Үнэ цэнэтэй тоглогчоор Ж.Харден шалгарав

NBA-ийн 2017-2018 оны улирлын шилдгүүдийг тодруулах “NBА аwards” арга хэмжээ уржигдар АНУ-ын Калифорни мужийн Санта Моника хотод боллоо.

Гол шагнал болох “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн Морис Подолофф цомыг олонхын таамаглаж байсанчлан “Хьюстон Рокитс”-ын хамгаалагч Жэймс Харден хүртэв.

АНУ, Канадын спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар “Сахалт” 965 оноо авчээ. “Кливлэнд”-ийн Л.Жэймс 738, “Нью Орлеанс”-ын Э.Дэвис 445 оноо авч, түүний ард бичигдсэн байна. Ж.Харден өнгөрөгч улиралд 30.4 оноо дунджилж лигийн мэргэн бууч болсноос гадна баг нь 65 тоглолтод ялж, дээд амжилт тогтооход гол үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн жил уг шагналыг хүртэх дөхсөн тэрбээр “Сүүлийн дөрвөн жил би энэ хаалгыг тогшсон. Эцэст нь зорьсондоо хүрлээ. Энэ бол миний хувьд маш үнэ цэнэтэй шагнал, би улам сайн тоглохыг хичээдэг. Намайг урт зам хүлээж байгаа” гэжээ.

Лигийн ирээдүйг тодорхойлох шижигнэсэн шинэ залуусын өрсөлдөөнд Бен Симмонс “Филадельфи” илүүрхэж, “Шилдэг шинэ тоглогч”-ийн шагнал хүртэв. Тэрбээр 481 оноо авсан бол “Юта”-гийн Д.Митчелл 323, “Бостон”-ы Ж.Тэйтум 101 оноогоор удаалжээ. Австрали тоглогч 2016 оны драфтын тэргүүн болсон ч гэмтлийн улмаас нэг улирал өнжсөн юм. Тэрбээр өнгөрсөн улиралд 15.8 оноо, 8.2 дамжуулалт, 8.1 самбараас бөмбөг авалт дунджилсанаас гадна 12 трипл-дабл бүртгүүлсэн.

“Шилдэг зургаа дах тоглогч”-ийн төлөө өрсөлдөөнд Э.Гордон (Хьюстон), Ф.Ванвлийтийг (Торонто) ялсан “Клипперс”-ийн Лоу Уильямс илүүрхэв. Тэрбээр уг шагналыг 2015 онд мөн хүртсэн.

“Шилдэг дасгалжуулагч”-аар “Торонто Рэпторс” багийг удирдаж байсан Дуэйн Кэйси шалгарлаа. “Рэпторс” 59 тоглолтод ялж, багийн шинэ дээд амжилт тогтоосон ч плейоффын хоёрдугаар шатанд “Кливлэнд” багт шүүрдүүлсэн нь Д.Кэйси ажлаасаа халагдах шалтгаан болсон юм. Тэрбээр “Детроит Пистонс” багтай гэрээ байгуулаад буй.

Бусад шагналын эзнийг танилцуулъя.

“Шилдэг хамгаалан тоглогч”-Руди Гобер (Юта)

“Амжилт нь ахисан тоглогч”-Виктор Оладипо (Индиана)

“Шилдэг менежер”-Дэрил Моури (Хьюстон)

“Ёс зүйтэй тамирчин”-Кемба Уолкер (Шарлотт)

“Сэйгер Стронг шагнал”-Дикембе Мутомбо

“Шилдэг багийн хамтрагч”-Жамал Кроуфорд (Миннесота)

Оны шилдэг эцсийн мөчийн шидэлт-“Миннесота”-гийн эсрэг Л.Жэймсийн оруулсан хожлын шидэлт

Шилдэг данк-Яннис Антетокумпо (Милуоки)

Шилдэг дамжуулалт- Л.Жэймс (Кливлэнд)

Шилдэг блок-Энтони Дэвис (Нью Орлеанс)

Шилдэг бөмбөг эзэмшилт-Кайри Ирвинг (Бостон)

Бэлгэдлийн нэгдүгээр баг

Энтони Дэвис, Кэвин Дюрант, Жэймс Харден, Леброн Жэймс, Дэмиан Лиллард

Шинэ тоглогчдийн баг

Кайл Кузма, Лаури Маркканен, Донован Митчелл, Бен Симмонс, Жэйсон Тэйтум

Хамгаалалтын баг

Руди Гобер, Энтони Дэвис, Виктор Оладипо, Жрю Холидэй, Роберт Ковингтон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)