Үргүйдэлд хүргэдэг өргөсөл

Эмэгтэйчүүд хөх, умайн хүзүү, сав, өндгөвчөөрөө “түрээ барьж”, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү хүртэх гээд байдаг талтай. Харин эрчүүдийг түрүү булчирхайгаас өөр эрхтэнгүй мэт бодож, аав, ах, дүү, нөхрийнхөө эрүүл мэндийг хайхрахгүй байх нь түгээмэл. Энэ бодлоосоо салах цаг болсныг одоо сийрүүлье.

Эрчүүдийн эрүүл мэнд жил ирэх тусам доройтож, эмэгтэйчүүдээс 9-10 жилээр богино наслах болсныг судалгааны олон баримт гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, монгол эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал, амьдралын буруу дадал, хэв маягийг нь өөрчлөхгүй бол идэр залуус нь үргүйдэлтэй, хижээл насныхан нь халдварт бус өвчний “үүр” боллоо гэж эмч нар халаглаж сууна. Тэр дундаа, нөхөн үржихүйн насныханд төмсгийн судас өргөсөх өвчин элбэг тохиолдох болсныг анхаарууллаа. Залуусын дунд үргүйдэх өвчин газар авсан нэг шалтгаан нь энэ аж.

Хөлийн судас бүдүүрэх өвчний талаар бид мэднэ. Харин төмсгийн вен өргөсөх өвчний талаар тийм ч олон хүн дуулаагүй биз ээ. Варикоцеле буюу төмсгийн судас өргөсөх өвчнийг XVI зуунд мэс засалч Эмбрюс Фэйр анх илрүүлжээ. Түүнээс хойш гурван зууны дараа Британийн мэс засалч М.Барфиелд төмсгийн судас өргөсөх өвчин үргүйдэлд хүргэдгийг тогтоосон байна. Удалгүй эмчлэх аргыг нь ч олсон гэлцдэг. Манайд уг өвчний тархалт нийт эрчүүдийн 25-40 хувийг хамардгийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн урологийн эмч Б.Чинзориг хэлэв. Тэрбээр “Венийн буюу хөх судас өргөсөх өвчний тохиолдлын 85-90 хувьд нь зүүн төмсөг өвчилдөг. Судасны төрөлхийн дутуу хөгжил, эмгэг, гэмтэл, хэвлийн бага аарцгийн хөндийн даралт ихссэнээс буюу удаан хугацаанд хүнд зүйл өргөснөөр уг өвчин үүсдэг. Мөн жин багатай хүүхдэд оношлогдох нь элбэг. Гэхдээ эдгээр нь нөлөөлөх хүчин зүйл боловч одоогоор учир шалтгааныг нь тогтоогоогүй” гэж ярилаа.

Төмсөг нь 4.5 см урт, 2.5-3.5 см өргөнтэй, эр бэлгийн эс боловсруулж, үр тогтоох үүрэгтэй. Үрийн сувгийг тойрсон сүлжээ судаснууд бүдүүрснээр судас өргөсөх эмгэг үүсгэдэг байна. Бүр нарийвчилбал, зүүн бөөрний венийн даралт ихэссэнээс төмсгийн судасны даралтыг нэмэгдүүлж, улмаар цусны урсгалыг өөрчилдөг эмгэг аж. Зүүн бөөрний венийн даралт хэвийн үед 143 мм усны баганатай тэнцдэг бол уг өвчний үед 180-290 хүртэл нэмэгддэг. Ингэж судасны даралт ихсэж, төмсгийн венийн сүлжээнд “саатал” гардаг гэсэн.

Судалгаагаар нийт залуусын 20, сурагчдын 12, үргүйдэлтэй хүмүүсийн 40 орчим хувьд төмсгийн судас өргөсөх өвчин тохиолддогийг илрүүлжээ. Архагшихдаа үргүйдүүлэхээс гадна бөөрний венийн судсыг гэмтээх аюултайг эмч нар хэллээ. Б.Чинзориг эмч “Манайд төмсгийн судас бүдүүрэх өвчин идэр насны залууст зонхилон тохиолдож байгаа. Эрчүүд шинж тэмдгийг нь мэддэггүйгээс олонх нь өвчнөө хүндрүүлж, эмнэлэгт ханддаг. Уг өвчнийг голдуу цэрэг татлагын комиссын эмчийн үзлэгээр “барьж авч” байна. Цөөн тохиолдолд үйлчлүүлэгч нар өөрсдөө эмнэлэгт хандаж, оношлуулах нь бий. Төмсөг чинэрэх, цавь, хуухнаг эвгүй оргих, лугших шинж тэмдгээр энэ өвчин илэрдэг. Биеийн хүчний дасгал, ажил хийх үед уг зовуурь илүүтэй мэдрэгддэг. Тиймээс төмсөг чинэрэх, лугших шинж ажиглагдвал мэргэжлийн эмчид яаралтай хандах шаардлагатай. Уг өвчнийг оношлох олон арга байдаг ч ихэвчлэн эмчийн үзлэгээр илрүүлдэг. 

Өвчин нэлээд даамжирсан тохиолдолд төмсгийн судас өргөсөж, чинэрсэн нь илт харагддаг. Түүнчлэн хэт авиан шинжилгээгээр өвчний оношийг баталгаажуулна. Өвчнөө эмчлүүлэхгүй удвал төмсөг хавдаж, жижгэрэх, цаашлаад үр удмаа үлдээх чадваргүй болдог. Үүнээс сэргийлсэн мэс заслын эмчилгээг Улсын I, II, III, хуучнаар Цэргийн төв болон Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хийж байна. Манай Ерөнхий мэс заслын тасгийнхан 2016-2018 онд 94, он гарснаас хойш 20 хүнд төмсгийн судасны хагалгаа хийжээ. Тэр дундаа хоёр төмсгийн судас нь зэрэг өргөссөн гурван хүн мэс засалд орсон. Дурангаар долоо, үлдсэнд нь нээлттэй хагалгаа хийгээд байна. Хүүхдэд уг өвчин цөөнгүй тохиолддог бөгөөд 18-аас доош насныхныг ЭХЭМҮТ-ийнхөн хянаж, шаардлагатайд нь мэс засал хийдэг. Ихэнх тохиолдолд өсвөр нас хүртэл нь хяналтад байлгадаг” гэсэн юм.

Эл өвчний үед хуухнаг халуун шатах, дулаан алдагдах, цусны эргэлт саатаж, бөөрний дээд булчирхайн даавар цусаар дамжин төмсгийн хучуур эдэд муугаар нөлөөлөх зэрэг хүндрэл үүсгэдэг байна. Тиймээс эрчүүд уг өвчинд өртсөнөө дараах байдлаар “оношилж” болохыг эмч нар зөвлөлөө. Зогсоогоороо байхдаа төмсгөө барьж, бага зэрэг дүлэхэд судас өт, хорхой мэт тэмтрэгдэж буй, эсэхийг шалгаарай. Энгийн үед венийн судас хөхөрч харагдвал уг өвчин II шатандаа орсны дохио аж. Түүнчлэн хэмжээ нь жижгэрвэл осолтойг анхаарна уу.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн урологийн эмч Г.Алтанхуяг “Зүүн төмсгийн судас өргөсөх өвчнийг дурангийн болон нээлттэй мэс заслаар эмчилдэг. Эмчилгээ хийлгэснээс хойш зургаан сарын дараа үр дүн нь гарна. Өвчний хожуу шатанд хагалгаа хийлгэсэн тохиолдолд үрийн шингэнд өөрчлөлт орж, эр бэлгийн эсийн тоо цөөрөн, хөдөлгөөний идэвх нь саарсан байдаг. Тиймээс мэс заслын дараа дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай. Дурангийн мэс засал шарх, зовуурь шаналгаа багатай. Нээлттэй нь 2-3 см хэмжээтэй зүсэж, өргөссөн судсыг тасалж, боодог. Зүүн төмсгийн венийн судас 2-6 салаа байдаг бөгөөд аль нэгийг нь боолгүй үлдээвэл судас дахин бүдүүрэх эрсдэлтэй. Өвчтөн гурван сар орчим дэглэм барина.

Үүнд хүнд юм өргөхгүй, морь, мотоцикл, дугуй унаж болохгүй. Биеийн хүчний ачаалал авахаас зайлсхийх хэрэгтэй. Өтгөнөө хатаахгүй, хоол ундаа зөв тохируулах, шархандаа халдвар оруулахаас сэргийлнэ. Эл өвчин нь хөлний судас өргөсөхтэй адил. Гэтэл эрчүүд эрүүл мэндээ нэг их тоодоггүй, өвдөж зовуурилсан ч шүд зуугаад явдаг. Аргаа барахаараа, өвчин нь архагшихаар л эмнэлэгт хандаж байна. Үргүйдэлд хүргэдэг олон шалтгаан бий ч төмсгийн судасны өргөсөл зонхилох хувийг эзэлдэг. Гурван хүн тутмын нэг нь өвчнийхөө III, IV шатанд мэс засал хийлгэдэг гэхээр үргүйдэх эрсдэл нь улам нэмэгдэнэ гэсэн үг. Манайд 18-37 насныхан голдуу хагалгаа хийлгэдэг. Түүнээс гадна тээрхий, хөвч таслах, төмсгийн усжилт, эмгэг хөвчрөл, гэмтлийн шалтгаантай мэс засал ч цөөнгүй хийдэг” гэсэн юм.

Уг өвчин голдуу архаг үедээ оношлогддог нь шинж тэмдэг багатай, биеийн ерөнхий байдал мууддаггүйтэй нь холбоотой аж. Өвчтөнийг босоо байрлалд үзлэг хийхэд мэдрэгдэж байсан судас хэвтүүлэхэд алга болбол энэ нь анхдагч, ямар ч байрлалд судасны өргөсөл тэмтрэгдэх нь хоёрдогч шалтгаанаар үүссэний илрэл болохыг эмч нар хэлсэн. Өөрөөр хэлбэл, хэвлийн гялтангийн арын болон бөөрний хавдрын үед төмсгийн судас өргөсдөг байна.

АНУ зэрэг хөгжилтэй орнуудад эл эрхтний бүдүүрсэн судсыг бөглөх эмчилгээг түлхүү хэрэглэх болжээ. Амбулаториор, ерөнхий мэдээ алдуулахгүйгээр хийдгээрээ уг эмчилгээний ач холбогдол оршино. Ингэхдээ баруун гуяны венийн судсаар гуурс шургуулж, бүдүүрсэн судасны урсгалыг хаах металл ороомог, эсвэл бодис шахдаг байна. Катетераа сугалж аваад уг ажиллаврыг дуусгадаг учир хугацаа, хүн хүч, хөрөнгө бага зарцуулдаг гэх. Эдгэрэх хугацаа богино, өвчтөний биед ямар нэгэн зовуурь илрэхгүй бол 24 цагийн дараа ажлаа хийхэд асуудалгүй аж.

Мэдээж төмсгийн судас өргөссөн бүхэнд мэс засал хийдэггүй. “Үрийн шингэний шинжилгээг үндэслэдэг тул уг эмчилгээг аль болох өсвөр насанд хийх нь үр тогтоох чадварыг бүрэн сэргээдэг” гэж эмч нар хэллээ. Өвчин архагших тусам үр удмаа үлдээх хувь багасна гэсэн үг. Тиймээс 15-35 насны эрчүүд төмсгөө сард нэг удаа, дулаан орчинд буюу халуун усанд орсны дараа шалгавал үр дүнтэй. Насанд хүрсэн хүний хоёр төмсөг ижил хэмжээтэй, ямар нэгэн хатуу зүйл тэмтрэгдэхгүй байх ёстой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)