Үндэсний номын санг 16 давхар барилгын бөөрөнд хашина

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг, АНУ-ын ЭСЯ-ны урд хэсэгт нэгэн барилгын ажил ид өрнөж байна. Ажилчид нь “Барилгын ерөнхий “араг яс” боссон. Одоо юу байх вэ. Бороо орохгүй бол гялалзуулна” хэмээн ярив. Гадна талд нь байх самбарт “Ажил дуусах хугацаа 2020.06.20” гэж бичжээ. Төлөвлөсөн хугацаандаа яагаад амжаагүйг барилгачдаас тодруулахад “Ном журмын дагуу л үргэлжилж байна” гэхээс өөр тайлбар хэлсэнгүй. 2008 оноос яригдаж, гүйцэтгэгч компанийнхан 2014 онд газар шорооны ажлыг нь эхлүүлж, хоёр жилийн дотор дуусгахаа зарласан ч өнөө хүртэл “дуншсаар”, төлөвлөгөөт хугацаагаа хоёронтоо сунгасан энэхүү барилга бол Үндэсний номын сангийн өргөтгөлийн хэсэг юм.

Тус номын санг шинэ байртай болгох асуудал эрчимтэй яригдсан 2008 онд тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний номын сангийн өргөтгөл”-д зориулан 0.3 га газар олгож, шавыг нь тавьсан түүхтэй. Гэвч энэ нь ажил хэрэг бололгүй явсаар 2014 онтой золгосон. Улмаар шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Үндэсний номын ордны шинэ цогцолбор байгуулах” тухай асуудал тусгаснаар 2014 оноос газар шорооны ажил нь албан ёсоор эхэлсэн юм. Ингэхдээ энэ газарт хоёр дахиа шав тавьсан гэж байгаа. Барилгын зураг төслийг “Эгэл” компани хариуцсан бол гүйцэтгэгчээр “Акми холдинг” шалгарсан. Цогцолбор 11 давхар байх юм. 1-3 давхарт чөлөөт сонголттой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим уншлагын танхим, таваас дээш давхарт үндсэн фондууд байхаар зураг төсөлд тусгасан. Эл барилгыг ашиглалтад оруулснаар номын сангийн хүчин чадал 3-4 дахин нэмэгдэх тооцоог мэргэжилтнүүд танилцуулж байв. Гэвч энэ ажил сүр дуулиантай эхэлсэн шигээ эрчтэй үргэлжилж чадаагүйг одоогийнх нь дүр зураг бэлхнээ гэрчилнэ.

12 тэрбум төгрөгийн төсөвтэй номын сангийн шинэ барилгыг 2016 онд хүлээлгэж өгнө гэж зураг төсөл, ТЭЗҮ зэрэг холбогдох баримт бичигт тусгасан ч эдийн засгийн хүндрэл хэмээх нийтлэг бэрхшээлийн улмаас чөдөрлөгдөж, гүйцэтгэгч компанийнхан улсаас жилд төсөвлөсөн нэг, хоёр тэрбум төгрөгт “тааруулан” ажилласаар өнөөдрийг хүрсэн гэнэ. Тодруулбал, 2014 онд 2.2, 2015 онд нэг, 2017 онд 2.3 тэрбум төгрөг гэхчлэн хуваарилжээ. Харин одоо “Акми холдинг”-ийнхон ирэх есдүгээр сарын 1 гэхэд барилгыг ашиглалтад оруулах “өөдрөг” төлөвлөгөө танилцуулав. Тус компанийн ерөнхий инженер Д.Замбага “Намар хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн ч удаашрах нөхцөл үүссэн. Цар тахлын улмаас барилгын материал нийлүүлэлтэд саад учирч, ажил нэлээд хугацаанд цалгардлаа. Гэхдээ цаад талын хугацаа нь энэ оны сүүлч байна” гэв. Гэвч бодит байдалд үндэсний номын сангийнхан энэ онд багтан бууриа сэлгэж чадахааргүй зураглал харагдав. Барилгачдын хэлсэнчлэн, барилгын “араг” яс боссон ч бусад ажил нь далан задгай аж. Санхүүгийн хүндрэлийн улмаас 12 жил чөдөрлөгдсөн энэ ажил дориун жигдрэхийн даваан дээр цар тахал хэмээх бас нэг түйтгэртэй нүүр тулжээ.

Номын сан барьж буй тухайн газар баруун талаараа Сүхбаатар дүүргийн ЗДТГ, хойд хэсгээрээ АНУ-ын ЭСЯ-тай “хиллэдэг”, ойр хавьд нь орон сууцны хороолол бий учраас хөл хөдөлгөөн тасардаггүй. “Хотын төв дэх ашигтай, сайхан байрлалаа умгар газраар солилоо” хэмээн зарим хүн барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн шүүмжилсэн нь үнэнд ойр бөгөөд биеллээ олжээ. Тодруулбал, Үндэсний номын сангийн шинэ өргөөнөөс хэдхэн алхмын зайд, өмнө талд нь “Харү констракшн” компанийнхан 16 давхар орон сууц барихаар саяхнаас ажлаа эхлүүлжээ.

Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо “Үндэсний номын сангийн өргөтгөл барилгын урдхан талд, нар хааж, орон сууцны барилга барьж эхэллээ. Зөвшөөрөлгүй гэгдэж байсан энэ компани сонгуулийн үеэр эрхээ авчихаад туйлж байна. Шинэ, орчин үеийн номын сантай болох мөрөөдлийг дэвсэлчихлээ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Эл мэдээллийн мөрөөр тухайн газарт очиж, бодит нөхцөлтэй танилцахад “Харү констракшн”-ынхан барилгынхаа зоорийн давхрын суурийг цутгаж байв. 130 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай 900 ам метр талбай бүхий “Харү апартмент” төслийн ажил өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд ирэх оны хавар дуусгахаар төлөвлөжээ. Барилгын гадна талд, явган хүний зам хааж байгуулсан, тус компанийн борлуулалтын байранд очлоо. Мэдээллийн ажилтан бүсгүй “Энэ газрыг манайд номын сангийн барилга баригдахаас өмнө 2011 онд өмчлүүлсэн. Эзэнгүй юм шиг байсан учраас хүмүүс энэ хэсгийг нийтийн эзэмшлийнх гэж ойлгосон болов уу. Саяхан газрын албаны холбогдох мэргэжилтнүүд ирж, үйл ажиллагаатай танилцсан. Ямар ч хууль бус ажил явуулаагүй” хэмээв. Харин тус компанид удирдах албан тушаал хашдаг гэх залуу “Биднийг сонгууль, наадмын үеэр зөвшөөрөл аваад, ажлаа эхлүүлсэн мэтээр бичсэн нь өрөөсгөл. Үндэсний номын сангийн барилгын бүтээн байгуулалт улсын хэмжээний ажил учраас тэргүүнд тавигдаж болох юм. Тэглээ гээд хууль, журмын хүрээнд үргэлжилж буй ажлыг үгүйсгэж болохгүй. Цахим орчинд түгсэн мэдээллийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэргэжилтнүүд ирж, ажилтай танилцсан. Ерөнхий сайд ч холбогдох мэргэжилтнүүдийг илгээсэн. Зөрчил илрээгүй” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Газар зохион байгуулалтын албаныхнаас энэ талаар лавлахад “Хууль зөрчсөн зүйл байхгүй. Ойлголцлын зөрүү гарсан” гэв. “Харү констракшн” компани тухайн хэсэгт 300 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр өмнө нь гэрээ байгуулж, гэрчилгээгээ авсан ч нийслэлийн Засаг дарга 2018 оны захирамжаар эл шийдвэрийг хүчингүй болгосон байх юм. Засаг даргын шийдвэрээс улбаалан Газар зохион байгуулалтын алба тухайн зөрчлөө өнгөрсөн сард багтаан арилгах шаардлагыг тус компанид хүргүүлж байж. Өөрөөр хэлбэл, хотын мээр “Харү констракшн”-ыг тухайн хэсэгт газар эзэмшиж, барилга барих нь битгий хэл, мод хатгах ч эрхгүй болгосон гэсэн үг. Гэвч газрын албаныхан эл шийдвэрийн эсрэг ажиллаж, компанийнхан “Холбогдох байгууллагууд бүгд шалгасан. Ирж танилцаж болно” хэмээн даналзаж, өдгөө барилгын ажлаа үргэлжлүүлж байна. Төрийн албаныхны энэ эргэж, буцсан шийдвэр, уялдаа холбоогүй байдлын цаана авлига, арын хаалга хэмээх ужиг “шалтгаан” байж болзошгүй гэх сэрдлэгийг эрхгүй төрүүлж буй юм.

Одоогийн байдлаас үзэхэд, Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулах гэж зүдсээр байтал “Харү констракшн”-ынхан өрсөөд оршин суугчдаа хүлээж авах нь. Орчин үеийн, дэвшилт технологи бүхий шийдэлтэй тус номын сан 16 давхар барилгын “бөөрөнд” хашигдаж, худалдаа, үйлчилгээний төвүүдээр хүрээлүүлсэн “вакуум” орчинд үйл ажиллагаа явуулах нь гарцаагүй болов. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)