Үнэт зүйлээ хайя, олъё

Ирэх зун “том” сонгууль болно. Хосгүй үнэт саналаа хаанахын, хэнд өгөх тухайгаа бодоход итгэх, дэмжих, хамтраад эх орон, нийгмийнхээ сайн сайхны төлөө явах улс төрийн хүчин, хүн санаанд нэг л буухгүй байх чинь. Сонгогч мухардав. Өдгөө ийм хүн маш олон. Иргэд хараа сайтай, мэлмий нь улстөрчдийг бодвол харьцангүй тунгалаг тул үнэн, худал, хар, цагааныг ялгах нь илүү болохоор дөрвөн жилд нэг удаа өгдөг үнэтэй саналаа хэнд “бэлэглэх” тухайгаа нухацтай бодож байна. Гэтэл бодоод, бодоод бодын шийр дөрөв.

Монголчууд нийтээрээ оюун санааны ядаргаанд орсон бөгөөд шалтгаан нь харалган төр, түүнийг бүрэлдүүлэгч хүчнүүд, даган баясагчид, өөрөөр хэлбэл эрх мэдлийг атгагч, хувиа бодогч увайгүй луйварчид юм. Тэд иргэдийн, улмаар ард түмний оюун ухаан, итгэл үнэмшил, ёс суртахуун, хүсэл мөрөөдөл, бардамнал, эх оронч үзэл гээд монголчуудынхаа үнэт зүйлийг бүгдийг хулгайлав. Морь унасан толгойгүй хүн гэдэгтэй адил жолоо, цулбуургүй төр хэзээ, ямар шийдвэр гаргаж, авч давхидаг морь шиг түйвээн, хэнийг хэрхэн хохироох гэж байгааг сэтгэл түгшин хүлээж суух болсон. 

Өнөөдөр төрийн эрх барьж буй хүчин, этгээдүүдийг огтоос хэлсэнгүй. Ерөөс сүүлийн, шилжсээр ирсэн нийгмийн тухай бүрийн өөрчлөлтийн үр дүнд бид хаашаа, юунд зорьж яваагаа, хэрхэн амьдрахаа мэдэхээ байчихаад байна. Ойр зуурын хов жив, өнгө мөнгөний эргэн тойронд цэц булаалдаж, биесээ шоолсон шигээ өдөр хоногийг аргацаах болсон. Монголчууд бидний очих газар хаана байна, оочих аяга ямар байх юм бэ.

Бахархалт түүхтэй, хосгүй ахуй, хэл, соёл, оршихуйтай ард түмэн хөгжлийн зөв замд орсон юм бол хүрэх газрын баримжаа баймаар, харагдмаар сан. Азийн бар болъё гээд чадсангүй, батгана төдий хэвээр. Ардчилсан нийгэмд хөл тавьснаас хойших 30 жилийн амьдралын өнгө ийм. Энэ нийгэмд шилжих үйл явцыг эхлүүлсэн, уриалсан, зохион байгуулсан, тухайн цаг үедээ ард түмнийг удирдан жолоодож явсан нөхөд харин өдгөө харь гараг хөлсөлж амьдарсан ч бэл бэнчингээр ядах юмгүй болтлоо цулайгаад байгааг харж байна. 

Тэднийг баян гэхгүй. Мөнгөтэй хулгайчид л гэнэ. Хэрвээ тэд улс орон, ард түмнээ нийтээр нь хөгжүүлэх, хөлжүүлэх бодлого баримталж, нийгмээ хөдөлгөж чадсан сан бол Монгол Улс бар байтугай нь болох хугацаа ард хоцров. Чухам үүнийг олон нийт ойлгож байгаа болохоор цаашид яаж амьдрахаа дор бүрнээ бодож байгаа нь лавтай.

Улс орон хаашаа явах юм, бид юу хийх ёстой вэ. Ард түмэн өөрсдөө, хувь хүн бүр өөрийн болоод үндэстнийхээ үнэт зүйлийн эрэлд битүүхэндээ гараад байна. Үүх түүх, өвөг дээдэс, тэднийхээ үлдээсэн оюуны их өв, үг, сургаалыг эргэн санахыг оролдож, хүүхэд багачууддаа хэлж өгөхийг хичээх болов. Туулж ирсэн замнал, хөгжлийн үе шатуудын тухай эргэн харж байна. Чингис хааны үеийн Их Монгол Улс, түүнээс хойших их хаадын үеийн монголчуудын амьдрал, Манжийн, хоёр зуун илүүтэй хугацааны ноёрхол, дөрвөн зуун мянгуул үлдээд, хоёр хөршийнхөө алиных нь ивээлд багтахаа шийдэж ядаж байсан он жилүүд гээд түүхийн нугачаа олон. 

XX зууны эхэн үед шинэхэн бий болсон Зөвлөлт хэмээх засгийн бодлогыг сайшаан, зарим талаар нүдэн балай, чихэн дүлий гээд хэлчихэд буруудахгүйгээр дагаж, “дагаар” орсон үе, социализм байгуулж, улмаар коммунизмд тэмүүлэн эрч хүчтэй урагшилж, итгэл үнэмшилдээ хөтлөгдөн хөгжилд садаа болсон “дайсан”-уудыг буюу ноёд язгууртнууд, лам хуврагууд, эх Монголоо зорьж ирсэн буриад зоны эрчүүдийг бараг толгой дараалан устгаж замаа цэвэрлэж аваад, коммунизмын наран өөд довтолгож явахдаа ч өнөөдрийнх шиг оюун санааны болоод үнэт зүйлийн мухардалд орж байгаагүй болов уу.

Социализмаас татгалзаж, ардчиллыг тосолцож авсан бидний үеийнхэн бор давснаас өөр бараагүй хоосон лангуутай байхад ч “Амьдрал сайхан болно, яагаад гэвэл бид нийтээрээ зөвшилцөөд ардчилсан нийгмийг сонгосон, хэн хөдөлмөрлөнө, тэр хэрээр хөрөнгө мөнгөөр дутахгүй, хүссэн газар орондоо чөлөөтэй зорчиж, арлын Япон, алсын Америкийн иргэд шиг чинээлэг амьдарна” гэсэн итгэл үнэмшлээр хаанаас хаа хүртэл “гахай” үүрэн, инээд алдаж явсан юм. Хятад бараа тултал чихсэн “гахай” тэр үед хүнд байсангүй. Яагаад гэхээр хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэйгүй сонгосон замдаа сэтгэл хангалуун, очих газартаа түргэхэн хүрэхийн жаргалыг эдэлж явсан болохоор тэр.

Гадаадад зорчих эрх нээлттэй болсон цагаас эхлэн монголчууд дэлхийн улс гүрнүүдийг хэрэн хэсэж, сайн, мууг нь ханатлаа харсны эцэст олонх нь эх орондоо сэтгэл тэнүүн амьдрахыг илүүд үзсэн. Дор бүрнээ боломжоороо чармайж ирэв. Иргэн бүр өрх гэрийнхээ амьжиргаа, өөдрөг амьдралын төлөө зүтгэхтэй зэрэгцэн үе үеийн төр, засгийн эрх баригчид төрийн хуулийг ч амин хувийн эрх ашигт нийцүүлэн өөрчилж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ирсний харгайгаар улс орон бахь байдгаараа, ард иргэд нь үнсэнд хаясан шалз шиг хэрхэхээ мэдэхгүй тийчилж байна. 

Ажлын байр, цалин хөлс хайсан иргэд БНСУ-ын виз авах гэж өдөрт 700-800-гаараа өргөдөл, хүсэлтээ өгч байна. Наанадаж ашиг, хонжооны илүүг харж, хоорондоо хөлөө жийлцсэн улстөрчид гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, үндэсний үйлдвэрлэгчдээ элдвээр хавчин, үйлдвэрлэх бус, алгаа тосох сэтгэлгэхүйг нийгэмд тулгаагүй бол ийм байдал үүсэх байсан уу. Цаагуур, уг сууриар нь авч үзвэл улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулан хуульчлаад, түүнийгээ сонгуульд аль нам ялахаас үл хамааран эх оронч үзлээр, сэтгэлээр, жудгаар дагаж мөрддөг, төлөвлөснөө хугацаанд нь амжуулдаг бол гуравхан сая иргэнээ диваажинд мэт амьдруулах боломж, цаг хугацаа хангалттай байлаа. 

Гагцхүү улстөрчид төрийн жолоо атгасан л бол улс орны хөгжлийн бус, өөрсдийн ашиг хонжооны замаар унасан хүлгээ хурдлуулсаар, ташуурдсаар, хөл, толгой, гэдэс, гүзээгээ ялгахаа байтал хөрөнгөжив. Тэгээд болоогүй тэртээ хойно бэл бэнчин тааруу үлдсэн ард иргэдээ тохуурхан доромжлох болсон. Тэдний өмнө, гэрийнх нь хоймрын цэнхэр дэлгэцээр өөрийгөө өмөөрөн шүлсээ үсчүүлж суух нь жигшүүртэй.

Энэ бүхнийг нуршдаг нь монголчуудын, Монгол Улсын хамгийн нандин үнэт зүйлийн нэг болж байсан ардчилал, шударга ёс гээч нь өнөөдөр амьгүй, үйлчлэлгүй, өөрөөр хэлбэл үнэ цэнэгүй болов. Түүх, уламжлал, ёс заншил, нүүдэлчин ахуй, соёл, социализм, коммунизм байгуулах хүсэл, шашин ч тэр манай, үндэстний үнэт зүйл байв.

1990-ээд оноос хөлөг онгоцны чиглэлийг дэлхий нийтийн жишгээр ардчилал хэмээх үнэт зүйлийг чиг баримжаа болгон огцом эргүүлсэн ч, хөлгийн ахмадууд жолоо атгах бүртээ ийш тийш савчуулсаар хад мөргүүлэв. Өдгөө ардчилал үнэт зүйл бус болж байгаа юм бол өөр юу монголчууд бидний үнэт зүйл байх юм бэ. Үндэстэн, ард түмэн үнэт зүйлгүй байх гэж үгүй бөгөөд тэрхүү, хөгжлийн суурь, зүг чиг болсон үнэт зүйл үндэстэн, ард түмэнд өөрсдөд нь байдаг, төрмөл, заяамал, байгалийн, биологийн, улмаар шинжлэх ухааны ч “хууль” ажгуу.

Улс, үндэстнээ гэсэн сэтгэлтэй, хөгжүүлэх хүсэлтэй нь ард түмнээ хүндэлж, эрдэмтэн мэргэдээ сонсож, монгол хэмээх заяанд төрсөн давуу талаа товойлгон хөгжлийн төлөө үнэт зүйлээ хайгаач, олооч, нэрлээч, сэргээгээч. Монголчуудын үнэт зүйл таны ч, бидний ч дотор, өөрсдөд минь байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)