Үргэлжлэх нөхөрлөлтэй, үлдэх дурсамжтай сэтгүүлчдийн аялал

Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар сэтгэл зовнин яриад байх хэрнээ өрх гэрийнхээ эдийн засагт санаа тавьдаггүй гэж сэтгүүлчдийг ёжлох нь бий. Үнэний ор бий. Ажил мэргэжлийн минь онцлог тийм юм. Бусдын эрүүл мэндийн төлөө сэтгэлээ чилээж, эмч, эмнэлгийн байгууллагын хаалга онголзуулан ад үзэгдэх хэрнээ өөрийнхөө эрүүл мэндэд тэгтлээ их анхаардаггүй, бусдын хөдөлмөрийн таагүй нөхцөл, илүү цаг, бага цалин хөлсний талаар асуудал хөндөж, хэл ам татлахаас хойш суухгүй хэрнээ хэрнээ өөрсдөө эрсдэлтэй, хамгаалалтгүй орчинд, илүү цагаар ажиллаж, багахан цалиндаа сэтгэл ханаад явдаг, гэр бүлдээ, өөртөө гаргах цаг хомсхон хүмүүс бол сэтгүүлчид.

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо энэ оны төлөвлөгөөт ажлын нэг, сэтгүүлчдэд зориулсан сургалтаа байгалийн сайханд, амралт зугаалгатай хослуулан зохион байгуулсан нь цаг наргүй ажилтай сэтгүүлчдэд нэг сумаар хоёр туулай онох боломж олголоо. Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос сэтгүүлчдийг чадавхжуулах, мэдлэг мэдээлэл нэмэхэд чиглэсэн 20 сургалт энэ онд зохион байгуулахаар төлөвлөсний тав дахь нь энэ. Энэ удаагийн сургалт хувь хүний хөгжлийн талаар байсан бөгөөд нийслэл, орон нутгийн, сонин, телевиз, сайтын 40 гаруй сэтгүүлч хамрагдсан юм.

Аялал, сургалт хосолсон уг арга хэмжээг “Мазаалай номадик тур” компани зохион байгуулсан бөгөөд Аглагийн хийд, Улаан-Үүд, Итгэлт хамба, Байгаль нуур гэсэн маршрутаар таван өдөр, дөрвөн шөнийг уйдах завгүй зугаатай, бас хожим нь үгүйлэгдэх дурсамжтай өнгөрүүлээд ирлээ. Газар газраас цугларсан сэтгүүлчид халуун дулаан уур амьсгал дунд, үргэлжлэх нөхөрлөлтэй, үлдэх дурсамжтай, сэтгэл дүүрэн сайхан аялахад “Мазаалай номадик тур” компанийн хамт олны нягт нямбай зохион байгуулалт, өөриймсөг, дотно харилцаа онцгой үүрэг гүйцэтгэсэн. Мөн Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны удирдлага, Удирдах зөвлөлийнхөн ч гар, сэтгэл нийлэн ажилласны үр дүнд сургалт, аялал амжилттай, үр бүтээлтэй боллоо.

Мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцах, ойртон нөхөрлөх, бие биенээсээ суралцах, өдөр тутмын ажлынхаа хажуугаар авч амждаггүй сургалт, зөвлөгөөг авч, танин мэдэх, сайхан дурсамж бүтээх боломж олгосон Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, “Мазаалай номадик тур”, сургагч багш Ч.Сайхнаа нартаа талархсанаа илэрхийлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)