Үнэний дэг сургуулийг төлөвшүүлсэн эрхэм

ЦЭНДИЙН НАМСРАЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД

ХХ зууны Монголын тогтмол хэвлэлийн хөгжил, төлөвшилд тухайн үеийн нам, засгийн төв хэвлэлийн статустай “Үнэн” сонин онцгой үүрэг гүйцэтгэж байсан нь өөрийн гэсэн дэг сургууль (школа)-тай байсных биз ээ. Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгээс эхлээд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийг хүртэлх үе үеийн сор сэхээтнүүд эрхлэгчээр нь ажиллаж байсан “Үнэн” сонины дэг сургуулийг төлөвшүүлэхэд Ц.Намсрай эрхлэгчийн хичээл зүтгэл нэн их байсан юм.

Нам, төр, засгийн байгууллагуудад хагас зуун жил хүчин зүтгэсний бараг тэн хагаст нь “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ажилласан, эдийн засгийн ухааны эрдэмтэн, Төрийн шагналт Ц.Намсрай гуайн ажиллаж байсан он жилүүдэд “Үнэн” сонины нэр хүнд оргилдоо хүрч, захиалагчдын тоо зуун мянга хол давж, хамт олных нь хөдөлмөр, бүтээлийг төр, засаг өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор хоёронтоо мялаасан байдаг.

Тэр үед төрийн яам, сургууль соёлын газар хаана ч аливаа мэдээллийн үнэн зөв эсэх, ямарваа үг, өгүүлбэрийн алдаа мадагтай, үгүйг “Үнэн” сонинд хэрхэн бичсэнээр эцэслэн нэг тийш болгодог жишиг тогтоод байсан билээ. Тийм сонинд мэдээ сэлт нийтлүүлнэ гэдэг нь тэр үеийн идэвхтэн бичигч, нийтлэлчдийн төдийгүй сайд, дарга нарт ч нэр төрийн хэрэг байв. Миний хувьд хамгийн дэвэргэн зүүдэнд ч ормооргүй өндөрлөг байсан даа. Гэсэн ч нам, засгийн төв хэвлэлийн өндөр босгыг давж, “Үнэн” сонины гайхамшигтай хамт олны дунд ажиллах ховорхон хувь заяа тохиосон нь амьдралын минь аз хийморьтой он жилүүд байлаа.

Тэр дундаа Ц.Намсрай хэмээх эрхэм хүний удирдлагад ажиллаж, халамж, дэмжлэгийг нь хүртэж байсан минь аз завшаан билээ. Өглөө, өдрийн яриа, коллегийн хурал гэхчлэн ерөнхий эрхлэгчийн өрөөнд өдөр бүр наанадаж 2-3 удаа ордог байсан ч ганцаарчлан нүүр тулж ярилцсан нь цөөн юм. Гэхдээ л халамж, анхаарал, дэмжлэгийг нь бишгүйдээ л хүртэж байж дээ. Энэ эрхмийн гүндүүгүй, эр хүний нөмөр нөөлгийг хамт олон нь байтугай гадаадын хүмүүс ч мэддэг, үнэлдэг байлаа.

Тэр үед “Правда” сонины тусгай сурвалжлагч асан Юрий Шпаков нэгэнтээ надад аминчлан “Намсрай гуай өөрийг чинь их дэмжиж байгаа шүү. Орос хэлээр мэдээ, өгүүлэл бичүүлж байгаарай, овоо бичээд байгаа юм гэсэн. Тэгээд л хоёр гурван тэмдэглэл “Правда”-д гаргалаа шүү, хоёулаа” гэж билээ. Түүний дараа ирсэн Виктор Сапов найз минь эрхлэгчийг маань бүр бурханчлан магтаж, “Та нар ч азтай хүмүүс шүү. Намсрай гуайн нөмөр түшигт чухам “Как у Христа за пазухой” гэдэг шиг байдаг биз дээ” гэж билээ. Үнэхээр л тийм байсан даа. Ерөнхий маань томчуулын хэл ам, зарга заалхайг ч бидэнд хүргэхгүй нэг тийш болгодог гэж хууччуул ярьдаг сан.

Би ажиллаад удаагүй байхдаа түлш, эрчим хүчний салбарын 60 жилийн ойд зориулсан нүүр бие дааж гаргах үедээ утга зохиолын нарийн бичгийн дарга Н.Жамбалсүрэн агсантай зөрөлдөж бяцхан маргаан дэгдээсэн юм даг. Яам гэдэг үгийг өгүүлбэрийн эцэст байсан ч заавал том үсгээр бичих, салбарын нэр хооронд таслал, зураасны алиныг хэрэглэх гэдэг дээр санаагаа хэлсэн чинь угаас дуу цөөнтэй, намуун зөөлөн Жа багштан яагаад ч юм дүрсхийн уцаарлахад нь амаа хамхихын оронд “Тэгж яривал Яамны сайд гэж бичдэг ч буруу, тэр чинь 30-40 хүнтэй, нэг байшингийн нэг хоёр давхарт багтдаг яам гэгч байгууллагын биш, улс ардын аж ахуйн бүхэл бүтэн салбарын сайд биз дээ.

Оросоор ч Министры энергитики, финансов, обороны гэхээс биш, министр министерства энергитики, финансов, обороны гэдэггүй биз дээ” гэж гал дээр тос нэмсэндээ одоо ч гэмшиж явдаг юм. Энэ явдал ерөнхий эрхлэгчийн сонорт хүрч, халуухан юм болох нь тодорхой байсан. Би ч хулгаж халгасаар орсон чинь загнаж, зэмлэж сүйд болсонгүй, харин болсон явдлыг нэгд нэгэнгүй сонсоод, “Манай хэл бичгийн ганц эрдэмтэн, хэр барагтайд бухимдаад байдаггүй хүнийг хэл ам хийхэд хүргэсэн чинь тун тусгүй, дахин иймэрхүү үйлдэл гаргавал хатуу ярина шүү.

Ер нь ямаан омог сайн юманд хүргэдэггүйг санаж яв” гэснээ тэр яамдын нэрийн тухайд “рациональное зерно” байгаа учир асуудлыг энэ удаад коллегид хүргэсэнгүй. Яамны сайд гэдгийн хувьд мэдэж байгаа л даа, гэхдээ түүхэн уламжлалыг дагаад буй хэрэг. Автономитын үеийн болон Ардын засгийн анхны таван яамны нэр чинь бүгд ерөнхийлөн захирах гэх мэтийн тодотголтой байсан нь аажимдаа орхигдсоор яамны сайд гэдэг нь үлдчихсэн хэрэг. Үүнийг залруулна гэдэг нь редакцын хэмжээнд бус, АИХ-ын чуулган хүрч байж шийдэгдэх учраас энэ сэдвийг хаахаас аргагүй, дахин иймэрхүү яриа гаргах хэрэггүй гэснээр миний хэрэг шийдэгдэж, сая нэг уужирч билээ.

Ерөнхий эрхлэгч Жа гуайтай яаж ярьсныг мэдэхгүй, ямартаа ч тэр эрхэм хүн намайг хавчиж хяхаагүй, ердийн ажил хэргийн харилцаатай байсаар тэтгэвэрт гарсан нь ахмад үеийнхний минь сэтгэлийн тэнхээ, нүнжгийн илрэл хэмээн өнөө хэр залбирч явдаг даа. Бас нэг учрал гэвэл хэлтсийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох болсныг ерөнхий эрхлэгч надад мэдэгдэхэд нь би чин үнэнээсээ татгалзаж, одоо үүрэг гүйцэтгэж буй Жамц бид багш, шавийн барилдлагатай, найз нөхдийн харилцаатай, бас хүнтэй ажиллах чадвар муу зэргээ учирласан чинь царай нь хувьсхийж, “Хөлсний хятад шиг хоёрын хооронд юм ярих тусгүй байдаг юм. Намын гишүүн хүн намын бодлого, шийдвэрийг дагах үүрэгтэй. Коллеги дээр ийм юм яривал хүлээж авахгүй. Явж ажлаа хий” гэсэн сэн.

Дараахан нь анх удаа сонины тэргүүн өгүүлэл бичиж, ойр дотнын гэсэн Г.Бямбажал, Ц.Рэнцэн, Н.Рагчаа гуай нарт үзүүлж, засуулж янзалж, амьхандаа өө сэвгүй болгосон гээд додигор байв. Тэгтэл ерөнхий эрхлэгч улаан балаар хэд хэдэн засвар хийж, “ёстой, заавал, зохино, шаардлагатай” гэсэн үгүүдийн доогуур зурсан байлаа. Тэргүүн өгүүллийг засаж янзлаад өгсөн чинь “За болсон байна, передовица, конечно, носит характер директивы партий и правительства однако не таком уж назидательном тоне как здесь” гэв. Энэ бүхэн нэг тийм дулаан, зөөлөн өнгө аястай, урам өгч зоригжуулсан яриа байж билээ.

Мэдээж юу гэж л надад онцгойлон хандав гэж, бүх хүнтэй ийн харьцдаг байсан даа. Чухамхүү дээд хүн суудлаа олсон, доод хүмүүс нь гүйдлээ олчихсон хамт олон бол “Үнэн” сониныхон байсан даа. Ер нь Ерөнхий маань ажилтнууддаа бүрэн итгэдэг, нөгөөдүүл нь ч түүнийг нь даасан шиг даадаг байсныг редакцад орохоосоо бүр өмнө мэдэрч билээ. Коллегийн гишүүн Д.Шагдарсүрэн гуай тэтгэвэрт гарахаасаа өмнө оронд нь ажиллах хүнийг судалж, сонгохдоо янз янзаар сорьж шинжсэн гэдэг.

Судлагдсан хүмүүсийн нэг намайг л гэхэд бүр архинд аль хэрийг хүртэл сорьсон юм даг. Манай ажлын газрын намын байгууллагын дарга, товчооны гишүүдтэй, нэг өрөөнд суудаг нөхөдтэй хүртэл уулзаж, сонинд бичсэн зүйлүүд, ялангуяа “Новости Монголий” сонинд орос хэлээр бичсэн өгүүллийн маань эхийг редакц хэрхэн зассаныг хүртэл үзэж, ерөнхий эрхлэгчид танилцуулсан юм билээ. Тэгээд ч тэр юм уу, Ерөнхий ганцаар уулзах үедээ оросоор ярина, би ч дагаад ярьчихдаг байж. Нэг удаа Шагдарсүрэн гуай утасдаж, “Найман цагт манай өрөөнд хүрээд ир” гэв.

Би ч өглөө цагтаа очсон чинь ажил цуглаагүй байлаа. Хүлээж байгаад уулзсан чинь “Орой ч бас найман цаг байдгийм” гээд авч хэлэлцсэнгүй, яваад орчихов. Би ч айсандаа тэр өдрийнхөө орой очсон чинь “Зүгээр л ингээд хүрээд ирсэн хэрэг үү” гэхчлэн асууж ярихын зуурт ямартай ч “нэг юм”-нд явах хэрэгтэйг ойлгуулав. Би Хүнсний 1-ийн байшинд байдаг танил айлаасаа “нэг шил юм” зээлж аваад ирлээ. Нөгөө хүн чинь сархдыг чичирч салганаж байж өөрөө тогтоогоод, надад хийж өгөхөд нь ёсыг бодож уруул хүргээд буцаалаа.

“Яагаав? Нэг тогтоочих” гээд байхаар нь нэлээд дундлаад буцаахад “Хөөе чи чинь чих зөөлөнтэй, бас чиг залгичихдаг нөхөр шив. Ингээд сүүлчийн сорилгод унах чинь энэ дээ, залуу минь! Хоногт хоёр удаа тохиодог цагийн өглөө, оройн алин болохыг лавлахгүй гүйдэг хүн сайн сэтгүүлч болох өдий шүү” гээд “Ах нь архины талаар муу нэртэй хүн. Өөрийнхөө оронд өөр нэг архичин суулгачихгүй юм сан гэсэндээ чамайг шалгаж сорьсон юм. Одоохондоо архинд толгойгоо мэдүүлчихээгүй чинь сайн байна.

Гэхдээ ах нарын үгэнд орж архинд гүйсээр байвал миний замаар орно гэж мэдээрэй! Өнөөдрөөс хойш энэ өрөөнд, ерөөс ажил дээрээ архи амсахгүй гэж тангарагла” гэсээр нэг тийм ам тангараг маягийн юм хэлүүлж билээ. Тэгснээ энд архи ууж, “Өнөө Шаагаа чинь өрөөсөн дугуйгаа орхиод явжээ гэж чих халууцуулж, нүүр улайлгуузай. Үүнийг л захиж байна шүү, ам тангаргаа мартаж, архины хэрэгт орооцолдсон дуулддаг л юм бол ах нь Төв хороо хүртэл яваад ч болов чамайг эндээс зайлуулж дөнгөх хүн шүү! Чи намын гишүүн хүн нам, засгийн өмнө тэртэй тэргүй хариуцлагаа хүлээнэ. Харин би Намсрай эрхлэгчийн өмнө толгойгоороо хариуцна.

Өвгөн ахынхаа итгэлийг дааж, сайн ажиллаарай” гэж билээ. Эндээс тэр үеийн албан хаагчийн намч, зарчимч, шударга, үнэнчийн үнэр өөрийн эрхгүй ханхлаад байгаа юм. Ц.Намсрай эрхлэгч ийм л хүмүүсээр багаа бүрдүүлж, тэдэндээ бүрэн итгэдэг, тэд ч сэтгэлийг нь даасан шиг даадаг учраас аашилж загнахгүй, алсын зайнаас удирддаг байж дээ. Ийнхүү “Үнэн” сониныхон өөрийн гэсэн дэг сургууль(школа)-тай байсан хэрэг. Намсрай гуай гэр бүлдээ ч мөн нэг тиймэрхүү уур амьсгалтай байсан байх аа. Ямартай ч охид, хөвгүүд, хань нь манай сониныхонд элэгсэг дотно, өөриймсөг ханддаг нь илт байдаг.

Н.Сувд, Н.Ганчимэг, Н.Ганхуяг нартай тааралдахад мэнд устай, нөхөрсөг сайхан ханддагт нь баярладаг юм. Н.Шүрийн хувьд бүр ч өөр, хэсэг зуур нэг хэлтэст ажиллаж байлаа. Аавынхаа нэрээр түрээ барих гэгч бүр байхгүй, бусдын л адил байдаг. Бүр бидний заримаас нь ч илүү ажил дээрээ шөнө дүл болтол суудаг байсан даа. Тэглээ гээд “Аав аа, ээж ээ, энэ тэглээ, тэр ингэлээ” гэх юм ерөөсөө байдаггүй сэн. Бас Л.Цогзолмаа гуайг хааяа зурагтаар гарахад нь эрүүл саруул, аз жаргалтай, урт насалж яваа нь сайн ханийнх нь буян гэж боддог юм.

Түмэн олон хүрээлж, төр засаг соёрхсон Ц.Намсрай эрхлэгчийнхээ гэр бүл, үр хүүхэд, ач зээ, ачинцар, зээнцрүүдэд нь зуун насных нь сүүдэр тохиож буйд баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.


Бэлтгэсэн: Н.ШАРАВ

“Үнэн” сонины хэлтсийн эрхлэгч асан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)