Үндэсний цэнгэлдэхийн зураг төслөөс Монгол “үнэртсэнгүй”

Үндэсний цэнгэлдэх

Бушуу туулай борвиндоо баастай. Энэ үгийн утгыг эсрэгээр нь ойлгосон, магадгүй зориуд тэгсэн ч байж мэдэх нэгэн ажил нийслэлд ундарч байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болох нь гээд иргэд ам сайтай байгаа ч энэ ажил мордохын хазгай болж мэдэх нь. Түрүүлсэн хүнд 20, шагналт байр эзэлсэнд нь 10 сая төгрөг амлан, тун чиг сүржин эхлүүлсэн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийн уралдааныг аравхан хоногийн хугацаатай зарласан нь ихэд шүүмжлүүлэв. Хэчнээн ур чадвартай, мэдлэгтэй хүн ч ийм ахар хугацаанд зураг төсөлдөө санаагаа бүрэн тусган, илэрхийлж, хамгийн гол нь түүнийгээ гүйцэтгэж амжих уу. Зүгээр нэг оффисын барилга бол яах вэ гэх сэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамжийн дагуу баталсан төсөл, үндэсний хэмжээний том бүтээн байгуулалтад ингэж хуумгай хандсанд олон хүн гайхаж байна. Долоо байтугай нэг хэмжиж ч бараг амжихгүй хугацаа шүү дээ.

“Анхнаасаа аль төсөл шалгарах нь тодорхой байсан юм биш үү. Тэгээд л ийм богино хугацаанд зарлаж, шалгаруулсан нэр зүүж байгаа биз. Шударга шалгуур болж чадаагүй” гэж хардах хүн олон таарсан. Үндэсний хэв маяг агуулсан, байгальд ээлтэй, спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой зэргийг гол үзүүлэлт, шалгуураа болгосон хэмээн зарласан уралдаанд есөн баг бүтээлээ ирүүлжээ. Тэдгээрийг Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсанд байрлуулж, иргэдээс санал авсан юм. Уржигдар дууссан санал асуулгыг зургадугаар багийн бүтээл тэргүүлж, тэднийг 7791 хүн дэмжжээ. Харамсалтай нь, эл бүтээл төдийгүй бусдаас нь ч үндэсний хэв маяг “үнэртсэнгүй”. Зүгээр л энд, тэндхийн томоохон цэнгэлдэхийн зургийг хуулбарласан, илт санаа авсан нь анзаарагдав. Энэ нь шалгаруулал тын хугацаа давчуу байсантай холбоотой. Нөгөө талаар монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ нөлөөлсөн ч байж мэднэ. Шалгаруулалтын эцсийн дүн удахгүй гарна. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэгчээр хэн нэгнийх нь төсөл шалгарч таарна. Гэхдээ түүгээр нь үндэсний гэх тодотголтой цэнгэлдэх хүрээлэн барьж, нэг нь хийсэн, нөгөө нь гүйцэтгэсэн нэр зүүх нь хаана хаанаа учир дутагдалтай.

Төв цэнгэлдэх хүрээлэн өнгө үзэмжээ жилээс жилд алдан, орчин нөхцөл нь муудан, гологдох болсон. Хэмжээгээрээ л болохоос сумын төвийн цэнгэлдэхээс нэг их ялгардаггүй. Гэтэл одоо нэг “хуулбар”-тай болох гээд байх шиг. Аливаа бүтээн байгуулалтын зураг төслийг яг төдий хугацаанд зарлана, дүгнэнэ гэх тодорхой журам байдаггүй юм байна шүү дээ. Аравхан хоногийн хугацаатай зарласан нь ажилдаа хуумгай ханддаг, төслийн мөнгөнөөс хувьдаа завшдаг, хамаатан, танил талдаа олгодог хүмүүсийг улам өөгшүүлэх бус уу. Асуудалд ийм хариуцлагагүй, сэтгэлгүй хандаж буй нь гайхмаар. Улс, нийслэлийн төсвөөс ихээхэн хөрөнгө гаргаж барих шинэ цэнгэлдэхээ үндэсний онцлог, монгол архитекторын ур ухааныг шингээсэн, гадаад, дотоодын хүмүүсийн нүдийг хужирлаж, сэтгэлийг татах урлагийн бүтээн байгуулалт болгоё.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)