Үнэт эдлэл арилжих зөвшөөрлийг 267 иргэн, аж ахуйн нэгж авчээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурал өчигдөр болов. Энэ үеэр “Нийслэлийн орон сууцын корпорац”-ын харьяа “Юу би сити хаусинг девелопмент” компанид “Носк нэг ТЗК” компанийн хэрэгжүүлж буй түрээслээд, өмчлөх нөхцөлтэй үл хөдлөх хөрөнгөд суурилсан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг итгэмжлэн удирдах үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрөв. Түүнчлэн Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам баталлаа. Эл журмаар гадаад валютын арилжаа эрхэлж буй ББСБ-ууд цахим татварын болон төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг ашиглан харилцагчдынхаа мэдээллийг нягтлах, шаардлагатай тохиолдолд хөрөнгийнх нь эх үүсвэрт хяналт тавих эрхтэйг тодотгожээ. Мөн үйлчлүүлэгчдэдээ НӨАТ-ын сугалаанд оролцох баримт олгох аж. Улмаар нэг хуулийн этгээд, 12 компани, 159 иргэнд үнэт металл, үнэт чулуу, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа хийх, үл хөдлөх хөрөнгө зуучлал, борлуулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр энэ оны эхний хагас жилийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага 103, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 267 иргэн, найман хуулийн этгээд зөвшөөрөл авчээ.