмээн томьёолжээ. Хуульд зааснаар хүчирхийлэгчийг гурав ангилсан. Гол цөмд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад буй хүн, тухайн гэр бүлд хамт амьдардаг хэн боловч багтана. Хоёрдугаарт, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчилсэн эцэг, эх, ах, эгч, дүүг дурджээ. Хамгийн сүүлд нь гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд эл хуулийн хүрээлэлд хамаарна. 2017 оны нэгдүгээр сараас өмнө гэр бүлийн гишүүнээ зодож цохисон бол шийтгэдэг байж. Харин одоо дөрвөн тохиолдлыг гэр бүлийн хүчирхийлэл хэмээж, хуулиар хариуцлага тооцдог болсон. Үүнийг хохирогчид бас л мэддэггүй, энэ нь гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, үр удмаараа гэмт хэргийн золиос болох бас нэг суурь шалтгаан болдог ажээ. Хуульд тусгаснаар гэр бүлийн гишүүнээ үг хэлээрээ доромжилж, сэтгэл санааны дарамт үзүүлсэн бол хариуцлага тооцно. Эхнэртэй хэрнээ бусдыг жирэмслүүлдэг, улмаар ургийг нь хөндүүлдэг, хүүхэдтэй болоогүй ч хардаж элдвээр зүхдэг, ажил дээр нь очиж дарамталдаг эрчүүд олширсон аж. Зодож, цохисон бол бас л хуулийн хариуцлагатай. Гэсэн ч эмэгтэйчүүд эхнэртэй хүнтэй орооцолдсон би л буруутай, эсвэл хүүхдийг нь гаргачихсан юм чинь хүрээд ирэх болов уу хэмээн тэсэж, тэвчсээр ихэнх тохиолдолд гарах эцэсгүй хүчирхийллийн “эргүүлэгт живдэг”. Мөн эхнэрээ, хамтран амьдрагчаа, найз охиноо дургүй байхад бэлгийн эрх чөлөөнд нь хүчээр халдсан бол гэмт хэрэг юм.

1990-2002 онд цагдаа, прокурор, хууль хүчнийхэн эхнэр, нөхрийн хооронд хүчингийн хэрэг гарсан гэхээр шоолж, инээдэг байсан гэнэ. Хүчинг хуулиар зөвшөөрөгдсөн гэр бүлийн харилцаа гэж үздэг байжээ. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүй тэс ондоо. Наад зах нь, эрэгтэй хүний тархины баруун бөмбөлөг түлхүү, эмэгтэйнх зүүн нь илүү хөгжсөн байдаг. Тиймээс аливаа асуудлыг эрчүүд ерөнхий том зургаар, бүсгүйчүүд илүү нарийвчилж хардаг. Сэтгэлзүйчид хандсан эхнэр, нөхрүүд гэр бүлийн хүчирхийллийг өөр өөрийнхөөрөө тайлбарлажээ. Эрчүүд ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийхээ дараа гэмшдэг. Улмаар эвлэрэх аргаа бэлгийн ажил хийх гэж үздэг аж. Өөрөөр хэлбэл, үүнийгээ уучлал гуйсан, эвлэрсэн гэж боддог. Гэтэл эмэгтэйчүүд хүсээгүй байхдаа бэлгийн ажил хийвэл, дараа нь маш их гутдаг аж. Гаднын хүнд хүчиндүүлэхтэй адил өвдөлт, сэтгэлийн зовуурь мэдэрдэг юм байна. Хамгийн ойр дотнын хүндээ хүчиндүүлэх нь эмэгтэй хүний хувьд хамгийн том доромжлол гэдгийг хохирогч болсон бүх эмэгтэй хэлжээ. Хүүхнүүд мөн санхүүгийн хүчирхийлэлд өртдөг. Тэд нөхөн үржихүйн онцлогоос хамаарч жирэмсний амралтаа авч, гэртээ суух нь элбэг. Энэ үедээ олонх нь санхүүгийн хараат байдалд бүрэн ордог. Зарим эрэгтэй эхнэрээ жирэмсэн биш ч ажил хийлгэхгүй, хардаж, зодож, элдэв ааш гаргах нь бий. Энэ нь дээрх хуульд зааснаар бас л гэмт хэрэг. Харин эдгээрийг хохирогчдын хэн нь ч мэддэггүй, урьдчилан сэргийлдэггүй, гагцхүү хохирсон хойноо л сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, өмгөөлөгчид зовлонгоо нимгэлэх байдлаар тоочдог. Хамгийн аймшигтай нь гэр бүлийн хүчирхийлэгчийг өмгөөлөх, туслалцаа үзүүлэх хууль эрх зүйн орчныг Монголд хэдийн бүрдүүлжээ. Харамсалтай нь, хохирогчийг үнэгүй өмгөөлөх нөхцөл хараахан бүрдээгүй. Уг нь гадаадын улсуудад хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл төр буюу эрх баригчид өөрсдийгөө буруутай гэж үздэг аж. Улмаар хохирснийг мэдсэн даруйдаа хамгаалж эхэлдэг гэх. Гэр бүлийг хүчирхийллийг шалгах, эмчилгээнд хамруулах, шүүх хуралд оролцоход өмгөөлөгчөөр хангах, цаашлаад нийгэмшүүлэх, хэвийн амьдралдаа эргэн орох хүртэл нь сэтгэл зүйн болон бусад үйлчилгээ үзүүлдэг.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд баталсан аж. Тодруулбал, уг дүрмээр бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж хуульчилсан. Дэлхийн II дайнаас гадна бэлгийн хүчирхийллийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзжээ. Манай улс уг Ромын дүрэмд 2002 онд нэгдэн, соёрхон баталсан. Улмаар олон улсын шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээсэн. Манай хууль тогтоомж хохирогчийн эрхийг хамгаалж чадахгүй бол олон улсын дүрмээ мөрдөх учиртай. Энэхүү Ромын дүрэмд зааснаар эмэгтэй хүнийг хүсээгүй байхад бэлгийн ажил хийх, жирэмслүүлэх, үр хөндүүлэх, бэлгийн боолчлолд оруулах, бусад хэлбэрээр хүчирхийлэхийг хориглодог. Хохирогчийг хамгаалах, ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд дээрх олон улсын дүрмийг дагаж мөрдөх зайлшгүй шаардлага тулгарсныг хуульчид хэлсэн. Хууль, эрх зүйн орчин боловсронгуй бус өнөөгийн тохиолдолд Ромын дүрмийг дагаж мөрддөг, эсэхийг зарим прокурор, өмгөөлөгчөөс асуухад дорвитой хариулт өгөх хүнтэй таарсангүй.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг одоогоор хамгаалах байрт хүргэхээс өөрөөр дорвитой арга хэмжээ авч чаддаггүй. Шархалсан зүрхийг нь эмчилж, анагаах сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд ч дутмаг байна. Сэтгэл хамгийн ихээр эмзэглүүлсэн зүйл нь 20 жилийн өмнө ч байсан гэр бүлийн хүчирхийлэл өнөө ч гарсаар, бүр өссөөр. Ганц дэвшил гарсан нь хохирогчдыг түр хамгаалах байрт аваачиж хэд хонуулах аж. Тус байрнаас гараад илүү их яргалалд өртөж, нэг эмэгтэй амиа алдсан тохиолдол ч бий. Зарим түр хамгаалах байр хуульд заасан шалгуур үзүүлэлтэд хүрдэггүй. ХЭҮК-ынхон өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан байна. Ховд аймгийн 17 сумын удирдлага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа, хохирогч хамгааллын үйлчилгээний зардлыг төсөвтөө тусгаагүй зөрчил илэрчээ. Мөн Буянт сумын Хамтарсан багийн нийгмийн ажилтны орон тоонд нягтлан бодогч мэргэжилтэй хүн ажиллуулж байж. Жаргалант, Буянт сумын Хамтарсан баг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдол, гэмт хэргийн талаар ямар нэг мэдээлэлгүй, Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар 66 иргэнд хариуцлага тооцсоныг мэдээгүй байсан гэнэ.

Түр хамгаалах байрын стандартад зааснаар хохирогч гэрийн орчинтой дүйцэхүйц газарт байрлах ёстой. Мөн нэг хүнд ногдох унтлагын өрөөний талбай таван ам метрээс доошгүй байна хэмээн Хохирогчийг түр хамгаалан байрлуулах, үйлчилгээний MNS 6040:2019 стандартад тусгасан аж. Тэгвэл Ховд аймгийнхан Түр хамгаалах байраа хүний эрхэд ээлгүй, зориулалтын бус барилгын зураг төслийн дагуу барьжээ. Тус аймагт өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүчирхийллийн дуудлага мэдээлэл 1.3, гэр бүлийн хүчирхийлэлд өртөн эрүүл мэндээрээ хохирсон хэрэг 2.4 дахин өсжээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт энэ мэтээр хаа сайгүй хангалтгүй байна. Харин Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадынхан л гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцээд байх шиг. Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэ чиглэлийн судалгаа хийж буйг дээр дурдсан. Мөн Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээ” сургалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж, манай хуульчдыг сургагч багшаар бэлтгэж байна. Эмэгтэйчүүд хүүхдүүд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь жил ирэх тусам өсөж, өөрийгөө битгий хэл, үрээ ч хамгаалж чадахгүй сул дорой болж буйг мэргэжилтнүүд онцолсон. Мөн ээжийгээ зовохыг харж өссөн хүүхдүүд ааваасаа айхдаа бусдаас тусламж хүсэхгүй хүчирхийлэлд чимээгүйхэн уусаж байгааг халаглан хэлэв. Тиймээс төрийн зүгээс бүсгүйчүүдэд чиглэсэн үрдээ битгий хэл, өөртөө ч бүү хир халдаахгүй хүчирхэг байлгах дорвитой бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг хуульчид өгүүлсэн. Товчхондоо, жирэмслэлт бүхэн хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, өрх болгон жаргалтай байх төрийн цогц бодлого хэрэгтэйг олон улсын байгууллага хийгээд хувийн хэвшилд ажиллаж буй хуульчид онцолсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)