“Үндэсний хувьчлалын сан”-гийн нэгж эрхийг авахаар 5.5 тэрбумын захиалга ирүүлэв

“Үндэсний хувьчлалын сан”-гийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнгөрсөн баасан гарагт авч дууслаа. Монголын хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлсэн анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын тус сан нь гаргасан нэгж эрхийнхээ 95 хувийг (47.5 сая ширхэг) стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгосон юм. Уг сангийн санал болгосон нэгж эрхийн анхдагч зах зээлийн нийт захиалгыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх мөнгөний үлдэгдэлтэй тулгахад 2245 хувь хүн, аж ахуйн нэгжийн нийт 5 537 565 300 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, татан төвлөрүүлэх дүнгээс 16.5 хувиар давсан захиалга ирүүлсэн гэсэн үг.

Олон нийтээс ирүүлсэн 2234 хөрөнгө оруулагчийн 3 162 565 300 төгрөгийн үнийн дүн бүхий захиалгын 500 000 төгрөг хүртэлх дүнтэйг нь 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 69.1 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр болжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос “Үндэсний хувьчлалын сан”-гийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийнхийг эхлүүлэхээр шийдвэрлэх учиртай. Тэр үед хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгөө буцаан авах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)