Үндэсний түвшинд “Загвар хоршоо”-г хөгжүүлэх боломжтой

Хоршооны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо өөрийн гишүүн салбарын холбоодтой хамтран хоёр жилд нэг удаа Үндэсний хоршоологчдын чуулганыг зохион байгуулж ирсэн билээ.

2007 оноос хойш хоршооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоршооллын салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг гаргах, төр, хоршооллын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх сэдвүүдийн хүрээнд нийт 5 удаагийн чуулганыг зохион байгуулсан байна.

Энэ удаагийн чуулганыг Монголын хоршоодын холбоод болон Канад улсын “Инвест ко-оп Монгол”, АНУ-ын “Мэрси Кор Монгол”, “Глобал коммунитис” Олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Анх Олон улсын хоршооллын байгууллага 1895 онд Лондон хотноо байгуулагдсанаас хойш хоршоолох хөдөлгөөн 95 орны 292 гишүүн байгууллагын 1 тэрбум хүнийг эгнээндээ нэгтгэж жилд 2.5 их наяд ам.долларын борлуулалт хийж улс дамнасан компаниудас 20 хувиар илүү буюу 250 сая хүнийг ажлын байраар хангаж байна.

Даян дэлхийн тогтвортой хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүрэг их болохыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд байна. Монгол Улсын хувьд 1921 онд Сангийн яамны дэргэд хоршоо наймааны хэлтсийг бий болгож, “Хоршооны дүрэм”-ийг боловсруулан баталж, “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэй 116 гишүүнтэй хоршоог байгуулж 1940 он гэхэд бүх аймаг, сумдад эд хэрэглэгчдийн хоршооны зарчмаар ажилладаг хоршоод бий болж өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1958 оноос хоршоодын өмчийг улсын болгон нийгэмчилж, коммун хэлбэрийн төрийн оролцоотой аж ахуйн хэлбэрээр хөгжиж ирсэн. 1990-ээд оноос хоршоод зах зээлийн чиг баримжаатай хөгжиж өнөөдөр улсын хэмжээнд 4377 хоршоод, 149 мянга гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Хоршоо нь ард иргэдийг баялагийг бүтээхэд оролцох тэгш боломжийг бүрдүүлдэг, шинэ ажлын байрыг бий болгодог, гишүүдийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг, асуудлыг шийдвэрлэхийн тулд олонхоороо шийдвэр гаргах бололцоог хангадаг, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг даван туулах, улмаар цаг уурын өөрчлөлтийг сааруулах, хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хоршоолол нь хамгийн сонгодог хэлбэр юм.

Манай орны нөхцөлд малчдын бэлтгэж буй түүхий эдийг эцсийн хэрэглэгчид хүргэх, тэдний орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийн хэрэгцээг стандартын дагуу бэлтгэж, тогтмол, найдвартай хангах боломжийг нэмэгдүүлэхийн тулд сумын түвшинд үйл ажиллагаа явуулж буй малчдын байгуулсан анхан шатны хоршоодын сүлжээг ашиглан эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлж, мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүхий эдийг бэлтгэх, хоршоодын дундын бүтцийг бий болгох замаар Үндэсний түвшинд “Загвар хоршоо”-г хөгжүүлэх боломжтой юм.

Иймд хоршоологчдын дунд хэлэлцүүлэг хийж тэдний санаа бодлыг сонсох, хамтын шийдэлд хүрэхийн тулд чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үндэсний хоршоологчдын VI чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)