Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо.

Хоёрдугаар сарын 22-29-ний хооронд үндэсний өв соёл, түүх, уламжлал, эх хэл, бичиг, эх оронч үзэл, монгол хүний үнэт зүйл зэргийг сурталчлан таниулсан үндэсний шилдэг бүтээл болон долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз, радио шалгаруулахаар зарласан. Ингээд:

  • Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй телевизээр UBS телевиз
  • Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радиогоор Дэлхийн Монголчууд MGL радио 88.3
  • Радиогийн үндэсний шилдэг бүтээлээр “Жи энтертайнмент”-ийн Монгол төрийн мэргэн өвөө нэвтрүүлэг
  • Хүүхдэд зориулсан телевизийн үндэсний шилдэг бүтээл “Монгол Контент” ХХК-ийн Маамуу хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино
  • Хүүхдэд зориулсан радиогийн үндэсний шилдэг бүтээлээр “Хэмнэл радио 99.7”-ийн Найзууд нэвтрүүлэг тус тус шалгарлаа.

    Шүүгчдийн багийн ахлагчаар ажилласанМУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал “Телевизийн уран бүтээлд үндэсний агуулга, ёс уламжлалыг илүүтэй багтаая гэсэн төрийн бодлого их зөв зүйтэй. Анх удаа телевиз, радиогийн бүтээлд өв соёл, түүх уламжлалаа дээдлэн, залуу үед зориулан утга агуулгатай бүтээх оролдлого гэж ойлгож байна. Сар шинийн баярыг зохион байгуулж телевизийн сувгийг нээсэн хүн бүрд Монголоо гэсэн Монгол соёл, өв уламжлалыг хүргэж чадсан байна. Дэвшүүлсэн зорилт агуулгаа бодож агуулга, утга учрыг сайн харлаа” гэсэн юм.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аливаа улс орны тусгаар тогтнол үндэсний өв, соёл дээр тогтдог. Төрт ёсны түүх 2200 гаруй жилээр хэмжигддэг агуу улс, дэлхийг эзэлж явсан түүхтэй ард түмэн. Би Ерөнхий сайдын хувьд ч эцэг хүний хувьд ч нэг зүйлийг бодож явдаг. Бид үүх түүхээ, үндэсний өв соёл, бичиг үсэг, зан заншлаа үр хүүхдүүддээ өвлүүлэх нь эрхэм үүрэг.
  • Бидний үр хүүхэд Монголоороо сэтгэж, ярьж, эх орноо гэсэн бодолтой, халуун элгэн нутгаа хайрлаж, хадгалж чаддаг байгаасай гэж хүсдэг учраас энэ арга хэмжээг санаачилсан. Үндэсний олон сайхан уран бүтээлийг үзэж, үүх түүх, соёл урлагаараа амьсгалсан долоо хоног байлаа. Хугацаа бага зэрэг бага байсан юм байна гэж бодож байна. Арай илүү урт хугацаа байсан бол илүү сайхан бүтээлүүдийг хийх боломж байна.

    Удахгүй үндэсний баяр наадам болно. Энэ үеэр мөн долоо хоногийн хугацаанд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн бүтээлийн долоо хоног, уралдааныг дахин зарлана. Жил бүр энэ арга хэмжээг зохион байгуулж, уламжлал болгох юмсан гэж бодож байна. Үе үеийн Ерөнхий сайд нар сар шинэ, үндэсний баяр наадмаар үндэсний өв соёлыг сурталчилсан долоо хоногийг зохион байгуулдаг уламжлалыг энэ жилээс тогтоож байна гэж бодож байна. Бид 30 жил уул уурхай ярьсан. Одоо ард иргэдээ соён гэгээрүүлэх цаг болсон” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)